Тэвчээгүй үг, тэсээгүй сануулга

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Тэвчээгүй үг, тэсээгүй сануулга

Шинэ жилийн шилдэгүүдээр хэн байх тухай, хэн ямар даашинз өмсөх вэ гэх зэргээр гутал хувцас мэтхэн жиргэж суусан жиргээчдэд Р.Амаржаргал болоод Д.Сосорбарам нарын үгс удтал ярьж болох сэдвийг өглөө.

Өчигдөр Р.Амаржаргал гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Р.Амаржаргалд хэлсэн гишүүдийн үг биш, Р.Амаржаргалын хэлсэн гишүүдийн үг олны анхаарлыг татлаа. Түүнийг жиргээчид Ардчилагчдад өгсөн том сануулга гэж ойлгож байгаагаа илэрхийлж байв.

Түүний хэлсэн үгнээс ишлэсэн жиргээ олон байв. “Р.Амаржаргал гишүүний татгалзаж байгаа нь Ардчилсан намд өгч байгаа маш том дохио. Ардчилал гэж худлаа битгий цээжээ дэлдээчээ гэсэн дохио” “Амаржаргал гишvvн байхаа больж ч чададгvй тэхтэл мань мэт нь болох гээд болж чададгvй хvний тавилан гэж” “Р.Амаржаргал: Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засаг олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ” “Р.Амаржаргал: авилга хэвийн үзэгдэл боллоо.. ийм эдийн засагт хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олох хэцүү" “Р.Амаржаргал: үнэнийг хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөрийг боддог юм уу гэж асуумаар" гэх жиргээнүүдийг онцолж болох юм.

Мөн жиргээчдийн хамгийн ихээр ач холбогдол өгч байсан нь Р.Амаржаргалын эдийн засгийн дүгнэлт болох дараах мэдээлэл байлаа. 

· Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрсэн. Үнэндээ өрөө ч тооцож чадахгүй, энэ талаар үнэнийг хэлэх чадваргүй болжээ.

· 10 сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт сэтгэгдэл тун таагүй байгаа.

· Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо.

· Тавантолгойн дэд бүтцийн асуудал яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг. Хүрэн нүүрсний үнэ ашиг өгөхгүй, коксжих нүүрсний үнэ хэтэрхий доогуур байна

· Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан 5 дахь том банк дампуурсан. Одоо байгаа 4 томын 2 нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна.

· Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна.

· Төгрөгийн сулрал зогсох янз алга. 1740 төг. Гэтэл нийт зээлийн 13 нь ханшинд шууд өртөхөөр байгаа.

· Инфляци нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.

Ардчилагчдад зориулсан дараагийн үгийг МоАХ-ын хурал дээр хэлсэн ардчиллын анхдагчдын нэг Д.Сосорбарам хэлсэн нь мөн жиргээчдийн ярианы сэдэв болов. “Д.Сосорбарам Р.Амаржаргал нарын өнөөдрийн хэлсэн үг буглаа үүсэж буй ардчилалд "сумч"мэт тус хүргээсэй” гэх жиргээгээр эхэлж түүний хэлсэн үгийг хангалттай түгээв. Ардчиллын өдөрт Д.Сосорбарам илтгэл тавихыг хүссэн бөгөөд нэлээд шүүмжлэлт үгийг хэлсэн юм. Тэрээр “Би үг хэлэхгүй байж тэвчихгүй. Ардчиллыг бий болгоход сэтгэл биеээ зориулсан нөхдийн маань 30 хувь нь өнөөдөр бидний дунд байхгүй нь. Тэд маань юуны төлөө тэмцсэн юм бэ. Бусдын хөрөнгийг булаадаг ийм нийгмийг хүсээ юу. Энэ өдөр алга ташиж баясах өдөр биш. Баялаг бүтээгчдийг хүндэтгэдэг байх ёстой. МоАХ бол ардчиллын vндэс юм.Тvvнээс олон мөчир ургасан нь намууд.Нам ашиглаж луйвар хийгчдийг цэвэрлэх хэрэгтэй. Ардчилсан намаар халхавч хийх гэсэн увайгүй хүмүүс олон байна. Бидний дунд газрын хулгайчид, хүүхдийн паркийг зүгээр л булаачихдаг улс байна. Бид ухаалаг төртэй амьдрах ёстой. Гэтэл ССАЖЯ зэрэг нь нам намын шахаанууд очдог газар болж. Шоронгоос гарангуутаа намын бөөрөнд наалдсан О.Магнай, Ж.Банзандан нарт ч эксрэмист бодлого ярьж, явуулж байгаад нь хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж