
Н.Нацагням гэдэг нэр монголчуудад хэдийнэ танил болжээ. Инжинер мэргэжилтэй тэрбээр Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг хүртэж, өөрийн оюун ухааныхаа царааг монгол түмэндээ “гайхуулж” байсан нь саяхан. Тэгвэл түүний авьяас, чадварыг Монгол Улсын төр соёрхлоо. Их зохиолч Д.Нацагдоржийн дүр төрхийг санагдуулам имиж бүрдүүлсэн энэ хүн эрчим хүчний инженер гэдгээрээ олон улсад ч хүлээн зөвшөөрөгдсөн аж. Төрийн соёрхолт Н.Нацагням Англи улсын эрчим хүчний салбарт өөрийн авьяасыг багагүй зориулжээ. Тэрбээр Англид електроник, программ хангамж, эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт, тогтворжилт, реле-хамгаалалтын асуудал эрхэлсэн зохион бүтээгч инженерээр ажиллаж байсан гэж намтарт нь бичээстэй байна. Н.Нацагням Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг” Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлээрээ хүртсэн. Мэргэжлийн өндөр ур чадвартай зохион бүтээгчдийн баг олон жилийн турш хийх хэмжээний ажлыг тэрбээр богино хугацаанд, ганцаараа хийж чадсан нь эрдэмтдийн гайхшийг барсан гэдэг. Түүний бүтээл нь эрчим хүчний салбарт олон тэрбум төгрөг хэмнэж, манай улсыг ОХУ-аас эрчим хүчээр хараат бус байлгах эхлэлийг тавьж чадах юм байна.
Р.САРАНГОО