Монгол төрийн төлөө зүтгэх нь миний зарчим

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Монгол төрийн төлөө зүтгэх нь миний зарчим

Б.Баттөмөр: Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь миний цорын ганц зарчим

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийг “Ярилцах танхим”-ын зочноор урьж ярилцлаа.


-Татварын ерөнхий газ­рын даргын албыг авс­наас хойш 100 хоног өнгөрчээ.
Энэ хугацаанд амжуулсан гол ажлуудынхаа талаар ярина уу?

-Зуу гэдэг тоо их юм шиг санагддаг ч, яг ажил хийгээд ирэхээр тийм урт 
хугацаа биш юм байна. Эхлээд ажлаа бодно, төлөвлөнө, хэрэг­жүүлнэ. Үр
дүн гарахыг нь хү­лээнэ. Ма­най татварын албаны хувьд Сангийн яамтай
боломжийн сайн хамтарч ажиллаж байгаа. Монгол Улсад өнөөдөр мөрдөж буй
татварын хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрч­лөлт оруулах ажлыг нэлээд
эрчимтэй  хийлээ. Эхний төс­лүүдийг боловсруулж, Сан­гийн яаманд
оруулаад байна.

Цаашид татварын шинэ орчны талаар судалгаа хийж, энэ чиглэлээр эрхзүйн
зохицуулалтын төслүүдийг Сангийн яаманд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж
байна.  Мөн Дэлхийн банктай 2,3 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ
байгууллаа. Энэ гэрээний хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,
Хүн амын орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татваруудыг
бүртгэлийн системтэй нь хамт программчилж байна.


-Ингэж программчилахын ач холбогдол нь юу вэ. Гадныхантай хамтарч хийсэн үү?

-Ингэснээр Монголын татварын ачааллын 60-70 хувийг цахим болгоно гэсэн
үг. Үлдэж байгаа 30-40 хувийг цахимжуулах хөтөлбөрийг боловсруулж, манай
татварын албаныхан өөрсдийн хүчээр хийж эхэлсэн. Үүнийг манай албанд
шинээр байгуулсан Мэдээллийн технологийн төвийн инженерүүд, татварын
байцаагч нартай хамтран хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Бидний
эхэлсэн бас нэг том ажил бол Монголын татварын албанд эрсдэл их байна.
Энэ эрсдэлийг бид хянаж, удирдах шаардлагатай. Тиймээс эрсдэлийн
удирдлагын нэгжийг бий болгож, ажиллуулж эхэллээ. Эхний гурван сарын
байдлаар боломжийн үр дүн харагдаж байна. Мөн татварын байгууллагын
удирдлагыг цахим болгох “Е оффис”хөтөлбөр гарган хэрэгжүүлээд дуусч
байна. Ингэснээр мэдээллийг цаг алдалгүй хүргэх, шуурхай олж авах,
хурдтай, цаасгүй ажиллах нөхцөл бүрдэх юм.


-Татварын албаны үйл ажиллагаа мэдлэгт суурилах ёстой гэдэг. Энэ талаар юу хийв?

-Татварын байцаагч нар ажлын байрандаа мэдлэг олж авах, мэргэшлээ
дээшлүүлэх “Е сургалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг хийж
дуусгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байр, татварын
ажиллагсдын 56 айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах,
бэлтгэлийг хангах тендерийг зарлалаа. Энэ мэтээр дурьдвал Татварын
албаны даргын үүрэгт ажлыг авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил олон бий.
Тиймээс энэ удаа зөвхөн тоймтой, томоохон цөөн ажлуудаа таны асуултын
хариулт болгон дурьдлаа. Манай татварын албаны ажилд Сангийн яам тусалж
дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Тиймээс татварын салбарт ахиц дэвшил
гарна гэж бодож байна.

-Өнгөрсөн 100 хоногт таны хийсэн бас нэг ажил нь Татварын ерөнхий газарт
“Татвар төлөгчдийн танхим” байгуулсан байна. Бусад байгууллага
“нээлттэй хаалганы өдөр” зохиодог бол танайх ажлын өдрүүдэд татвар
төлөгчдөд нээлттэй байх болжээ.  Үүнийг бас сайшаах нь зүйтэй байх?

-Татварын байгууллагын гол үйл ажиллагааны нэг нь татвар төлөгчидтэй
харилцах ажил бай­даг. Тиймээс хурлын танхимаа тохижуулан “Татвар
төлөгчдийн танхим”  болгосон. Энэ танхимд тат­вар төлөгчид чөлөөтэй ирж,
тат­варын албаныхантай зөвлөгөө авах,  татвартай холбоотой эрхзүйн
хэлэлцүүлэг болон хурал зөвлөгөөн хийх бүрэн бололцоотой боллоо.  Үүнийг
татварын байгууллага, татвар төлөгчдийн хоорондын харилцааг улам
ойртуулах зорилгоор хийж байгаа юм.


-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр бизнесмэнүүд, иргэдтэй уулзахдаа
татварын хөн­гөлөлтийн тухай хөндөн гол хөзрөө болгож байгаа нь
ажиг­лагддаг. Ялангуяа сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлын үеэр
татварын бодлогыг улс төрд ашигладаг шүү дээ. Татварын бодлого улстөржиж
болдог юм уу?

-Зах зээлийн эдийн засагтай улс орны хөгжлийн гол үндэс суурь нь татвар
байдаг. Төр мөнгөтэй байх ёстой. Тэгж байж төрийн механизмууд үйл
ажиллагаагаа явуулж, иргэдэд үйлчилнэ. Тиймээс татварын бодлогыг
улстөржүүлж болохгүй.


-Урлаг, соёлын одод, тамирчид татвараа төлж байгаагаа зарлан шоудах
болжээ. Энэ нь баатарлаг гавьяа биш, өглөө босоод шүдээ угаахтай адил
хийх ёстой л зүйл нь баймаар юм. Та бүхний хамтын ажиллагааны нэг хэлбэр
үү, татвараа төлөхөд уриалсан пиар байдаг юм уу?

-Татвараа төлдөг урлаг, спортынхонтой сайн хамтарч ажиллаж байгаагийн
нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Тэдний цаана янз бүрээр санхүүжилт
босгож, томоохон хэмжээний шоу тоглолтууд хийж, их ашиг олдог ч, татвар
төлдөггүй, сэтгэлгүй хүмүүс олон болжээ. Бид  хэчнээн ч дуудаад, уриад
ирдэггүй. Татварын өмнө бүгд тэгш байх ёстой. Жирийн иргэд
санаачилгаараа татвараа төлж болоод байхад зарим нь яагаад үлдэх ёстой
гэж. Тиймээс улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй татвар төлөгчдөөр
бусад татвар төлөгчдийг уриалуулах нь сурталчилгааны зөв хэлбэр гэж бид
үздэг.


-Татварынхан аж ахуйн нэг­жүүдийг дарамталдаг гэдэг яриа байдгийг та
урьд нь сонссон байх. Татварын байцаагч нарын ажлын ёс зүй,  арга
барилыг өөрчлөх талаар цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Тийм яриа сонсч байсан. Энд би нэг тоо хэлэхийг хүсч байна. Өнгөрсөн
жил Монгол Улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн орлого орсон. Үүний 98
хувийг татвар төлөгчид өөрсдөө тодорхойлоод төлсөн байдаг. Цаана нь
ердөө хоёрхон хувь буюу 30 тэрбум төгрөгийг татварын хяналт, шалгалтаар
оруулсан. Эндээс татварын байгууллага дарамтлаад байсан юм харагдахгүй л
байгаа юм.
 

-Тэгэхээр иргэд татвараас зайлсхийхгүй байна гэсэн үг үү?

-Мэдээж татвараас зугтах, нуугдах явдал байлгүй яах вэ. Үүнтэй тэмцэнэ,
хяналт шалгалтаа чангатгана. Татварын ерөнхий газар эрсдэлийн
менежментэд суурилсан хяналт, шалгалтыг хийнэ. Энэ нь эрсдэлтэй бизнес,
аж ахуйн нэгж, хувь хүний судалгааг гаргаж ажиллана гэсэн үг.


-Одоогийн байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байна вэ. Оны эцэст байдал ямар байх бол?

-Өмнөх жилүүдийн байдлаас харахад 2009 онд 960 тэрбум төгрөг, 2010 онд
1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Энэ нь хямралын дараа эдийн
засаг тэлж буйг харуулж байна. Энэ онд бид 1.8 их наяд төгрөгийг
төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний таван сарын байдлаар 500 тэрбум
төгрөгийн орлого орууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 200 орчим 
тэрбумаар илүү дүн юм.


-“Алтандорнод Монгол” компанийн татварын асуудал Ар­битрын шүүхэд
очтолоо дуулиан тарьсан. Азаар шүүхийн шийдвэр манай талд гарчээ. Цаашид
ийм асуудал давтагдахгүй гэх ба­талгаа алга. Ер нь гадаадын хөрөнгө
оруулалттай компаниудад татварын зөрчил, маргаан гар­гахгүйгээр ажиллах
боломж бий юу?

-“Алтандорнод Монгол”-ын асуудал Монголын талд нааштайгаар шийдэгдсэнд
бид их сэтгэл өндөр байгаа. Монголын татварын албанд 63 тэрбум төгрөгийн
өртэй. Энэ чиглэлээр Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх газартай хамтарч
ажиллаж байгаа. Олон улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад ямар нэг
алхам хийх боломжгүй байсан. Шийдвэр нэгэнт гарсан болохоор зохих
хуулийн дагуу шийдэх боломжтой. 


-Оюутолгойн гэрээг бай­гуулахад татварын үлэмж хэм­жээний хөнгөлөлт
үзүүлсэн. Энэ талаар олон хүн шүүмжилдэг. Харин  та эдийн засагчийн
болон Татварын ерөнхий газрын даргын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюутолгой төслийн гэрээний талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Миний
бодлоор Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын гадаад нэр
хүнд маш их өссөн. Дэлхий нийт Монголын баялаг, хөгжлийн ирээдүй,
татварын орчны талаар ам сайтай, маш их сонирхож, хөрөнгө оруулахыг
хүсэх боллоо. Энэ нь манай  улсын цаашдын хөгжил, дэвшилд чухал ач
холбогдолтой.


-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг цуцалснаар татвар тө­лөлт нэмэгдсэн.
Харин дээрх тат­варын оронд өсөн нэмэгдэх нөөцийн буюу роялтийн
татварын бодлогыг хэрэгжүүлснээр хэр зөрүү гарах бол?

-Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого нь манай
улсын нийт төсвийн 26 хувийг эзэлж байсан. Энэ жилээс эхлэн Өсөн
нэмэгдэх нөөцийн буюу роялтийн татвар нь 68 хувийн татвараас олж байсан
орлогын 60 хувьтай тэнцэж байна. Цаана нь үлдэж буй 40 хувийг өөр эх
үүсвэрээс нөхөх шаардлага гарч байгаа. Мэдээж энэ нь улсын төсөвт
хүндээр тусна. Нөгөө талаас Монголын Засгийн газар бизнес эрхлэгчдэд
бизнес, татварын таатай нөхцлийг бүрдүүлж өглөө гэж ойлгох ёстой.


-Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Татварын ерөнхий газрын
дарга хууль бусаар томилогдсон гэж мэдэгдсэн. Өмнөх даргын талаар ч мөн
ингэж ярьж байв. Үүний учрыг тайлбарлаач?

-Д.Зүмбэрэллхам даргын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Ямар учиртайг нь
мэдэхгүй байна. Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдрийн 19
дүгээр тогтоолоор намайг Татварын ерөнхий газрын даргаар томилсон.
Төрийн албаны зөвлөлийн даргын мэдэгдэлтэй холбогдуулан Засгийн газар ч
байр сууриа илэрхийлсэн. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлж томилгоо
хийсэн. Тийм учраас Татварын газрын дарга ажлаа хий гэдэг үүргийг л
надад өгсөн.


-Өмнө нь та Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Татварын
ерөнхий газарт даргаар томилогдлоо. Ажлын туршлага, намын дэмжлэг гээд
томилгоонд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг шүү дээ.  Ямар шалгуураар
таныг томилсон юм бэ?

-Би Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байснаараа их бахархдаг. Тэнд
үнэхээр сайн эдийн засагчид, хуульчид, ёстой л Монголын төлөө цохилох
зүрхтэй хүмүүс  ажилладаг юм. Би тэр хамт олны дунд ажиллаж байхдаа их
мэдлэг олж авсан. Гааль, татварын байгууллагын ижил тал, онцлог гэвэл
улсын төсвийг хоёулаа бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн
30-аад хувийг гааль, 60-аад хувийг татварын байгууллага бүрдүүлж байна.
Төсөв бүрдүүлдэг гэдэг утгаараа адилхан. Тиймээс намайг татварын даргаар
томилохдоо ажлын туршлага талаас нь илүү харсан болов уу гэж бодож
байна.


-Гэхдээ Татварын ерөнхий газрын дарга бол улс төрийн албан тушаал шүү дээ. Намын томилгоо биш гэх аргагүй?

-Би хувьдаа таны асуулттай санал нийлэхгүй нь. Би төрийн албанд 20 гаруй
жил зүтгэлээ. Миний баримталдаг гол зарчим бол Монгол төрийн төлөө
хоёргүй сэтгэлээр зүтгэх. Том эрх ашгаа ямагт барьж ажиллая л гэж
боддог. Том эрх ашиг гэдэг нь Монгол улсын эрх ашиг. Жижиг эрх ашиг нь
минийх, таных. Ер нь аливаа хүн ажил, амьдралаа томоор сэтгэж, томоор
хардаг байх ёстой. Би гаалийн байгууллагад ажиллахдаа хангалттай томоор
сэтгэж, ихийг төлөвлөсөн. Тэр хэмжээгээрээ том үр дүнд хүрсэн гэж бодож
байна. Татварын байгууллагад ч мөн ийм байдлаар ажиллана. Би Монгол
Улсынхаа хөгжлийг том амбицтай хардаг. Эдийн засгийн хөгжил, хүн амын
амьжиргааны түвшин, бүх талаараа бид дэлхийд манлайлагч байх ёстой. Тийм
боломж хангалттай бий. Өвөг дээдсээс үлдээсэн сайхан газар нутаг,
баялаг байна. Нэг хүнд ногдох баялгаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж
байна. Менделеевийн үелэх системийн бүх элемент Монголд байна. Одоо
хөгжлийн зөв бодлого л хэрэгтэй.


-Гааль, татварын байгууллагын бас нэг онцлог нь шударга байд­лыг гол
хэмжүүр болгодог. Гэтэл шударгын хэмжүүр нь юу вэ гэ­дэг прагматик
ойлголт. Хэзээ ч туйлын шударга гэдгийг нотолж тогтоож болдоггүй. Та
шударга байх гэдгийг хэрхэн ойлгож, хэмж­дэг вэ?

-Миний хувьд шударга байх гэдэг нь ерөөсөө хуулийн дагуу л ажиллаж,
амьдрах. Ямар ч тохиолдолд шийдвэр гаргахдаа том эрх ашгийг бодох ёстой.
Тэр шийдвэр л зөв байдаг. Хүн бүр ингэж ажиллаж чадвал Монгол Улс
хөгжинө.

-Таны бичсэн “Баялгийн ме­нежмент” гэдэг номыг уншсан. Яагаад энэ номыг
бичих болсон нь ч баялгаараа хөгжих зөв бод­лого хэмээн ярьж буйтай тань
холбоотой байх?

-Монголын цаашдын хөгжилд баялаг зайлшгүй чухал. Гэхдээ баялагтай улс
хөгжсөн түүх дэлхийд ховор. Тиймээс бид баялгийн менежментээ зөв хийх
хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор л тэр номыг бичсэн.

-Өнөөдөр Монголын төр энэ менежментийг хийж эхэлж байна. Зөв болно гэдэгт нь та итгэж байна уу?

-Итгэж байна. Баялгийн менеж­мэнтээ зөв хийхгүй бол Монгол Улс Африк шиг
болно. Ер нь энэ талаарх олон санааг номондоо дэлгэрэнгүй дурьдсан
байгаа. Миний номыг хүмүүс сонирхож уншдаг юм билээ. Цөөхөн хувь
хэвлүүлсэн болохоор одоо бараг дуусч байна.

-Эдийн засагчийн тань хувьд асуухад Монголд  Голланд өвчний эхний шинж тэмдэг илэрсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Баялагтай байгаа хэрнээ ард түмний амьдрал ядуу хэвээрээ байж, байгаль
экологи нь сүйрээд буйг баялгийн хараал гэж томьёолдог. Манайд голланд
өвчний шинж тэмдэг илэрсэн гэдэгтэй санал нэг байна. Хамгийн эхний шинж
тэмдэг нь үндэсний валютын ханш чангардаг. Дараагийн шинж тэмдэг нь өмнө
нь хийж чаддаг байснаа чадахгүй болдог. Ерөөсөө л уул уурхайн салбараас
орлого ороод ирнэ гээд бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж эхэлдэг.

-Уг нь Норвегийн сангийн жишгээр Голланд өвчнөөс сэр­гийлэх арга
замыг хайгаад л байгаа бололтой. Хөгжлийн банк, Хүний хөгжлийн сан
байгуулаад Африк шиг болохгүй байх зөв гарцыг олох болов уу?

-Норвеги, Канад, Америкийн санг судлаад Хүний хөгжлийн сан байгуулсан нь
сайн хэрэг. Тухайлбал, зэсийн үнийг 6500 ам.доллараар ч юм уу тодорхой
хязгаар тогтоогоод, одоогийнх шиг 10 мянган ам.доллар байхад нь зөрүү
3500 ам.долларыг нөгөө сандаа байршуулчихна.  Сүүлд нь зэсийн үнэ унасан
үед энэ болон бусад салбар, жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжиж болно.
 
-Гэтэл манайхан одоогоор энэ санд төвлөрсөн хөрөнгийг нийг­мийн халамжид тараагаад байна шүү дээ. Энэ зөв гэж үү?

-Мэдээж хавтгайруулж тараах нь буруу. Үнэхээр халамж шаардлагатай
хүмүүст өгөх нь зүйтэй.Хүмүүс шүүмжилдэг, иргэн бүрт 1.5 сая төгрөг
амласнаас болоод эдийн засаг сүйрчихлээ гэж. Би өөр байр суурьтай
байдаг. Монголын төр  яагаад ард түмэндээ 1.5 сая төгрөг өгчихөж
болохгүй гэж. Энэ бол их мөнгө биш. Цаашдаа ч өгөх хэрэгтэй. Бид ажлын
байр бий болгоход улам их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өнөөдөр татвар
төлөгчдөд жилийн 3-5 хувийн хүүтэй 10 хүртэл жилийн хугацаатай зээл
хэрэгтэй байна. Ийм зээлийг өнөөдрийн арилжааны банкууд өгч чадахгүй.
Арилжааны банкууд ч бас хувийн сектор. Тэдэнд ийм боломж алга. Тиймээс
үгүйлэгдээд буй боломжийг төр гаргах ёстой. Ингэсэн цагт манай компаниуд
ажилчиддаа сард 1.5 сая төгрөгийн цалин өгөх боломж бүрдэнэ.  Миний
тооцоолж байгаагаар бол энэ бол их холын мөрөөдөл биш. Гурваас таван
жилийн дараа монголчууд ийм цалинтай болно.

-Сайхан таамаглал байна. Гэхдээ Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ
нэмсэн талаар мэдээлэл хийхдээ инфляци өсч байгаа нь иргэн бүрт, сар
бүр тарааж байгаа 21 мянган төгрөгтэй холбоотой гэсэн үндэслэлийг хэлж
байна. Тэгэхээр эдийн засгийн тогтвортой байдлаа нэгдүгээрт тавих ёстой
байх л даа?

-Энэ бол эдийн засгийн гажигтай холбоотой. Инфляцийг хөөргөдөг хэдхэн
шалтгаан бий. Нефтийн бүтээгдэхүүний талаар Засгийн газраас зохицуулалт
хийж байна. Гол нь хүнсний бүтээгдэхүүний хангамж, чанар, хэрэглэгчдэд
хүрэх сүлжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн хямралыг онилсон бодлого
явуулахыг шаардаж байна. Мөнгөний бодлогын хүүг нэмэх байдлаар шийдэх нь
тийм зөв арга биш.

-Ярилцсанд баярлалаа. Таныг цаашид олон 100 хоног хүлээж байгаа. Амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж