Ева Лонгория: Би өөртөө дэндүү их хайртай

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Ева Лонгория: Би өөртөө дэндүү их хайртай

“Яахаас ч буцахгүй эзэгтэй” киногоор нь Ева Лонгорияг кино сонирхогчид андахгүй мэднэ. Лонгория хувийн амьдрал болон сүүлийн үеийн уран бүтээлийн сониноо дуулгахаар “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ.

– Тантай ярилцахын өмнө өөрийн чадах хэрээр Ева Лонгорияг тодорхойлохыг оролдлоо. Та чамгүй сайн продюссер, жүжигчин, найруулагч, бизнес эрхлэгч, загвар өмсөгч гэх мэт олон ажлыг маш сайн хийж чаддаг. Та мөн хувийн зоогийн газар, шөнийн цэнгээний газартай, бас улс төрд сонирхолтой нэгэн?

-Хөөх, би ийм олон зүйл хийж чаддаг билүү. Үнэхээр сайхан байна. Тэгэхдээ бодит амьдрал дээр ганц л зүйлийг ч гэсэн төгс хийж чадах нь сонин. Амралтаа хасаад ч хамаагүй төгс нэгэн болохын тулд хичээж л байна.

– Амралт бол агуу үйлсийг бүтээхэд нөлөөлөх чухал зүйл?

-Амралт бол өнөөдөр од болон гялалзуулах маш чухал хэрэглэл. Маргааш бурхан мэт хүндлүүлэх гайхамшигт нууц жор.

– Таныг оюутан болсон гэж байна лээ?

-Би бусдаас өвөрмөц байхыг илүүд үздэг. Яг одоо мастерийн зэрэг хамгаалахаар Бостоны их сургуульд сурч байна. Сурахын сайхныг илүү их мэдэрч байгаа болохоор арай залуу байхдаа сурсан ч болоосой гэж бодогдох болсон. Хүн нас ахих тусам мэдлэг, боловсролын үнэ цэнийг мэдрэх юм. Сониуч зан маань ч үүнд түлхэц болж байна. Би бусдын адил жинсэн өмд, том цамц өмсөөд үүргэвч үүрэхийг хүсдэг байсан. Харин мөрөөдөл минь биелж долоон хоногт өөрийгөө өдрөөс өдөрт ухаантай даруухан болж байгаадаа баяртай байгаа.

-Та ямар мэргэжлээр сурч байна?

-Чикано судлал болон улс төр судлаач. Америк, Мексикийн улс төр, түүхийг судалж байна.

-Шал дэмий зүйлд цаг гарздаж байгаа юм шиг санагдахгүй байна уу?

-Үгүй дээ. Гадаад хэл сурна гэдэг их чухал зүйл. Миний бодлоор АНУ бол даяаршлыг дэмжиж буй цорын ганц улс. Тиймээс энэ орны иргэд олон хэл сурсан байх хэрэгтэй биз дээ. Би оюутан болоод Франц, Испани, Герман хэлээр ярьж сурсан. Энэ гайхамшиг биш гэж үү, залуу минь.

-Ангийнхантайгаа дотно уу. Багш нар нь хэрхэн хандаж байна?

-Сайхан. Багш нар минь мундаг болохын тулд мундаг мэт аашлах хэрэггүй гэж зөвлөсөн.

-За тэгвэл мастераар сурч байгаа ирээдүйн улстөрчийн мэдлэгийг нэг шалгачих уу. Өнөөгийн  цагаачлалын тухай ямар бодолтой байдаг вэ?

-Энэ их том асуудал л даа. Хангалттай мэдлэг мэдээлэлгүйгээс болоод хүмүүс энэ асуудалд хэт өрөөсгөл хандах гээд байдаг. Латин америкчуудыг гэхэд л зөвхөн мексикчүүдээр төлөөлүүлж, мексик гаралтай хүн бүр хууль бусаар цагаачилж ирсэн гэсэн ойлголттой байх жишээтэй. Гэтэл үнэндээ бодит байдал үүнээс тэс өөр шүү дээ. Хэн ч хууль бусаар цагаачлахыг хүсдэггүй гэдэг нь ганц үнэн.

-Та Холливудын бусад жүжигчнээс их өөр. Дийлэнх жүжигчин өөрсдийнхөө рейтингийг өсгөх гэж л хүмүүнлэгийн ажилд оролцдог.

-Хүмүүнлэгийн ажилд оролцох, нийгэмд идэвхтэй байх эсвэл нигүүлсэнгүй байх гэдэг хоорондоо тэс өөр зүйлс. Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл сонирхол бий. Тиймээс би өөрийгөө дөвийлгөх ч юм уу, бусдын хийж буй ажлыг дорд үзэхийг хүсэхгүй байна.

-Суусан сандал нь тухгүй байна хэмээн гомдоллож байсан хүнийг би л хувьдаа мэдэхгүй юм. Яагаад гэдгийг нь та мэдэх үү?

-Үнэндээ би юм бүхэнд гомдол гаргадаг ямбатай хүн биш. Энэ сандал дээр суухаар заавал нуруугаа цэх болгон суух хэрэгтэй болчихоод байна. Харин би бөгтийж суугаад тантай тухтай, илэн далангүй ярилцмаар байна шүү дээ.

-Та яг л Опрагийн жижиг хувилбар шиг харагдаж байна?

-Тийм үү. Үнэндээ би түүнийг биширч, үлгэр дуурайл болгодог. Тиймээс ч түүний хийсэн бүхнийг нь дагахыг хичээдэг. Би өөрийн продакшнтай, буяны үйлс хийдэг. Бас өөрийн нэрийн үнэртэй ус, хоолны жор бүхий ном гаргасныг та мэдэх байх. Энэ мэтчилэн маш олон зүйлийг би түүнээс суралцсан. Гэхдээ түүний хийсэн зүйлсээс надад юу нь илүү таалагддаг гээч. Түүний брэндүүд.

-Опрагийн брэндүүдийг хүн бүр мэднэ. Харин Ева ямар брэндтэй вэ?

-Магадгүй Опрагийнхтай адилхан байх. Хэдийгээр би өөрийн нэрийн үнэртэй ус гаргаж, зоогийн газар, шөнийн цэнгээний газар ажиллуулдаг ч Опрагийн адил миний хамгийн чухал брэнд бол хайр. Мэдээж бас шударга ёс, итгэл найдвар, хүсэл сонирхол. Би өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээр энэ бүхнийг илэрхийлэхийг л чухалчилдаг. Продюссерлэж, найруулсан кинондоо, эсвэл хийсэн хоол, тоглосон дүрдээ ч энэ үзлээ шингээхийг хичээдэг. Дийлэнх хүн аливаа асуудлыг шулуухан ярьж, сэтгэл хөдлөл, бодол санаагаа шууд илэрхийлж чаддаггүй. Харин би ийм байдлыг үзэн яддаг. Гар зөөлөн атган мэндчилдэг хүмүүст би дургүй.

-Танд алдар хүндтэй байх таалагддаг уу?

-Сайхан асуулт байна. Алдар нэр надад ажлаа сайн хийх боломж олгодог. Ялангуяа нийгмийн ажил хийхэд энэ зүйл их тус болдог шүү. Үүний ачаар олон мянган хүн миний дуу хоолойг сонсч, ажилд минь анхаарал хандуулдаг. Би өглөө босоод л миний талаар юу гэж бичсэн байна гэж айхгүйгээр амьдардаг.

-Шар сонинд дахин дахин гарсан мэдээлэл үнэн хэрэгтээ ор үндэсгүй худал гүтгэлэг байх нь ч бий?

-Тийм шүү. Би өмнө нь их нээлттэй, илэн далангүй ярилцлага өгдөг байсан. Хувийн араншин минь болохоор тэр. Гэрлэлт, хайр дурлалын асуудал гээд бүх зүйлээ дэлгэдэг байсан. Харин худал мэдээлэл нийтлэгдэх болсон нь намайг улам нууцлаг, хаалттай хүн болгож хувиргасан. Магадгүй шоу бизнесийн ертөнц дэх хүн бүр тэгж өөрчлөгддөг байх.

-Та Тони Паркерийг амьдралаа хамт туулах цорын ганц хүн гэж итгэж байсан шиг санагдаж байна. Та хоёр салаад нэлээд удлаа шүү?

-Тийм ээ, би итгэж байсан. Гэрлэлт гэдэг ариун нандин зүйл. Ялангуяа манай гэр бүлийнхэн гэрлэлтийг их үнэ цэнэтэй гэж үзэж, ач холбогдол өгдөг. Биднийг хүмүүжүүлэхдээ салалт бол сонголт биш гэж заадаг байсан. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулахаас өмнө “Хэрвээ салахаас аргагүй болбол эхлээд түүнийг ална” гэж хошигнодог байлаа. Гэхдээ хайр сэтгэлийн харилцааг хатуу чанд барьж, хянаж болдоггүй юм байна. Олон хүн түүнийг үзэн ядаж, амьдралыг нь сүйтгээсэй гэж хүсдэг байсан. Харин би үүнийг хүсээгүй. Би түүнд зөвхөн сайн сайхныг л хүсч байсан. Хайр сэтгэл минь хөрөөгүй байсан болохоор тэр. Түүнийг хайрлахад, түүнтэй гэрлэхэд, долоон жил хамт байхад шалтгаан байсан. Тэр шалтгаан үгүй болоогүй тул би түүнийг үзэн ядахыг урьтал болгоогүй. Би бол эмэгтэй хүн. Эмэгтэй хүний сэтгэлд дэлхий хүртэл багтдаг юм. Би нэг хэсэг нөхрөөсөө салах юм бол амиа хорлоно гэж боддог байсан. Санаснаар минь би нөхрөөсөө салсан. Даанч амиа хорлож чадаагүй “Би өөртөө дэндүү хайртай” гэдгээ тэр үед л мэдэрсэн.

-Шинэ дурлалынхаа тухай яриач?

-Би түүнийгээ нийтэд ил болгохыг хүсэхгүй байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: www.shuud.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж