Монгол HD ТВ-ийн өмнөөс уншигчдаасаа хүлцэл өчье

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Монгол HD ТВ-ийн өмнөөс уншигчдаасаа хүлцэл өчье

Өчигдөр оройгоос цахим ертөнц нэгэн мэдээгээр долгилж хонов. Юу вэ гэвэл Монгол HD телевиз Монголын тэргүүн гэгдэх телевиз, сонин, мэдээллийн сайтууд мэдээллээ нягталдаггүй, мэргэжлийн бус гэдгийг нотолсон хэмээн зарласан явдал.

Нотолгоогоо хэрхэн хийснийг өөрийн сайтын жишээн дээр өгүүлье. Уржигдар буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 13.12 цагт 88072182 дугаарын утаснаас манай сайтын холбоо барих хэсэгт байгаа утас руу залгаж, WholeSome Food компаниас ярьж байгаагаа хэлж, дэлхийд алдартай рестораны сүлжээг Монголд оруулж ирэх гэж байгаа тухай мэдээгээ www.news.mn сайтад тавиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь мэдээ байршуулах үнийн сонголтыг хэлэхэд 200.000 мянган төгрөг төлөн “Шинэ мэдээ” буланд оруулах хүсэлтэй байгаагаа хэлж, төлбөрөө дансаар шилжүүлэх тул дансны дугаараа утас руу явуулахыг хүссэн байна. Үүнээс 30 минутийн дараа 88072182 утаснаас “Ок, Одоо мэдээ явууллаа, Маргааш өглөөнөөс оруулаарай” гэсэн мессеж иржээ. Дараа нь 17.10 минутад дахин ярьж, төлбөрөө шилжүүлсэн, мэдээ маргааш өглөө орох ёстой шүү гэдгийг дахин сануулсан байна. Харин өдрийн 13.00 цагийн үед явуулсан мэдээ нь маргааш өдрийнх нь 09.43-д ирсэн юм.

Арванхоёрдугаар сарын 10-ны орой хэд хэдэн телевизээр анх өнгөт зурагт гарч байх үеийн гэмээр дүрстэй арилжааны мэдээ цацагдаж, дэлхийд алдартай McDonalds Улаанбаатарт салбараа нээх гэж байгааг дуулгалаа. Маргааш өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн өглөө өдөр тутмын гурван сонины эхний нүүрт мөн энэ тухай мэдээ нийтлэгдсэн байлаа. Ярьж тохирсны дагуу  www.news.mn сайтын дансанд 88110862 утасны дугаараас Н.Наранцэцэг гэдэг хүний нэрээс 200.000 мянган төгрөг шилжүүлсэн байв. Ингээд манай сайтын info@news.mn цахим хаягаар WholeSome Foods нэрээр wfmongolia@gmail.com хаягаас мэдээ ирснийг бид сайтынхаа “Бизнес” буланд оруулжээ. “Бизнес” булан нь редакцийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ биш, арилжааны мэдээ нийтлэгддэг булан юм. Мэргэжлийн сэтгүүл зүйд арилжааны мэдээллийг редакцийн мэдээллээс ангилан өгөх нь зүй юм.

Энэ мэдээг уншигчид маш таатай хүлээж авсныг хэлэх хэрэгтэй. Монгол минь хөгжиж байна, дэлхийд байгаа бүхий л үйлчилгээг бид авдаг болох нь гэсэн сэтгэгдлүүд энэ мэдээнээс үүдэн олон нийтийн сүлжээгээр тарсныг олон хүн харсан байх.

Харин өчигдөр үдээс хойш 15.00 өнгөрч байхад HD Монгол телевизээс явж байна гэсэн хүүхэн редакцид ирээд өөрийгөө Энхцэцэг хэмээн танилцуулсан. “Танай сайтад цацагдсан McDonalds-ын салбар байгуулагдах мэдээг хаанаас тавиулсан бэ, энэ мэдээ чинь худлаа байна” хэмээсэн бөгөөд “Та нар худлаа гэдгийг нь хэрхэн нотолсон юм бэ” гэх асуултад хариулалгүйгээр “Яагаад та нар мэдээгээ шалгаагүй юм бэ” гэсэн асуултад хариу авахыг хүссэн. Төлбөрөө төлөөд нийтлүүлж байгаа бизнесийн агуулгатай мэдээллийн бодит байдлыг бэлтгэсэн газар нь хариуцна, энэ бол манай сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ биш, бид өөрсдийн бэлтгэсэн мэдээндээ хариуцлагаа хүлээнэ, хэрвээ та нар анзаарсан бол энэ мэдээ арилжааны мэдээлэл нийтэлдэг “Бизнес” дэд сайтад тавигдсан байгаа, хэрвээ хүсвэл манай руу ярьж төлбөртэй мэдээ тавиулах захиалга өгсөн хүний утсыг өгч болох юм” гэхэд утсыг нь авалгүй гараад явсан юм. Харин энэ хооронд энэ сэтгүүлч нууцаар бичлэг хийж, нууцаар дүрс авсныг орой нь өөрсдийн телевизээр нэвтрүүлэхэд л мэдлээ.

Мэргэжлийн ёс зүйтэй ажиллана гэдгээ байнга тунхагладаг Монгол HD телевизийг талархан үздэг үзэгчийн хувьд харин өөрсдөөс нь ийм ёс зүйгүй үйлдэл гарна гэж санаанд орсонгүй. Энэ телевизийн сэтгүүлчид ёс зүйтэй ажилласан уу гэдгийг ойлгуулахын тулд болсон процессийг дэс дараатай нь нуршлаа. Арилжааны мэдээ нийтлэх нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйтэй огт хамаагүй асуудал, гагцхүү үүнийг уншигч, үзэгчдийг төөрүүлэлгүйгээр, ойлгомжтой байрлалд, “тархи угаалт” биш гэдэг нь ойлгогдохоор өгөх ёстой. Бид энэ зарчмаа баримталсан. Сэтгүүл зүйд улам бугшиж байгаа мөнгөнд гишгэгдсэн сэтгүүл зүйг илчлэхээр зорьсон ариун зорилгыг нь талархаж байгаа ч арга хэрэгсэл чинь буруу байна, мэргэжил нэгтнүүд ээ. Танай зохион байгуулалттай тараасан худал мэдээлэлд хууртагдсан олон мянган уншигч, үзэгчид та нарт хамаагүй юу. Энэ үйлдлээ залруулах бодол байгаа байх гэж найдаж байна.

Хэрвээ үнэхээр сэтгүүлчид мэдээллээ нягтлан шалгадаг эсэхийг мэдэхийг хүссэн бол “Гацууртын Н.Чинбат АТГ-т шалгуулж байна” эсвэл “Гацууртын Н.Чинбат татвараас зугтжээ” гэсэн мэдээг төлбөртэйгөөр тараасан бол нягтлах байлаа. Нэгэнт олон хүнийг хууръя гэж шийдсэн юм бол ийм жишээ татах байжээ. Харин энэ олон телевиз, сонин, сайтын уншигчдыг Монгол HD үл тоомсорлож, доромжиллоо.

Харин бид өөрсдийн зарчмын дагуу Монгол HD телевизийн өмнөөс уншигчдаасаа хүлцэл өчиж байна. Монголд McDonalds-ын салбар нээгдэхгүй шүү.

News Агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж