
Европын холбоонд нэгдэх хүсэл 2007 оноос байсан ч зүүний баримтлалаас дөнгөж мултарч баруун руу тэмүүлж байгаа улсад тийм зориг байсангүй. Гэхдээ удирдагчдын цаад санаа нь ийшээ чиглэж байсан гэдгийг мартах учиргүй. 2012 оноос эхлэн бүрэн эрхт гишүүн бус урьдчилсан гэрээ хэлцэл хийн гишүүн болохын өмнөх албан ёсны даалгавраа авах хүсэлтээ илэрхийлж эхэлсэн. Олон нийт үүнийг нэг их дэмжээгүй ч засаг өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн албан ёсоор даалгавраа авах гэсэн боловч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа.
Ард түмэн юу хүсч байгаа вэ? Тэд өөрийн толгойг өөрсдөө мэдэхийг хүсч байгаа. Тэд хэний ч оролцоогүй дангаарших хүсэлтэй байгаа. Гэхдээ тэд газар нутгийн байрлалаараа боломжийн ч хувиараа дангаарших магадлал тун бага. Их ээдрээтэй нөхцөл байдал Украины ард түмэнд оногдсон ч тэдэнд байгалийн хий их хэмжээгээр бий. Ургац хураалтын тухайд бас л чамгүй. Элдэв төрлийн байгалийн баялгаар ч муугүй. Байгалийн хийн шалтгаанаар л ОХУ, Украин хоёр муудалцаж, Украинд ашгийн бага хувийг, Орос гүрэн ашгийн дийлэнхийг авахыг хүсдэг. Сөрөг хүчин одоогийн ерөнхийлөгч Виктор Януковичийг Путины хүүхэлдэй гэж нэрлэдэг ч Европын холбоо руу тэмүүлж байгааг нь үзвэл хүүхэлдэй үнэхээр мөн үү гэж эргэлзэхэд хүргэж болох юм.
Ард иргэдийн эхлүүлсэн энэ эсэргүүцлийн цуглааныг Улбар шар хувьсгал гэж нэрлэх ажиглагчид цөөнгүй байна. 2004 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг луйвартай болсон гэж үзэн бас л ийм жагсаал болж байлаа. Тэд ерөнхийлөгчөө эсэргүүцэн, бодлого буруу байгааг шүүмжилж, авилга хээл хахуульд идэгдсэн гэж үзэн эсэргүүцэж байлаа. Бас нөгөө нэг зүйл нь Европын холбоо худалдааны гэрээг түдгэлзүүлээд байсан нь ард иргэдийн уурыг хүргэсэн юм. Улбар шар хувьсгалын үр дүнд Виктор Ющенко засгийн эрхэнд гарч ирсэн билээ. Тэглээ гээд Украйиы асуудал шийдэгдчихээгүй. Улстөрчдийн хооронд хагарал улам ихэсч, ОХУ-ын удирдагчдын халаасны хүмүүсийн тоо нэмэгдсэн. 2005 оноос хойш байгалийн хийн асуудал маргаан дагуулах болж, сөрөг хүчнийхэний байр суурь ч хамаагүй өсч эхлэв. Сөрөг хүчин гэгдэх Витали Кличко, Юлия Тимошенкогийн нэр хүнд өсч, засгийн эрхийг атгахын төлөө тэмцэж эхэллээ. Энэ бүгд сүүлийн хэдэн жилийн Украины дүр төрх. Энэ хугацаанд украинчуудын хүсэл хэр зэрэг биелсэн бэ гэдэг эргэлзээтэй.
Украины удирдлагууд 2015 он гэхэд бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй байгаа. Харин тэд том ханатай тулгарсан. Тэд бол иргэд. Харин иргэдийг хэн турхирч байгаа вэ гэсэн хардлага байна. Элдэв хардалт сэрдэлт мандаж байх хооронд Юлия Тимошенкогийн нэр хүнд тодорхой хэмжээгээр өсч эхэллээ. Сөрөг хүчнүүд ч эрх баригчдыг буруутгах хамгийн том мессежээ түгээгээд эхэлсэн. Энэ удаагин жагсаал цуглаанд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хэрэгсэлээр фейсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээний сайтууд тодроод байна. Өдрөөс өдөрт жагсагчдыг дэмжих хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Украйн хэрвээ Европын холбоонд элсчихвэл холбооны ихэнх худалдааны хэлэлцээрийг өөрчлөх шаардлагатай болох бөгөөд Украинд өгдөг тусламж, худалдаа зэргийг бүрэн цуцална гэдгээ ОХУ мэдэгдээд байгаа. Хэрвээ тэд ЕХ-нд элсвэл хамгийн том эдийн засгийн түншээ алдаад зогсохгүй, эдийн засгийн хүн байдалд орох нь тодорхой. Украины удирдлагууд үнэхээр ард иргэдээ боддог бол ЕХ-нд ч ОХУ-д ч талтай ханддаг гэдгээ нотлон харуулахын тулд дуугүй байх ёстой байсан гэх гаргалгаа европ даяар тархаад байна. Магадгүй үнэн ч байж болох юм. ЕХ элсэн орсон шинэ улсын эдийн засгийг сэргээхийн тулд худалдааны олон түншийг тэдэнд санал болгох бөгөөд эдийн засгийн хөгжлийн агентлагаас тэтгэлэг хүртэл олж гэдгээ амлаад буй. Гэхдээ үнэхээр элсэн орох асуудал Украины хүссэн талаар шийдэгдвэл шинэ Грек ч үүсчихэж болох юм.
Хараахан бүх зүйл дуусчихаагүй байна. Тэдэнд сонголт бий.