Ахмед Узюмжю. Фото: REUTERS/ Toussaint Kluiters/United Photos
Нобелийн энх тайвны шагналыг гардуулах ёслол Осло хотын захиргааны байранд эхлэв. Энэ хүндэт шагналын эзнээр Химийн завсгийг хориглох олон улсын байгууллага ОРСW зарлагдсан юм. Шагналын диплом, медалийг ОРСW-ийг төлөөлөн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Узюмжю гардан авав.
Шагналын эзнийг Норвегийн Нобелийн хороо аравдугаар сард танилцуулж, химийн зэвсгийг устгах ажилдаа ОРСW ихээхэн зүтгэл гаргаж буйг тэмдэглэсэн билээ.
Нобелийн хорооноос хэвлэлд зориулсан мэдээлэлдээ химийн зэвсэг дэлхийн I дайнд ихээхэн хэрэглэгдэж байсныг сануулсан байлаа. 1925 оны Женевын конвенци химийн зэвсгийг хэрэглэхийг хориглосон боловч түүний үйлдвэрлэл ба хадгалалтыг хориглоогүй билээ. Тийм зэвсгийн үйлдвэрлэл, хадгалалтыг хориглосон конвенци 1997 оноос хүчин төгөлдөр болсон юм. Түүнийг хянах үүргийг ОРСW авсан байлаа. Өнөөгийн байдлаа уг конвенцид дэлхийн 190 орон нэгдээд байна.
Шагнал гардуулах ёслол нэг цаг 15 минут гэж төлөвлөгдсөн бөгөөд Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Турбьерн Ягланд шагналтанг танилцуулав. Дараа нь диплом, медалийг гардуулав. ОРСW-ийн Ерөнхий нарийн бичгнийн дарга үг хэлэв. Дараалаад сонгодог хөгжмийн концерт тоглов.
Ёслолд Норвегийн хаан V Харальд түүний эхнэр хатан хаан Соня, Норвегийн Засгийн газар ба парламентын гишүүд болон гадаадын зочид оролцлоо. Энэ удаагийн ёслолд тус орны хаан ширээг залгамжлагч жонон Хокон, ерөнхий сайд Эрна Солберг нар ӨАБНУ-ын экс-ерөнхийлөгч Нельсон Манделагийн оршуулгад оролцож байгаа учир ирсэнгүй.
Шагналтанд зориулсан хүлээн авалт орон нутгийн цагаар 19.00-д Grand Hotel зочид буудалд хийгдэн уламжлалын дагуу 250 зочид уригдсан байв. Харин өнөөдөр шагналтанд зориулагдсан рок концерт Осло хотын "Спектрум" гэдэг спортын ордонд болно. Түүнийг энэ жил Америкийн 34 настай жүжигчин эмэгтэй Клэр Дэйнс хөтлөх ажээ.
Нобелийн энх тайвны шагнал нь Альфред Нобелийн гэрээсэлсэн таван шагналаас түүний хүслийн дагуу Осло хотноо гардуулагддаг цорын ганц нь юм. Энэ жил шагналыг 8 сая швед крон (1,2 сая ам.доллар) дагалдаж байна.
1901 оноос хойш өнөөг хүртэл Нобелийн энх тайвны 93 шагнал олгогдов. Дэлхийн дайнуудтай байсан үеэр 19 удаа шагналыг олгохгүйгээр шийдсэн байлаа. Нийт 124 шагналтан тодорсоны 100 нь хувь хүн, 24 нь байгууллагууд байжээ. Хоёр хүн шагналыг хуваалцсан 28 тохиолдол тодорч байлаа.
Олон улсын Улаан загалмай нийгэмлэг гурван удаа, Дүрвэгдэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын Дээд комиссарын газар хоёр удаа уг шагналыг авч байжээ.
Йемены сөрөг хүчний лидер Таваккул Карман (Tawakkul Karman) гэдэг эмэгтэй 32 насандаа 2011 оны шагналтан болж энэ шагналын түүхэнд хамгийн залуу нь болсон байв. Хамгийн өндөр настай шагналтан болсон Британийн физикч, радиобиологч Жозеф Ротблат (Joseph Rotblat) 1995 оны энх тайвны шагнал авахдаа 87-тай байлаа.
Нобелийн энх тайвны шагналтан 15 эмэгтэй байдаг. Эмэгтэйчүүдээс анхдагч болсон Австрийн зохиолч эмэгтэй бароны хатагтай Берта фон Зутнер (Bertha von Suttner) өөрийн шагналаа 1905 онд хүртсэн байжээ.
Энх тайвны шагнал нь шагналтныг нь Шведад биш тодруулдаг цорын ганц Нобель юм. Энх тайвны шагнал олгох асуудлыг парламент нь сонгосон нийгэм, улс төрийн зүтгэлтэн таван хүнтэй Нобелийн хороо бие даан шийддэг. Өнөөгийн болон өмнө парламентын гишүүн байсан хүмүүс, үндэснийн Засгийн газрууд ба парламент, Парламентуудын холбооны гишүүд, Гаагын олон улсын шүүх, Олон улсын арбитрын шүүх, Энх тайвны олон улсын товчоо, Олон улсын эрхийн хүрээлэн, эрх зүй, улс төрийн эрх, гүн ухаан эсвэл түүхийн хичээлтэй их сургуулиудын профессорууд, Нобелийн энх тайвны шагналтнууд жг шагналд нэр дэвшүүлэх эрхийг эдэлдэг. Шагнал олгох жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө ирүүлсэн нэр дэвшигчдын жагсаалыг авч хэлэлцэх бөгөөд тэдний нэрсийг зарладаггүй.
Энх тайвны шагналын медалийг цэвэр алтаар зутгажээ. Нүүрэн талд Альфред Нобелийн хөрөгтэй. Медалийн ар талд тэврэлдэн зогссон гурван хүний дүрс байгаа ба бичлэг нь Pro pace et fraternitate gentium ("Энх тайван, ахан дүүсийн төлөө") гэсэн үг юм. Дизайныг нь Норвегийн нэртэй барималч Густав Вигеланн хийжээ.
Химийн завсгийг хориглох олон улсын байгууллага (ОРСW) нь Химийн зэвсгийг хориглох конвенци 1997 оны дөрөвдүгээр сарын 29 нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний дараа НҮБ-ын дэмжлэгтэйгээр тэр ондоо байгуулагджээ. Химийн зэвсгийг хориглосон хоригийг сахиулах, түүний нөөцийг устгах, энхийн зориулалтын химийн салбарын хамтын ажиллагааг дэмжих мөн улс орнуудад химийн завсгээс хамгаалахад нь туслах болон химийн зэвсгийг тараан дэлгэрүүлэхгүй байхыг хянан хангах үүрэгтэй. Химийн завсгийг хориглох олон улсын байгууллагын төв байр нь Гаага хотноо байрладаг.
Мөн энэ өдөр Шведын нийслэл Стокгольм хотноо 2013 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо. Шагналтнуудад диплом, медалийг Шведын хаан XVI Карл Густав гардуулжээ.
Нобелийн анагахын шагналыг Америйн эрдэмтэд: Жеймс Ротман, Рэнди Шекман, Германы эрдэмтэн Томас Зюдхоф нар авлаа.
Шотландын онолын физикч Питер Хиггс өөрийн нэрээр нэрлэгдсэн Хиггсийн бозон гэгдэх бичил хэсгийн таамаглалыг гаргасан нь батлагдсан гэж физикийн салбарын шагналтан болсон юм.
Харин химийн Нобель энэ удаа Австрийн Мартин Карплюс, Израилийн Ари Уоршел, Британийн Майкл Левитт нарт очив.
Харин Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн канад зохиолч эмэгтэй Элис Мунро эрүүл мэндийн байдлаасаа болон ирж чадаагүй учир түүнийг төлөөлсөн охин Жени нь шаггалыг нь авчээ.
Нобелийн эдийн засгийн шагналыг АНУ-ын эрдэмтэд Южин Фама, Ларс Питер Хансен, Роберт Шиллер нарт гардуулжээ.