
Харьцангуй залуу ардчилалтай манай оронд дундаж давхарга чухал гэдгийг Олон улсын өрсөлдөх чадварын төвийн захирал Стефан Гарилл хэлсэн байна. Тэрбээр дундаж давхаргыг эдийн засгийн эрэлт, нөөц, хэрэглээ гэж тодорхойлжээ. Судлаач Б.Энхцэцэг монголын дундаж давхаргыг тодорхойлохдоо өөрийн гэсэн орон байртай, унах унаатай, зохих хуримтлалтай, хашаа байшинтай, хүүхдийнхээ сургалтын төлбөрт санаа зовдоггүй, мэдлэг боловсролтой, тогтсон ажил, орлоготой хэсгийг хэлжээ. Мөн тэрээр төрийн алба хаагчдыг дундаж давхаргад оруулжээ. Эндээс үзвэл Монголын ихэнх хэсэг энэ давхаргад орохоор байна. Уг нь бол дундаж давхаргыг хувийн хэрэглээгээр хэмждэг байна. Тэд юу хүсдэг вэ гэвэл “бүхнийг” гэж Стефан Гарилл хэлж. Найдвартай эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, чанартай хүнс, тохитой байр, аялал жуулчлал, амралт, чамин тансаг хэрэглээ гээд бүгдийг хүсдэг. Тийм ч учраас үйлдвэр үйлчилгээ, худалдаа гээд эдийн засгийг бүхэлд нь чирж явдаг байна. Мөн нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангадаг. Дэлхий дээр одоогийн байдлаар хоёр тэрбум, 644 сая дундаж давхаргынхан байдаг бөгөөд ойрын 20 жилд дахин нэг тэрбумаар өсөх хандлагатай байна. Энэ тэрбумд монголчууд багтаасай билээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын ихэнх сайхан амьдралд мөнгөө харамгүй зардаг болох цаг хурдан ирээсэй. Үүний тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэх, төрийн оролцоог багасгах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх л чухал юм. Гэтэл манайд сүүлийн хоёр жилд амьдрал улам муудлаа гэж ярих хүн элбэгшиж байна. Юун дундаж, чинээлэг дундаж давхарга руу орох. Ингэхэд чинээлэг дундаж давхаргын асуудлыг энэ удаа Н. Алтанхуягийн Засгийн газар ярьсан ч юм биш. Аль 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад л яригдсан зүйл. Тэр цагаас хойш үүнийг томъёолж, судалж, гаргаж ирсэн зүйл маруухан байх. Уг нь бол less poors буюу ядуу, дундаж давхаргын завсрын хэсгийг аажмаар нэмэх замаар хийх ёстой байж гэтэл манайд эсрэгээрээ яваад байгаа юм биш үү. Иргэдийн бизнес хийх, хэнээс дутахгүй амьдралаа аваад явчих боломжийг л төр олгох ёстой атал өнөөдөр бид хямралыг дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ унасан гэх зэрэг гадаад орчинтой холбох гэж оролдож сууна.
Жишээ нь, дотооддоо санхүүгийн салбарын шинэчлэл хийж, банкны монополь байдлыг задлах, санхүүгийн олон төрлийн бүтэцтэй болох зэрэг шийдвэр гарган хэрэгжүүлэхэд дэлхийн байдал тийм хэрэгтэй гэж үү. Зээлийн хүү буураагүй цагт дудаж давхаргыг тэлэх тухай яриад ч хэрэггүй байх. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж яриад байдаг. Гэтэл 24-36 хувийн хүүтэй зээлээр хүн хөл дээрээ босох уу. Хүү багатай ЖДҮХ-ийн зээл авах гэхээр үйлдвэр, объектийнхоо 60 хувийг босгосон байх шаардлагатй тулгарна. 60 хувиа барьсан хүнд зээл авах хэрэг байгаа ч үгүй ч уу. Угтаа бол тэрийг босгох гэж л зээл авах гээд байгаа юм шүү дээ. Түүнээс гадна татварын уян хатан бодлого, хөнгөлөлт зэрэг нийгмйн суурь үйлчилгээг ээлтэй болгох нь дундаж давхаргыг тэлэх боломжийг бүрдүүлдэг байна. Дээр нь иргэдийнхээ санхүүгийн боловсрол, мэдлэгийг сайжруулах нь шаардлагатай.
Монголын нийт баялгийн 35 хувийг 300 өрх эзэмшдэг гэсэн америкчуудын судалгаа байдаг юм гэсэн. Үүнийг ч төр анхааралдаа авах, тайлбарлах хэрэгтэй байх. Уг нь бол гуравхан сая хүн бүгдээрээ дундаж биш бүр чинээлэг амьдрахад хангалттай баялагтай улс юмсан. Төрийн мэргэн менежмент л дутах юм даа.