
Хоршоодын эздийн үлдээсэн хөрөнгө гэж олигтойхон үнэд хүрчих эд байхгүй, ашиглаж байсан компьютер нь хуучирсан, авто машин нь тоногдсон, лиценз нь алдагдсан гэх. Дээрх байдлыг харгалзан үзээд Засгийн газар сайн хүн болох гээд хохирогчдын хохирлыг барагдуулна гээд амалчихсан бололтой юм. Ийм л утгатай лоозон барьсан нөхдүүд Хууль зүйн яамны гадаа хөхөө өвлийн хүйтэнд суулт хийж сүрдүүлэв. Тэдний сүрдүүлгээс айсан уу, Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг барагдуулах хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэх гэнэ лээ. Энэ ч арай дэндэнэ ээ.
Хэлэлцэх асуудал, хийх ажил манай гишүүдэд алга уу. Эдийн засаг нь хүндэрч, иргэдийнх нь амьдрал хэцүүдэж байхад юун ХЗХ-ны хохирол вэ. Тийм их мөнгө бидэнд хаана байна. Тэнгэрээс унаад ирэхгүй бол тэр мөнгийг гаргах чадал татвар төлөгчдөд байхгүй. Эсвэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгч л болоод байна уу. Эцсийн эцэст тэр мөнгийг нь зээлээд өгөөгүй байгаа хүмүүсээс өрийг нь барагдуулж болдоггүй юм уу. Урлаг, спорт, улс төрийнхөн гээд 700 хүний авсан зээл нэр устайгаа байгаа гэдэг шүү дээ. Тэр хүмүүсийг хуулийн дагуу шалгаад өрийг барагдуулах нь өнөөдрийн хувьд зөв шийдвэр болох байх. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгний тансаглалийн өрийг дарна гэвэл, ёстой битгий горьдоорой.
Монголын төрд нэгэн тэнэг зан уламжлал болоод тогтчихсон. Хэн нэгний алдсан, хэн нэгний идсэн мөнгийг татвар төлөгчдөөс гаргадаг. Яахаараа бусдын хулгайлсан, идсэн, уусан мөнгийг татвар төлөгчдийн халааснаас гаргадгийг ёстой ойлгохгүй юм. Ямар ч байсан ХЗХ-ны хохирлоос гадна “Анод”, “Зоос” банкны хохирлыг мөн л татвар төлөгчид барагдуулсан. Гэтэл банк дампууруулсан гэх нөхдүүд нь өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгүй “Ланд” унаж, тив алгасан зугаалаад явж байна шүү дээ. ХЗХ-д мөнгөө луйвардуулсан хүмүүст харамсалтай, гомдолтой байгаа байх. Гэлээ гээд хэн ч тэднийг ХЗХ-дод мөнгөө хадгалуул гэж хэлээгүй. Шахаж, шаардаагүй. Өндөр хүүнд нь шуналтаж өөрсдөө мөнгөө бариад гүйцгээсэн. Эцэс сүүлдээ хэнийг буруутгаж, хэнд айлгаад эрхлээд байгаа юм бэ. Хулгайчид мөнгөө суйлууллаа гээд Хууль зүйн яамны гадаа жагсах л дутаж байна. ХЗХ-дын хохирогчдын суултыг харахад яг тийм сэтгэгдэл төрөөд байна.
Энэ бүхнээс харахад мөнгө алдсан Монгол нэг галзуу гэдэг юутай үнэн үг вэ. Өөрсдийнхөө шуналаас болж алдсан мөнгөө өрөөлөөс авна гээд зүтгээд байгаа хүмүүсийн хувьд онож хэлсэн тодорхойлолт бус уу.