“Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт” сэдвээр зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

“Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт” сэдвээр зөвлөлдөнө

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газраас санаачлан маргааш “Чингис” зочид буудалд “Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт” сэдвийн дор гэр хорооллын газар зохион байгуулах арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөгөөнд НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хамтран хэрэгжүүлж буй засаг захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцохоос гадна гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, шинэчлэн зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчид, оролцож  туршлагаасаа хуваалцах аж. Мөн зөвлөгөөнд гэр хороолол дахь хорооны дарга нар хамрагдах юм байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах гол арга зам нь гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, хаус хороолол болгон хөгжүүлэх, мөн орон сууцны хороолол барих нь чухал гэж холбогдох газрууд судалгаа гаргаад байгаа. Үүнтэй иргэд ч мөн санал нэгдэж буй.

Тэгвэл Гэр хорооллын хөгжлийн газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд нийслэлийн гэр хорооллыг нийгэм-эдийн засгийн болон экологи, соёл боловсролын тогтвортой хөгжлийг хангасан бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилтын хүрээнд 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг амжилттай эхлүүлсэн ба 2014 онд “Газар шинэчлэн зохион байгуулах” үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул угтал болгож дээрх зөвлөгөөнийг хийхээр болсон нь энэ аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж