Монгол хүний амь насыг юман чинээ тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Монгол хүний амь насыг юман чинээ тоосонгүй

Гадаадын иргэн харьяа­тын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдорж “Хүнд хэцүү үед гадаадад ажиллаж, амьдарч байгаад одоо эх орондоо ирж байгаа Монголын иргэдийг Монгол Улсын хилийг нэвтрүүлэхийн тулд хүнд суртал гаргана” гэж хэлснийхээ төлөө зургаан сарын цалингийнхаа 20 хувиар торгуулсан. Түүний энэхүү хэлсэн үг нь Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогоос хол зөрүүтэй байснаас гадна Монгол Улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан хэрэг болсон гэж төрийн өндөрлөгүүд үзсэн юм. Харамсалтай нь энэ бол манай төрийн албан хаагчдын үнэн нүүр царай гэж хэлж болно. Гадаадын иргэн харьяа­тын асуудлыг эрхлэх газ­рын дарга Б.Пүрэвдорж л гэнэд­сэндээ бүх үнэнийг теле­визийн эфирээр илэн далангүй зарласан болохоос биш төрийн албан хааг­чид бүгд л ийм бодлогыг баримталж байгаа гэхэд болно. Өнөөх гайхалтай Гадаад харилцааны яам хүртэл шүү дээ.

Саяхан Малайз улсад Монгол Улсын нэгэн иргэн хүний наймааны гэмт хэргийн золиос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэхдээ  талийгаач нас барахаасаа нэг сарын өмнө өөрийг нь хүний наймааны золиос болгох гэж байгаа тухай мэдээллийг гэрийнхэндээ байнга өгдөг байсан тухай ар гэрийнхэн нь мэдээлсэн. Үүний дагуу ар гэрийнхэн нь харьяа цагдаагийн газартаа ханддаг байсан ч тоглоом тохуу болгоод л өнгөрөөдөг байсан гэж байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн нь ярихдаа “Талийгаач маань бидэнд хүний наймааны золиос болох гэж байгаа тухайгаа мессежээр мэдэгдэж, утсаар ярьж байсан. Тухайн үед бид тэр бүхнийг нь цагдаагийн газарт аваачиж өгч байсан ч биднээр доог тохуу хийж, охин руу минь утасдаж “Ар гэрийнхнийхээ сэтгэлийг бүү зовоо. Чи өөрийн дураар гадагшаа ажил хийхээр явсан биз дээ” гэж бидний дэргэд загнаж байсан” хэмээн мэдэгдэж байгаа. Харин одоо Гадаад харилцааны яамныхан талийгаачийн цогцсыг авчруулахын тулд зургаан сая төгрөгийг ар гэрийнхэнд нь тусламж хэлбэрээр олгосон гэдгээ ёслол төгөлдөр мэдэгдэж байна. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэгчийн үлгэр л энэ бус уу. Хохирогч эсэн мэнд байхдаа ар гэрийнхэн рүүгээ  “На­майг ирж аваач гэсэн дуудлага, зурвас явуулдаг байсан” гэсэн. Гэтэл тухайн үед нь манай улсын цагдаагийн байгууллагынхан энэ асуудлыг хайхрах нь бүү хэл авч хэлэлцээгүй гэж байгаа юм.

Одоогоос найман жилийн өмнө Ш.Алтантуяа гэгч эмэгтэй мөн л Малайз улсад бусдын гарт амиа алдаж байсан түүх бий. Тэр үед малайзчууд Монгол Улс иргэддээ хэрхэн анхаарал тавьдгийг анзаарсан байх. Хэдийгээр Ш.Алтантуяагийн хэргийн гол буруутан нь олдсон хэдий ч Монгол Улсын Засгийн газар энэ бүх хэргийг тийм ч анхаараагүй гэдэг нь үнэн. Энэ ч үүднээс малайзчууд Монгол Улсын төр засгаар доог тохуу хийж, улсынх нь иргэнийг хүний наймааны золиос болгох гэж байгаагаа зарлан байж, ар гэрийнхэнтэй холбоо барих боломж олгосон байж таарна. Харамсалтай нь Монгол Улсын төр засгийнхан, хууль хяналтын байгууллагынхан энэ асуудалд анхаарлаа хандуулаагүйгээс болж, Монгол Улсын иргэний амь харийн оронд хөсөр хаягдлаа. Амташсан хэрээ 13 дахидагийн үлгэрээр малайзчууд энэ явдлыг дахин хийхгүй гэх баталгаа алга. Энэ бүхэнд нь монголчууд голлох үүргийг гүйцэтгэж байгаа гэж бодохоор монгол хүний амь нас алс холын харь оронд бүү хэл эх орондоо үнэгдүйдэж байгаа нь энгийн үзэгдэл мэт болжээ.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж