Өмнөдийн татварт ноёлуулсан Монгол алт

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Өмнөдийн татварт ноёлуулсан Монгол алт

Улстөрчдийн араншинг ойлгохын эцэс алга. Гуравхан сарын өмнө “Валютын ханш тэнгэрт хадлаа, иргэдийн худалдан авах чадвар навс уналаа. Эй халаг гэж, энэ Засгийн газар, Монголбанк хоёр юу хийгээд байна вэ. Ингэж алмайрч суугаад валютынхаа нөөцийг шавхана шүү. УИХ-ын дарга аа, ээлжит бус чуулган зарлаач ээ” гэж хашгирч суусан гишүүд одоо харин байр сууринаасаа ухарчихсан “Төв банк валютын нөөцөө нэмэгдүүлэх өөр арга зам хайдаг юм байгаа биз, бидэнд ямар хамаа байна” гэх аястай сууна.

Хууль баталж өгөхгүй бол Төв банк, Засгийн газар хоёр яалтай билээ дээ. Сайд дарга нарыг алт болгож, валютын нөөц бүрдүүлж болох биш УИХ-ыг харахаас аргагүй. Гэтэл нэг их үнэтэй, туньтай нөхдүүд Алтны ил тод байд­лыг бүрдүүлэх тухай хуу­лийн төслийг баталж өгөхгүй суусаар дөрвөн сарын нүүр үзчихэв. Төслийн хэлэлцүүлэг урагшлахгүй байгаагийн шалтгааныг лавлахаар “Судалж байна, ажиллаж байна” гэнэ, одоо бол бүлгүүд хоорондоо зөвшилцөж байгаа ч гэх шиг. Тэгтэл төслийн хэлэлцэх эсэхийг ч шийдэж чадаагүй суутал дөрвөн сар өнгөрсөн байна гээд боддоо. Энэ хооронд хэчнээн хэмжээний алт хууль бусаар даваад өмнөд хөршийн Төв банкинд тушаагдаж валютынх нь нөөцөд нэмэр болсон бол… Үүнд хэн ч хариулт хэлж чадахгүй ч 7-8 тонн алт хаачив гэх харамсмаар юм ярьцгаагаад л байгаа. Хууль бусаар хил давуулсан уу, эсвэл хэн нэгнийх нь авдарт хадгалагдаж байгаа юу бүү мэд. Ямар ч байсан, алтыг хил давуулдаг бүхэл бүтэн сүлжээтэй болсныг Монголын төр хүлээн зөвшөөрснийг сануулах ёстой болов уу. Харин алтны худалдаа яагаад ингэж далд хэлбэрт шилжчих вэ гэсэн асуултад холбогдох албаныхан “Алтанд ногдуулдаг татвар өндөр байгаатай холбоотой” гэж үзэж байна.

Хэрвээ УИХ-аас Алтны ил тод байд­лыг бүрдүүлэх тухай хуу­лийн төслийг баталчихвал баяжмал хэлбэрээр хамт экспортлогдож байгаа алтыг буцаан татах бололцоо нээгдэх аж. Хуулийн төсөлд алтанд ногдуулах татварыг 2.5 хувь болгохоор заасан нь нэг талдаа татварын хэмжээг бууруулсан харагдах ч агуулгаараа баяжмалаар гарч байгаа алтыг буцаан татах, мөн хоёр хөршийнхөө алтанд ногдуулдаг татвартай өрсөлдөхүйц хэмжээний татварын орчинтой болсноор хууль бус худалдаа багасч тэр хэрээр валютын нөөц бүрдэх суваг нээгдэх аж.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн тайлбарласнаар бол ОХУ-д алтанд ногдуулдаг татвар 4.5 хувь бол Хятад улсынх 2 хувь юм байна. Харин манайд алтанд ногдуулж буй татвар 10 хувь. Өөрөөр хэлбэл, өмнөд хөршид алт тушаахад хамгийн таатай орчин бүрдсэн байгааг харж болно. Энэ нь ч алтны хууль бус наймаа хийгчдэд том ашиг болж харагддаг бололтой. Учир нь, Төв банкинд алт тушаасан нөхцөлд татвар нь 10 хувь, дээр нь хаанаас олборлосон алт вэ гэдгээс эхлээд байцаах юм олонтой. Өмнөд хөршид бол хаанаас олборлосон ямар арга замаар олсон нь хамаагүй дээр нь 2-хон хувийн татвартай. Тиймээс Монголбанкинд алт тушааж 8 хувь алдсанаас Хятад улс руу гаргах нь унацтай тусдаг бололтой.

Үүнийг ч Төв банкинд тушааж байгаа алтны хэмжээгээр тодорхойлж болно. Өнгөрсөн онд Монгол банкинд 6 тонн алт тушаагдсан байна, харин олборлолтын хэмжээ үүнээс өндрөөр яригдана.

Тиймээс өмнөд хөршийн татварт дарлуулж байгаа Монгол алтны худалдааг ил тод болгохын тулд УИХ цаг алдалгүй Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслийг батлах нь чухал мэт. Алийн болгон баялгаа бусдын идэш болгож, өөрсдөө гуйлгачин царайлж суух юм. Одоо УИХ дахь намын бүлгүүд асуудалд эрүүлээр хандаж, тэр, энэ ашиг олох нь гэж хардаж суухаар улсаа бодох цаг болж…

Яагаад Замын-Үүд-Эрээний чиглэлийн 3510 дугаар ачааны галт тэрэгний доод хөндийд хууль бусаар 6.2 кг алт нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон үйлдэл гарч, Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангийн шалгалт хамгаалалтын заставынхан илрүүлэв?

БНСУ-ын 13 иргэн Монгол Улсын хилээр 1.5 кг алтыг биедээ нуун гарах гэж оролдоод, баригдан Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хоригдлоо.

Хятад улс руу 3.6 кг алт хууль бусаар гаргахыг завдаад баригдав гэх мэдээг сонсох ёстой гэж…

Валютын ханшийг тогтворжуулъя, нөөцдөө санаа зовохгүй болъё гэвэл олборлож байгаа алтаа Монголдоо үлдээх нь чухал. Дээр нь алтыг нүүрс, зэс гэх мэт бусад ашигт малтмалтай хамт нэг дор бодлого болгож уялаа гээд далд худалдаа зогсохгүй шүү дээ, УИХ дахь цөөнхийн бүлгийнхээн. Алийн болгон иймэрхүү “шантааж” хийж цаг үрэх гэсэн юм. Улсаа, ард түмнээ бодъё.

Ам.долларын ханш 1800 төгрөгтэй тэнцлээ, валютын нөөц тааруу байна гэх мэдээллийг ирэх онд сонсмооргүй байна, улстөрчид өө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж