Сальвадор Дали, Виктор Вазарели нартай “уулзуулна”

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Сальвадор Дали, Виктор Вазарели нартай “уулзуулна”

976 галерей Сальвадор Дали, Виктор Вазарели нартай “уулзуулна”

Тэгш хэм, эмх цэгцээс эрчилсэн, хайш яаш хувирч, тогтсон хэвд баригдалгүйгээр өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, чөлөөт ажиллагаанд шүтсэн зураасууд… Сальвадор Дали, А.Р.Пенк нарын уран бүтээлч барлах хэмээх урлагийн онцгой төрлийг чадмагаар гартаа оруулж, чөлөөтэй ашигласан нь ийн харагддаг. Тэгвэл 976 галерей Германы цуглуулагч, доктор Гуннар Энгхусентэй хамтран Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лэжер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх гэж байна.

1970-аад оноос орчин үеийн урлагийн бүтээлүүдийг голчлон цуглуулж эхэлсэн эл эрхмийн сан хөмрөг импрессонизм, экспрессионизмийн үеийн герман уран бүтээлчдийн бүтээлээс эхлээд Европ, Америкийн орчин үеийн болон нэн орчин үеийн сонгомол бүтээлүүдийг хамардаг аж. Тэрбээр А.Р.Пенк, Петер Маколис зэрэг нэр хүндтэй, олон уран бүтээлчдийн дотны нөхөр, Германы Урлагийн Их Сургуулийг Дэмжих Нийгэмлэгийн гишүүн, 2005 он хүртэл германы томоохон банкны удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд Германы томоохон цуглуулагчдын тоонд зүй ёсоор багтдаг.

Тэгвэл 976 галерейд толилуулах үзэсгэлэнд сюрреализм, абстракт экспрессионизм, оп арт, арт информел зэрэг урсгалд хамаарах уран бүтээлчдийн бар зургийн бүтээлүүдээс сонгосон байна. Тус үзэсгэлэнд гол төлөв etching буюу металыг хүчлээр идүүлэн, хээ, дүрс гаргах болон чулуун барын аргаар гүйцэтгэсэн, 20-р зууны эхэн үеэс өнөөг хүртэл хийгдсэн ажлуудыг дэлгэх юм.

Барлах урлаг гэж юу вэ?

Барлах урлаг нь зураасан зургийн буюу график урлагийн биеэ даасан төрөлд ордог байна. Энэ урлаг нь Египтэд манай эриний өмнөх XVI  зуунд анх үүссэн баримт байх ба Дорнод манай эриний  VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Барлах урлагийн олон төрлийн арга түүхийн он жилүүдэд өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн байна. Монгол улсад бурханы шашин дэлгэрэхэд Хятадаас анх орж ирсэн ба монголчууд барлах урлагийг нарийн зохиомжтой, олон тэргүүн, мутартай янз бүрийн бурхадыг бүтээхэд ашиглаж байжээ. Монголд 20 дугаар зууны эхэн үед модон бар, төмөр бар, чулуун барын хэдэн зуун урлан байсан гэх мэдээ бий.

Хамгийн түтээмэл хэрэглэгддэг аргад модон бар, төмөр бар, чулуун бар, цоолбор ордог. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, барласнаа бэхээр цаасан дээр дардас болгон буулгадаг байна. Уран бүтээлч өөрийн бүтээлээ ямар байдлаар илэрхийлэхийг хүсч байгаагаас шалтгаалан янз бүрийн арга барилыг сонгон авдаг.

Дэлхийд нэртэй Рембрант ван Рейн, Франсиско Гойя, Пабло Пикассо, Сальвадор Дали, А.Р.Пенк, Жорж Брак, Карл Отто Гёц, Фернанд Лэжер нарын уран бүтээлч нь 16-р зууны эхэн үеэс хөгжиж ирсэн зураасан зургийн төрөлд багтдаг etching буюу металыг хүчлээр идүүлэн, хээ, дүрс гаргадаг аргыг ашиглан түүхэн ач холбогдол бүхий томоохон бүтээлүүдээ турвижээ.

Сам Франсисийн литографын ажлууд нь америкийн абстракт экспрессионизмийн хоёр дахь үеийн гайхалтай шилдэг бүтээлүүдэд тооцогдох ба түүний нөлөөгөөр 60-аад онд барлах урлагийг АНУ-д нилээд өргөн цар хүрээтэй сонирхож эхэлсэн. Ингэхдээ барыг уран бүтээл олшруулах, хуулбарлах хэрэгсэл бус, харин  туурвих онцгой, нарийн арга хэрэгсэл гэдгээр хүлээж авсан аж. 
        
Сериграф (serigraphy) буюу цоолборын төрөл нь 10-13-р зуунд Хятадад анх үүсч Япон зэрэг орнуудад түгээгдэн арга барил нь өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн байна. 18-р зууны сүүлээр баруун европт орж ирсэн хэдий ч түгээмэл хэрэглэдээгүй аж. Харин 1930-д оны үеэр АНУ-д зарим уран бүтээлчид энэ аргыг ашиглаж эхэлсэн. Дараа нь 1960-аад онд Анди Вархол зэрэг уран бүтээлчид энэхүү арга барилыг ашиглан "поп арт"-ыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн төрөл болгон хөгжүүлж үнэ цэнийг нь өсгөжээ. Түүний хамгийн сенсаац дэгдээсэн ажил бол ер бусын хурц өнгө ашиглан цоолборын аргаар бүтээсэн Мерлин Монрогийн хөрөг байсан юм. Поп арт урсгалын бүтээлүүд нь хурц тод өнгө, зар сурталчилгааны маягтай байдлаараа ялгардаг. Анди Вархолын бүтээлийг худалдааны чанартай, хоосон, өнгөц агуулгатай, урлаг биш гэж шүүмжлэгсэд олон байсан ч түүнийг "энэ цагийн хамгийн гайхамшигт толь" гэж нэрлэж, "Eight Elvises" бүтээл нь 108,1 сая америк доллараар зарагдаж байсан түүхтэй. Харин Европт унгар-францын гаралтай, "оп арт"-ын эцэг гэгддэг уран бүтээлч Виктор Вазарели нь 1929-1944 онуудад бүтцийн эффект, алслал, гэрэл, сүүдрийг серигрфын аргаар гаргах туршилтуудыг хийж,  геометрийн абстракт бүтээлүүдээ тууривсан нь барын урлагийг орчин үеийн урлагийн онцгой хэлбэр болгон хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөгөө өгсөн. Түүний ажлуудын онцлог нь өнгөний онцгой эрчилт болон нарийн уусалтуудын хослол юм.

Барын өөр нэг төрөл бол литограф юм. Энэ нь хавтгай гадаргуу дээр яг л усан будаг эсхүл пастилаар зурахтай төстэй арга замаар хийж гүйцэтгэдэг  маш түгээмэл хэрэглэдэг арга юм. Тусгай бэлдсэн төмөр хавтан, эсхүл шохойн чулуун дээр дүрсээ эхэлж барлаад бэхээр түүнийгээ цаасан дээр өндөр даралтаар буулгадаг байна. Ингэхдээ химийн аргаар зөвхөн барласан хэсэг дээр бэхийг тогтоох аргыг хэрэглэдэг аж. Энэ төрлөөр ажиллаж ирсэн дэлхийд нэртэй уран бүтээлчдийг тоочвол Оноре Домье, Винсент ван Гог, Жорж Белоу, Пьер Боннар, Эдвард Мунк, Эмил Нольде, Пабло Пикассо, Сальвадор Дали, Хуан Миро, Жорж Брак, Карл Отто Гёц, Фернанд Лэжер нар орно.

Уран бүтээлч урласан бараа ашиглан хэдэн дардас хийхээ шийддэг ба тогтсон тооны дагуу дардас гаргаж дуусаад ихэвчлэн барыг дахин ашиглах боломжгүй болгодог. Барын ажлуудын эх хувь нь дардсын тоогоор хатуу хязгаарлагддаг ба уран бүтээлч гарын үсгээ зурж бүтээлийг дугаарладаг байна. 

976 Арт Галерей дээр бүтээлүүд нь дэлгэгдэж буй уран бүтээлчдийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар борлуулсан сүүлийн хэдэн жилийн рекордуудаас толилуулахад, Сальвадор Далигийн 1929 онд тууривсан "Portrait de Paul Eluard" нь 21.7 сая, Жорж Бракын "Paysage а la Ciotat" нь 15.8 сая, Фернанд Лежерийн 1924 онд тууривсан "Nature morte", нь 7 сая, "Trois femmes а la table rouge" нь 7.2 сая, Хэнри Мүүрийн "Reclinging Figure: Festival" баримал нь 30 сая, "Reclining Figure Curved" баримал нь 35 сая, Сэм Фрэнсисийн 1959 онд тууривсан "Untitled (SFP 59-35)“, 1959  3,5 сая, Ханс Хартунгийн бүтээл 0.5 сая, Отто Пийнэгийн "Rasterbild", 0.47 сая, Мэл Рамосын 1971 онд бүтээсэн "Nude" нь 1.7 сая,  А.Р.Пенкийн бүтээл 4.1 сая доллараар тус тус зарагдсан байна.

Түүнчлэн эдгээр уран бүтээлчдийн бүтээлүүд Нью Йоркийн Метрополитаны Урлагийн Музей, Орчин үеийн урлагийн музей (MOMA), Соломон Гүгенхаймын музей, Тейт Модерн Лондон, Берлиний Үндэсний Галерей, Мадридын Прадо, Рейна София, Парисын LaM, Жорж Помпидугийн Төв зэрэг дэлхийд хамгийн нэртэй том музей, урлагийн сан хөмрөгүүдэд хадгалагддаг аж.

976 Арт Галерейг үүсгэн байгуулагч Б.ГАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж