Илүү ихийг шахаж, шаардаарай

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Илүү ихийг шахаж, шаардаарай

Энэ хорвоогийн мөн чанар нь хоосон гэж буддын мэргэд сургасан боловч хүн төрөлхтөн хэзээнээс л юм болгонд, амьдралд тэр чигт нь ямар нэгэн утга учир өгсөөр иржээ. Бид ч энэ ёсноос гажсангүй. Та гартаа манай 200 дахь дугаарыг барьж байна. “Үндэстний тойм“ нэрийг хууль ёсоор авсан боловч өдгөө уншигчдынхаа дунд ТОЙМ гэх нэрийг олжээ. Ийнхүү нэршсэн нь сайн, муу хоёр талтай байлаа. Ухаан нь, дэлхий даяар алдартай TIME сэтгүүлийн монгол хувилбар мэтээр хүмүүст хүрсэн нь олз юм. Харин уншигчид захиалгын үеэр “Тойм сэтгүүл захих” гээд чадалгүй хоцорсон нь олонтаа. Уншигчдын хүлээлт ёсоор бид нийтлэлийн бодлого болоод хийцийн хувьд TIME шиг байхыг ихэд хичээсэн. Мөн ирэх улирлаас эхлээд манай сэтгүүл хэвлэл захиалгын хуудас дээр ТОЙМ нэрээрээ бичигдэхээр болж байна. Манай сэтгүүл жилдээ 52 дугаар гардаг гэвэл бид Монголын хэвлэлийн зах зээл дээр гарч ирээд бараг дөрвөн жилийн нүүр үзлээ. Чөлөөт хэвлэлийн анхдагч нартай харьцуулахад намтар нимгэн ч энэ салбарын гэрэл, сүүдэр хоёр манайхыг тойроогүй байна. Эхэндээ долоо хоног тутмын бусад сэтгүүлийн адилаар телевизийн хөтөлбөртэй хэвлэж үзсэн ч тодорхой уншигчид биднээс арай дөнгүүр зүйл хүлээж байгаа нь илэрхий мэдэгдсэн юм. Ингээд захирал асан Ч.Мөнхцэцэгийн санаачилгаар дунд талын тэр хуудсуудыг дүүргэж байсан хуваарийг авч оронд нь нийгэм, улстөрийн булангууд нээсэн нь бидний хөгжлийн хоёрдахь үеийн эхлэл болсон юм. Бид аливаа улстөрийн нам, бизнесийн эрх ашиг гэхээсээ илүү уншигчдынхаа хүсэлт шаардлагыг эн тэргүүнд тавьж ирсэн гэж итгэлтэй хэлж чадна. Өнөөдрийн 200 дугаарын гол нийтлэлүүдийг эргэн хараад ингэж бардам дуугарч байгаа юм. Тэр бүр хэвлэлээр яриад байдаггүй бэлгийн цөөнх, өрх толгойлсон аав, ганц бие эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод тэдний ар гэр, спортод хэм хэмжээ болчихсон бэлгийн дарамт гээд олон “хэрэггүй” асуудлыг хөндөн гаргаж иржээ. Хэвлэлийн мөнхийн сэдвийг ч бас тойроогүй. Харин бусад шиг улиглахгүй байхыг, голч чигч бичихийг тунчиг мэрийсэн. Энэ нь бидний сайных гэхээсээ илүүтэй манай уншигчдын таалал байсан гэж хувьдаа итгэж явдаг. ТОЙМ сэтгүүлийн уншигчид өнөөг хүртэл манай редакцийн хэдэн сэтгүүлчийн нийтлэлийг уншаад байсангүй. Баабар, Б.Цэнддоо, Д.Энхболдбаатар, Гаамп, Артаньян, Ж.Гангаа, А.Баатархуяг, З.Боргилмаа, Д.Мөнхчимэг, Ж.Тэгшжаргал, М.Саруул-Эрдэнэ нарын бичлэгүүдийг бид анх нийтэд хүргэжээ. Мөн шог зураач С.Цогтбаярын шинэ бүтээлүүд манай хуудаснаа эхлэн гардаг. Улстөрийн хэллэг болчихсон олон үг манай нийтлэлүүдээс гарсны дотор “МАНАН” хэмээх “үг”-ийг бид сэтгүүлийнхээ хавтас дээр бүхнээс түрүүнд хэвлэсэн юм. Амаа олохгүй өөрийгөө магтаж байгаа мэт энэ бүх үгс эцэстээ зах зээлдээ зохицох, уншигчиддаа таалагдах гэсэн редакцийн бодлогоос үүдэлтэй болохоор манай дугаарыг өөрийн хөлс хүчээ заран олсон тэр л мөнгөөрөө худалдаж авсан хүн бүхэнд бид өнөөдөр чин сэтгэлээсээ талархах ёстой билээ. Иймээс уншигч Таны энгийн нэгэн хүсэл тань биелээсэй гэж хүсэхийн ялдамд "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн редакциас илүү ихийг шахаж, шаардаарай хэмээн аминчлан гуйя.

               
Ум сайн шаардан, шахах болтугай!

Эрхлэгч Дашдэлэгийн Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж