Сангийн сайд Ханой хотыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Ханой хотыг зорилоо

Вьетнам улсын нийслэл Ханой хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд болох Азийн хөгжлийн банкны Захирагчдын 44 дүгээр жилийн уулзалтад Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулсан төлөөлөгчид оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Азийн хөгжлийн банк (АХБ) нь Ази, Номхон далайн бүс нутагт байрладаг хөгжиж буй гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хурдасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллага аж. Банкны гол зорилго нь Ази, Номхон далайн бүс нутагт байрлаж байгаа улс орнуудын ядуурлыг бууруулах явдал юм байна.

АХБ 1966 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд төв оффис нь Филиппин улсын Манила хотод байрладаг. Одоогоор 67 гишүүн оронтой, үүнээс 48 нь Ази, Номхон далайн бүсийнх, бусад нь Европ, Америк тивийн орнууд гэнэ.  
Банкны гишүүн орнуудыг төлөөлсөн захирагчид банкны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор жил бүр хуралддаг уламжлалтай. Энэ удаагийн 44 дахь жилийн уулзалтаар АХБ-наас 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, банкны Тусгай сан, Ердийн хөрөнгийн эх үүсвэрүүдийн 2010 оны санхүүгийн тайлан, санхүүгийн байдалд хийсэн бие даасан аудитын тайлан, хөрөнгийн хуваарилалт, 45 дахь жилийн уулзалтын тов зэргийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг санал хураалтын үндсэн дээр батлан гаргах юм байна.

Монгол Улс АХБ-нд 1991 онд гишүүнээр элсэн орсон. Монгол Улсын Сангийн сайд АХБ-нд Монгол Улсыг хариуцсан Захирагчийн албыг хашдаг бол  Монголбанкны ерөнхийлөгч Дэд Захирагчийн албыг тус тус гүйцэтгэдэг байна.

Жилийн уулзалтын үеэр төлөөлөгчид бусад орны төр засгийн тэргүүн, төлөөлөгчид, олон улсын банк санхүүгийн байгууллага, бусад оролцогчдод Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдлын талаар танилцуулж, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн талаар АХБ-ны ерөнхийлөгч, Монгол Улсыг төлөөлсөн Гүйцэтгэх захирал болон холбогдох бусад албан тушаалтнуудтай уулзалт ярилцлага хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн бусад орны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж