
Монгол Улсын Ерөнхийлөгч Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийг санаачлан боловсруулсан бөгөөд ажлын хэсгийнхэн хуулийн төсөл дээр ажиллаад жил гаруйн хугацаанд бэлтгэж хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болгосон аж.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Ч.Сосормаа энэхүү хэлэлцүүлгийг нээж “1998 онд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг батласнаас хойш хэвлэл мэдээллийг төрөөс хараат бус байх, олон төрлийн цензурыг хориглох боломжийг олгох үндсийг тавьсан. Эрх чөлөө нь хариуцлагыг дагуулж, хариуцлага нь ёс зүйг шаардаж байдаг. Эдгээр гурван үндсэн зарчим дээр тулгуурлан хэвлэлийн байгууллага оршин тогтносоор ирлээ” гэв. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөөн бий болсны үр дүнд Улаанбаатар хотод л гэхэд 24 телевиз, сонин 139, фм радио 20 орчим болоод байгааг ч хэлэв.
Шинэ хуулийн төсөлд хориглох гэсэн үг олон оржээ. Гэхдээ энэ бүх хориглолт нь иргэнд бус төрд үйлчлэх зохицуулалт аж. Энэ хуульд олон давуу зүйлийг хуульчилсан бөгөөд мэдээллийн эх сурвалжаа нууцлах, зэргийг дэлгэрэнгүй оруулсныг хуулийн төсөл боловсруулагчид онцлов.
Хуулийн төслийг боловсруулах шаардлага, хүлээлт үүссэн гэдгийг Freedom house судалгааны төвийн 100 орчим улсын дунд хийсэн судалгаагаар “хагас эрх чөлөөтэй” гэх үнэлгээтэй гарсан дүгнэлт. UNESCO “Монголын хэвлэл мэдээллийн салбарын үнэлгээ” –г тогтоох 2007 оны судалгаагаар хэвлэл мэдээллийн хараат байдал байгааг тодорхойлсон гэнэ.
Хэвлэлийн байгууллагад улс төр, бизнесийн нөлөөлөл их байгаа гэх нийтлэг үнэлгээ гарсан тул энэ нөлөөллөөс ангижрах оролдлогыг ийнхүү хуулийн төсөл боловсруулагчид хийсэн аж. Өөрөөр хэлбэл шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл санаа нь хэвлэл мэдээллийн чөлөөт хараат бус байдлыг хангахад оршиж байгаа гэв. Хуулийн амин сүнс болсон заалтууд төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн баталгаажуулах тухай зохицуулалтууд бөгөөд өмчлөхгүй, санхүүжүүлэхгүй гэх мэт үгс олон байгаа аж.
Энэхүү хуулийн төслийн талаар хэвлэлийн байгууллагын төлөөлөл, олон нийтийн байгууллагынхан саналаа хэлсэн бөгөөд хуулийн төслийг боловсронгуй болгоход энэхүү саналаас тусгах боломжтойг нэмж өөрчлөхөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсгийнхэн мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөсөн байна.