Б.Сарантуяа: Эр хүнгүйгээр амьдарч болдог юм

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа: Эр хүнгүйгээр амьдарч болдог юм

-Майктай гүзээ унжуулаад диван дээр хэвтэж байдаг цатгалан муужгай шиг эрчүүдэд би дургүй-

Зууны манлай страдын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа удахгүй хөдөө орон нутагт аялан тоглолтоо хийх гэж байна. Охиноо төрүүлснээс хойш багагүй хугацаанд тайзнаас холдоод байсан поп хатагтай энэ хавраас эхлэн уран бүтээлдээ шаргуу орж, наадмын өмнөхөн “Өнөөдөр ирсэн дурлал” цомгоо гаргасан нь хамгийн их борлуулалттай цомогт тооцогдож байгаа. Тэр ч байтугай өмнө бичүүлсэн хуучин дуунууд нь хүртэл FM-үүдээр өдөр алгасахгүй явах болсон нь Сараагийн фэнүүд түүний дуугаар хэр их “цангасны” гэрч биз. Тиймээс бид поп хатагтайтай уншигчдаа уулзуулж, удахгүй болох аялан тоглолт болон амьдрал, уран бүтээлийн талаар чин сэтгэлийн яриа өрнүүллээ.

-“Өнөөдөр ирсэн дурлал” цомог ийм амжилтанд хүрнэ гэж та тооцож байсан уу? Удахгүй хийх аялан тоглолт ч бас энэ цомогтой холбоотой биз?
-Би өөрөө ч энэ цомгоос нэг их зүйл хүлээгээгүй. Гэхдээ муу болсон гэсэн үг биш. Хорин жилийн дотор хичнээн ч олон цомог гаргав, хичнээн ч их CD тараав. Тийм болохоор шинэ цомгоо ийм эрэлттэй байна гэж санаагүй. Хэрвээ чи анзаарсан бол шинэ цомгийн сурталчилгааны ролик нэг ч удаа яваагүй, сонинд нэг ч мэдээ өгөөгүй. Гэхдээ энэ зуны гурван сар миний хувьд тоглолтын сарууд байсан. Урд хөршид тоглож ирээд бараг тэр чемодантайгаа Говь-Алтай руу ниссэн. Дараа нь Увсад тоглолоо. Сая ХААН банкны ивээн тэтгэлгээр Сөүлд тоглоод ирлээ. Гэх мэтчилэн маш олон тоглолт хийсэн. Тоглолт хийж байна гэдгийн цаана үзэгчид байна гэсэн үг. Үнэндээ цөөн тооны чанартай уран бүтээлчид л тунаж үлдсэн юм байна. Зах зээлийн хоморгонд зарим нь замаасаа гарсан байна. Зарим нь ч хүүхэд шуухад, ар гэрийн байдлаас болоод уран бүтээлээсээ хөндийрсөн байна. Гэхдээ миний уран бүтээлд охин маань огтхон ч саад болсонгүй. Харин ч их зүйл өгсөн гэж болно. Ялангуяа хоолой маш гоё тунгалаг болсон юм шиг.

-Хоолой их гоё болсноос гадна Сараа өөрөө их өөрчлөгдсөн юм шиг? Энэ хэний “гавьяа” вэ?
-Эмэгтэй хүн жил дээрээ төрөхөөр залууждаг, хоолой нь шингэрдэг юм гэсэн. Дээр нь намайг тэр хэмжээнд хөглөж чадсан хүн бол манай продюссер С.Гантөр. Их өвөрмөц оранжировк хийдэг. Долгионы “Сэтгэл ба хувираа” их зэвүүн, этгээд дуу болсон. Сараа нөгөө доргио дуулдаг хэвээрээ байна гэсэн үг. Ангирмаагийн “Буцаах тасалбар” бас л их давилуун дуу. Цомогт орсон дуунуудын нэрсийг эхнээс нь жагсаахад л дандаа мундагчуудын дуу байгаа биз дээ. Хоёрдугаарт аажуу уужуу, юманд хөөгдөлгүй тайван хийсэн учраас сэтгэл шингэсэн сайн уран бүтээл болсон байх аа. “New star” бол BX-ийн амжилтын гол зангилааг хийсэн студи. Манай Мандах нэг удаа “Шинэ “R&B” дуучин сонсох уу” гээд шалаад байхаар нь “Яах юм бэ, яршиг” гээд цааргалаад байсан чинь тэр нь BX байсан юм билээ. Ажиллах нөхцөл их сайхан, хүмүүс нь үргэлж гоё энерги өгч байгаа учраас надад урамтай байсан.

-Хэн хэнтэй хамтарч шинэ цомгоо босгосон бэ?
-“Жигүүр гранд”-ын захирал, хөгжмийн зохиолч Баттөр ах надад “Үр минь”, “Би чамд хайртай” гэж маш гоё дуу өгсөн. Мэдээж хөгжмийн зохиолч Балхжав миний уран бүтээлийн хамгийн агуу хөгжмийн зохиолч хэвээрээ. Түүний “Сэтгэл буруугүй”, Аранзаагийн “Хайрламаар” гэдэг хоёр дуугаар миний шинэ цомог эхэлсэн. Гэхдээ дуучин хүн энэ муу, энэ сайн дуу гэж ялгах эрхгүй, ямар ч дууг амилуулах ёстой. Хүмүүс Сараа жил болгон Балхаагийн дууг дуулдаг гэдэг л байх. Гэхдээ би хэзээ ч “халтуур” дуу дуулаагүй. Дандаа хит болдог дуу дуулдаг нь үнэн биз дээ. Балхаагийн “Сэтгэл буруугүй”, “Тэр намайг дурсдаг болов уу” хоёрыг цоо шинээр тоглолтон дээр нь дуулахад мэдээж хэцүү шүү дээ. Гэсэн ч үзэгчид маш сайн сонссон, “Тэр намайг дурсдаг болов уу” нь бүтэн жилийн турш хит боллоо. Тийм л чанарлаг уран бүтээл болсон. Энэ жил ч гэсэн Балхаагийн тоглолт болно. Энэ сарын 26,27-нд. Би дахиад хоёр шинэ дууг нь дуулна.

-Ямар дуу вэ?
-“Ахиад би дурлахгүй” гэдэг байх аа, жүжгийн дуу гэсэн. Нэг нь шинэ жилийн дуу.

-Цомгоо яагаад “Өнөөдөр ирсэн дурлал” гэж нэрлэсэн юм бэ? Зарим хүн Сараа дахиад л дурлачихаж гэж бодсон байх?
-Цомгонд орсон дууны нэр л дээ. Манай Гантөрийн дуу. Цомгийн нэрээс бас их зүйл шалтгаалдаг байх. Өөдрөг, гоё нэр өгсөн учраас ч ийм амжилттай яваа байж магадгүй. Гэхдээ “Харууслын биш блюз”, “Сонет” гээд гуниг сэвэлзүүлсэн дуунууд ч бий. Үзэгчид ч гэсэн урьд хийж байснаас минь илүү зүйлийг энэ цомгоос хүлээгээгүй байх. Тийм учраас шинэ цомог маань илүү сюрприз болсон юм шиг. Гэхдээ би “Olloo” сайттай хамтарч ажилласан. Гурван дуугаа тавьж сурталчилсан. Тийм болохоор FM-үүд миний дууг хамаа замбараагүй тавьж чадаагүй. FM-ээр замбараагүй их явчихсан CD-г хүн авахгүй. Явахгүй байгаа учраас худалдаж авахаас өөр аргагүй. Тийм учраас хэдийгээр өндөр үнэтэй ч гэсэн /12500 төг. сурв/ маш сайн худалдаж авч байна.

-Шинэ цомог борлогдоод дуусчихсан уу?
-Арай ч үгүй ээ. Гэхдээ хангалттай сайн зарагдаж байгаа. Би эхнийхийг нь дуусгаад дахиж хэвлүүлээд байдаг “кассовой” орлогод дургүй. Дахиж хэвлүүлэхгүй. Сайн борлогдохоос гадна хүмүүс “Сайн цомог болжээ” гэж хэлж байгаад баярлаж байгаа.

-Таны дуунууд их л өөрчлөгдсөн юм шиг. Нэг л гэгэлгэн. Таны захиалгаар бичигдсэн дуунууд бий юу?
-Захиалсан дуу байхгүй. Дандаа өөрсдийнх нь өгсөн дуунууд. Харин манай Золзаяагийн бичсэн “Өнөөдөр ирсэн дурлал” дууны нэрийг би өгсөн. “Хайрын мессеж” бол “Камертон”-ы Болдын зохиосон дуу. “Харууслын биш блюз”-ыг Ц.Хулан надад зориулж бичсэн. “Сараадаа зориуллаа, уран бүтээлийн бэлэг” гээд өгөхөөр гоё биз дээ. Хөгжмийн зохиолч Сэр-Од бас “Сараа л үүнийг дуулах юм шүү” гэж чин сэтгэлээсээ хөгжмийг нь бичсэн. Зориулсан дуунууд арай өөр байна лээ шүү. Эзнээ олсон дуунууд бас байна. Залуу хөгжмийн зохиолч Мөнхжаргалын “Сонет” дууг дуулсан маань их оновчтой сонголт болсон. Одоо бодоход цомог хэвлэгдэхээс өмнө таван ч дууных нь клип гарсан юм байна. Аль эртнээс хүмүүст хоногшсон гэсэн үг л дээ.

-Таныг охинтойгоо хүүхдийн живх рекламдасны дараа “Номин талст”-ын Батсүх хүүтэйгээ сүүний рекламанд тоглосон байсан. Гэхдээ эхнэрийнх нь оронд өөр хүн тоглосон байх аа?
-Хөөрхөн байгаа биз дээ. Жакыг гараагүй шалтгааныг би мэднэ ээ. Их ухаантай бүсгүй, өөрийнх нь даруу зантай холбоотой. Телевизээр орой болгон гарна гэдэг түүний хувьд хэтэрсэн асуудал л даа. Өндөр боловсролтой, үзэсгэлэнтэй ч бүсгүй. Хэрвээ тоглосон бол тэр бүсгүйгээс илүү тоглох байсан. Гэхдээ рекламанд заавал гэр бүлээрээ орох шаардлагагүй шүү дээ. Манай “Камертон”-ыхон, “Номин талст”-ынхан их амжилттай яваа. Батсүх, Хаянаа, Дээгий гурав бол бие даасан карьераа “Камертон”-ыхноос ч илүү хийж байгаа. Харин “Камертон”-ыхон бизнес рүү илүү орсон шиг байна.

-Охинтойгоо хамт тоглосон реклам тань хүмүүст их хүрсэн байна лээ?
-Манай охин сайн тоглож байна уу. /инээгээд/. Би охиноо “Сайн компьютер” гэдэг юм. Толгой нь сайн ажиллана шүү, “хард” их сайтай.

-“Танайд хоноё” нэвтрүүлэгт орсны дараа тан руу хүмүүс их ярьсан уу?
-Өдөр шөнөгүй ярьсан. Өрх толгойлсон эмэгтэйчүүд их олон байна. Тэдэнд Сараагийн амьдрал зориг өгсөн юм шиг байна лээ. Эр хүнгүйгээр амьдарч болно шүү дээ. Болохгүй, бүтэхгүй хорвоог болгох гэж гүйгээд хэрэггүй.

-Яагаад та энэ нэвтрүүлэгт орохыг зөвшөөрсөн юм бэ?
-Гуйгаад байсан. Тэгээд ч би юугаа нуух юм. Сараа нөхөртэй юм уу, үгүй юу, ямар хар хүн ирж хоноод байна, хараг гэж бодсон. Одоо бол бүх юм ойлгомжтой. Ямар ч асуулт байхгүй.

-Өглөө нь нэг хүүхэд тэврээд, хоёрыг нь хөтлөөд гэрээсээ гарахыг тань харахад эмзэг л байлаа? Хаана явна аа, Монголын эрчүүд…
-Юу нь болохгүй байна. Монголын бүх эмэгтэйчүүд ингэж амьдардаг. Нөхөртэй нь ч гэсэн өөрсдөө л хүүхдээ хүргэдэг. Нөхөр гэж нэр л байна. Тэжээлгэнэ, зүгээр нэг тэжээлгэхгүй дээрээс нь дарамтална. Эрэгтэй хүн эмэгтэй хүний амьдралаас маш их цаг авдаг юм. Төвөгтэй. Сайхан амьдрахын тулд заавал нэг золиос байдаг. Мэргэжлээ ч юм уу, чөлөөт цагаа, бие галбир, гоо сайхнаа, найз нөхдөө хүртэл золиослох хэрэг гардаг. Хамтдаа нөгөө их тостой хоолыг нь иднэ. Хайр стгэлийнхээ төлөө хаа байсан газрын мухарт очиж амьдрах болно. Би тэр болгоныг золиосолж чадахгүй. Ялангуяа хүүхдүүдийнхээ амьдралыг. Манай Эрхэмээд хойд эцэг яав ч тохирохгүй.

-Хэзээ нэг цагт гэрлэнэ биз дээ?
-Хүнтэй гэрлэнэ гэдэг асуудал хаагдсан шүү дээ. Хайрлана, дурлана гэдэг асуудлыг би илүүдэл зүйл гэж үзэж байгаа. Надад эр хүнд зориулах илүүдээ гарсан цаг алга, сэтгэл ч алга. Энэ гурван хүүхдэд чүү ай гэж хүрч байна. Хөгшин ээжийгээ арай гэж асарч байна. Хаагуур нь би тэр хар хүнийг хайж явах юм.

-Гэхдээ хайран залуу нас шүү дээ?
-Яахав дээ. Эдлэхийг нь эдлээд, үерхэхийг нь үерхээд, амьдрахыг нь амьдарчихсан хүн. Миний амьдрал минут минутаар, цаг цагаар тооцогдож байна. Одоо 13.10-аас хоёр хүүхдээ авах ёстой. Гэрийн багш нь 14.00 цагт ирдэг, 16.00-д хичээл нь дуусна. Би 16.00 цагт гэртээ ирж хоёр хүүхдэдээ англи хэлийг нь заадаг. 18.00 цагт дуусаад оройн хоол эхэлнэ. Харин манай хүүхдийн асрагч хаа очиж хоол хийчхээд байх юм.

-Та их нэрээ хичээсэн хүн юм. Эр хүний түшиг хэнд ч хэрэгтэй гэдэг. Гэтэл та телевизээр “Энэ орон дээр нэг майктай гүзээ хэвтэж байгаасай гэж би хүсэхгүй” гээд л?
-Би хүний хүүхэд өнчрүүлж чадахгүй, хэн нэгний нууц амраг байж чадахгүй. Гүзээгээ унжуулаад майктайгаа диван дээр хэвтэж байдаг цатгалан муужгай шиг эрчүүдэд би дургүй. Уйтгартай биз дээ. Гэхдээ одооны бизнесмэнүүд бол тэгж хэвтдэггүй юм шиг байна лээ. Өглөө гараад шөнийн хоёр гуравт орж ирдэг. Эхнэр хүүхэд гээд авсан мөртлөө өөр хүүхэнтэй амьдардаг. Тэр эхнэрүүдээс ялгарах зүйл надад юу байна, тэд ч гэсэн уйтгартай л байгаа. Тэгэхээр миний амьдралд нэг их акцент өгөөд байх шаардлагагүй. Амьдрал хэцүү байгаа нь нэг ёсны жаргал юм шиг байна лээ.

-Яагаад?
-Чи бид хоёр амьдрал хэцүү байна гээд ярьж л байна. Чи жишээ нь өглөө болгон ажил, уулзалт, унаа тэрэг гээд өвлийн хүйтэнд даарахдаа даараад явж л байна. “Мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй, яана даа энэ амьдралыг” гээд бодож л яваа. Тэр чинь жаргал гэж байна шүү. Хэрвээ хэвтэрт ороод, эдгэшгүй өвчин тусаад, гуурсаар хоолоо иддэг бол, эсвэл хүнээр өтгөн шингэнээ зөөлгөөд хэвтвэл яах вэ. Бүгдээрээ явж байгаад машин гэнэт хөмрөөд хайртай хүмүүсээ алдвал яах вэ. Энэ л аймаар. Муу муухай юм дандаа хүлээж байна шүү дээ, биднийг. Энэ бүхэн тохиолдоогүй байгаа нөхцөлд, эрүүл байна гэдэг аз жаргал. Чи бид хоёрын уулзаж байгаа энэ амьдралыг л үнэлж сурах хэрэгтэй. Би лав энэ амьдралыг маш их амталж амьдарч байгаа. Үйлийн үр л дээ. Хэдэн халтар хувцсаа хими цэвэрлэгээнд өгнө, авна. Нөгөө жижигхэн хар машинаа дүүдээ өгчихөсн, тэрийг нь засч янзлуулна. Гэхдээ л тэр хүний төлөө сэтгэл тавьж байна чинь жаргал юм байна. Үүнээс хүн кайф авдаг. Би чинь өөрөө ах дүү, хамаатан садан олонтой хүн, хэзээ ч хүнээр дутах юм алга.

-Нөгөө “Ланд”-аа унаж байгаа юу?
-Үгүй. Жижигхээн “Honda Оdissеi” унаж байгаа. Жирэмсэн байхаасаа л унасан. Чи намайг нэрээ хичээсэн гэх юм. Хэрвээ би нэрэлхүү хүн байсан бол өнөөдөр “Lexus” унаад даналзаж яваа. Харин би нэрээ боддоггүй, өөрийгөө боддог хүн. Лизингээр машин авч унаад сар болгон өр төлж өөрийгөө тарчлаахгүй. Мөнгө байхгүй гэхгүй л дээ. ХААН банктай гэрээтэй, тоглолт сайн хийж байгаа. Нэг тоглолтонд сая таван зуугаас хоёр сая төгрөгөөр дуулж байна. Сардаа нэг тоглолт хийчихсэн байхад хэрэглээгээ хангачихна. Гэхдээ би яг өөрийнхөө олсон орлогын хэмжээнд амьдардаг хүн. Үнэтэй машинаас болж нэг удаа хэл аманд орж байсан. Тэр “Линкольн”-оос болж бүтэн жил шүүхдэлцсэн шүү дээ, тэр сургамж ойрхон байна.

-“Тэр намайг дурсдаг болов уу” дууны тань клипэнд тоглосон охин тантай их адилхан юм билээ. Тохиолдлоор ингэж таараагүй байх гэж бодож байна шүү?
-“Cross animation”-ы Нэмэхээ л олсон шүү дээ. Төстэй хүн авъя гэж бодсон юм байлгүй. Миний зургийг тусад нь, тэд нарын зургийг тусад нь аваад найман сар хүлээлгэж байж гаргасан клип. Хөгжмийн зохиолч нь дуугаа өгөөд, дээрээс нь клипийг нь даана гэдэг их том бэлэг. Манай Балхжав өөрөө хоёр дуунд маань клип хийлгэсэн. Яг төрчихөөд шинэ дуу хэрэгтэй, ажил хийгээгүй, санхүүгийн бололцоо муухан үед сэтгэл зүйн болон материаллаг дэмжлэг хэрэгтэй л байдаг. Тийм үед хоёр дууны маань клипийг хийлгэсэн. “Тэр намайг дурсдаг болов уу”, “Сэтгэл буруугүй” хоёрыг.

-Та шинэ цомгоо гаргачхаад байж “Пентатоник”-т яагаад ороогүй юм бэ?
-Шинэ цомог маань гараагүй байсан. “Пентатоник” наадам зургадугаар сарын 30-нд болж, миний цомог долдугаар сарын 10-нд гарсан. Гэхдээ хэвлэлтэд явуулчихсан байсан л даа.

-Ядаж л клип, дуугаа өрсөлдүүлэхгүй. UBS Muzic awards-т ч бас оролцоогүй шүү дээ. Энэ чинь эсэргүүцэл үү?
-Яах юм бэ, зөндөө л авлаа. Одоо залуучууд нь хоорондоо өрсөлдөг л дээ. “Тэр намайг дурсдаг болов уу” дуу маань олны таашаал хүлээсэн уран бүтээлд нэр дэвшсэн л гэсэн.

-Хэрвээ та нар оролцсон бол энэ наадмын нэр хүндийг өргөөд л явчих байсан шүү дээ?
-Үнэгүй юү. Чи өөрөө хүнд үнэгүй сонин хийж өгдөг үү?

-Үгүй л дээ.
-Ялгаа юу байна. Урлагийнхан болохоор үнэгүй гэж бодож болохгүй ээ. Би лав юуг ч үнэгүй рекламдахаа больсон. Тэр болгон, юм болгонд далдганаж ороод байх шаардлагагүй. Оролцож байгаа үйл ажиллагааныхаа ач холбогдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Жил болгон ингэж шатан барин наадам хийж, УБ Паласт хандив өгөөд байх шаардлага байна уу.

-Та нарын үеийнх шиг том сенсаац ч байхгүй, их л даруухан өнгөрсөн шүү?
-Одууд нь арай жолдож байна. Залуучууд учраас. Биднийг л дуурайж байснаас биш өөрийн гэсэн онцлог алга. Хүмүүс Сараа шинэ содон юм хийхгүй байна гэж магадгүй. Гэхдээ Сараа юм хийхгүй болохоор бусад нь дуурайж чадахгүй байна. Одоо өөрсдөө хийг л дээ. Би бас өөрөө гойд юм бодчихсон л байгаа. Орос ах нараасаа, Америк эгч нараасаа сурч байна. Гэхдээ би хуулахгүй ээ, санаа авна. Санаа бол хэзээ ч илүүдэхгүй шүү дээ. Бурхны авралаар би хэдэн хэлтэй юм байна, уншиж судалж байна.

-Ариунаа та хоёр их эв түнжинтэй, байнга утсаар ярилцдаг болсон гэх юм. Намба сууж байгаа хэрэг үү?
-Хүнд үед нь бие биенийгээ дэмжиж явъя л даа. Нөхөр нь элдэв хэл аманд ороод байхаар эмэгтэй хүнд хэцүү л байгаа. Харин ч бид хэд Ариунаагийнхаа нөхрийг сонгуульд нэр дэвшвэл сурталчилгаанд нь явж өгнө гэж ярьж байгаа. Яадаг юм, нэгний маань ч гэсэн нөхөр УИХ-ын гишүүн болог л дээ.

-Та хоёрын өрсөлдөж байсан тэр үеийнх шиг хүчтэй өрсөлдөөн өнөөдөр яагаад рок попын урлагт байхгүй болчихов оо?
-Шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа учраас тэр. Шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх холбоо гэж уг нь байгаа. Энэ амаа хөдөлгөдөг нөхдүүдийг жаахан зангарагтай болгомоор л байна. Шинэ үеийнхнээс жинхэнэ “ориг”-оороо дуулж байгаа нь BX л байна. Манай залуу дуучдын хийж байгаа нэг том алдаа нь амьд хоолойгоор, амьд аппаратур дээр дуулж сураагүй байж стадионд дуулаад байх юм. Дэлгэрмөрөнгийн ч, Болдын ч тоглолт хэцүүхэн л боллоо. Үзэгчид яг сонсоё гэсэн дуугаралтаа сонсож чадаагүй учраас хичнээн ч гоё үсрэлт харайлт хийгээд, хичнээн их салют буудаад нэмэр болсонгүй. Жавхлан, Ариунаа, Баясгалангийн дуугаралтаас “Ингэж дуулж болдог юм байна” гээд ойлгоод авчихсан хүмүүс чинь голохгүй яах юм.

-Та өөрөө стадионд ер нь тоглохуу?
-Стадионд дуугарах сайн хөгжим хэрэгтэй байна. Дээр нь боловсон 00-той болсон цагт л тоглоно доо. Яагаад гэвэл би үзэгчдээ хүндэтгэж байна. 00 байхгүй, хүмүүс нь бургасаар яваад байдаг юм билээ. Энэ чинь хотын төв шүү дээ. Маршалын хотхон, Оддын хотхон гээд өчнөөн тансаг хорооллууд тэнд босоод байдаг. Тэгээд хотын төвд байгаа төв цэнгэлдэхээ яагаад боловсон 00-той болгож болдоггүй юм. Удахгүй Хөлбөмбөгийн ордон баригдах юм гээ биз дээ. Тэр үед нь л тоглолтоо хийе. Түүнээс биш хүн үзэхгүй гэж би айхгүй. Өмнө нь би Б.Жаргалсаайхан гуайтай зөвшилцөөд стадионд тоглох гэж л байсан. Хөх Тэнгэр хамтлагт байхдаа 1990 онд тоглож байсан. Түүнээс биш бид чадахгүйдээ биш. Хятадад очоод тэдний хөгжим дээр “Хайрын бурхан”-ыг шивнэхэд л заал дүүрэн дуугарч байна. Тийм сайн хөгжим хэрэгтэй.

-Гантулгатай дуулсан “Миний хайр” ч юм уу, “Харанга”-ын Лхагваа, Дашка ахтай дуулсан шигээ гоё дуэт дуулахгүй юм уу?
-Дуэт дуу ядаргаатай шүү дээ, хаа явсан газраа нэг хүн чирж явах гэж. Ядахнаа манайхан чинь олддоггүй байхгүй юу, алга болчихно. Тийм учраас дуэт дуулах хэцүү. Гэхдээ гоё л доо. Тоглолтонд дандаа хамт явдаг Сэрчмаа, Ньюанс, эсвэл BX-тэй л дуэт дуулж баймаар юм шиг байгаа юм/инээв/. Харин “Эмоушн”-ынхон ирээд тоглолт хийвэл Чинбаатай “Зүрхэн хоёр алга”-аа дуулна аа. Тэд нарыгаа дэмжинэ гэж амласан. Чинбаа өөрөө их гоё оранжировк хийдэг юм хүн, энэ дуундаа шинээр оранжировк хийчих байлгүй. Sara Britman, Andrea Boccheli хоёрын дуулсан “Time to say goodbye” дууг Дашкагийн төрсөн өдөр дээр дуулахад Чинбаа надад оранжировкийг нь хийж өгч байсан. .

-Одоо ямар дуу, цомог гаргая гэж бодож байна?
-Ардын маягийн стильтэй цомог гаргая гэж бодож байна. Зохиолын ч юм уу, этник маягийн дуутай, “Аргагүй амраг” шиг цомог гаргамаар байна. Даанч цаг гарахгүй юм аа, түүнээс биш хоолой бичүүлэх бол асуудал биш. Студи ойрхон, гүүр даваад л “New star”. Доороо “American gerrl” гэж гоё ресторантай. Сая бүр сандарсан үедээ Хулангаа тэврээд студи рүүгээ ордог, тогооч нь хүртэл охиныг маань харж байж дуугаа бичүүллээ шүү дээ.

-Охиноо бүүвэйлж байсан нөгөө гоё ардын дуугаа оруулна биз?
-“Шаргын шаргын жороо нь ээ
Шанхны үзүүрт …” гээд үү? Оруулна аа. Ардын жүжигчин Цогзолмаа гуай надад зааж өгсөн юм.

-Аялан тоглолтоо яаж хийх төлөвлөгөөтэй байна?
-Маш их клип л гаргах байх, видео проектор авч явна. 2003 оноос хойш гаргаагүй клипүүд байгаа. Тэр их чухал юм билээ, хүмүүс тэр болгон клип үзээд байдаггүй учраас. Тоглолтоо видеотой холбож хийнэ. Хамт нэг тайзан дээр гарч чадахгүй ч гэсэн хамтарч дуулж болно шүү дээ. Балхаа бид хоёр “Мөнгөн шөнө”-өө дуулна. Балхаа экранаас, би жинхэнэ амьдаараа тайзнаас дуулна.

-Хэр том групп явах вэ? Охиноо орхих уу?
-Бас л 15-16 хүн явна даа. Машинаар явах учраас охиноо авч явж чадахгүй. Уг нь Булганаас эхэлье гэж бодож байсан ч театр нь засварт орсон байна лээ. Эрдэнэтэд ирэх сарын 4-нд, Хөвсгөлд 6-нд, дараа нь Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай гээд арван аймагт тоглоно. Өдөрт хоёр удаа тоглохоор захиалгаа өгчихсөн байгаа.

-Аялан тоглолтоор явна гэхээр зүрхшээхгүй байна уу, хэдэн жил завсарласан бэ?
-2003 оноос хойш дөрвөн жил. Гайгүй ээ. Спонсорууд байгаа. Дээр нь би нэг гарын шавьтай болж байгаа, тэр маань энэ тоглолтонд миний ард хоолой хийж өгнө. Өөрийнхөө дууг бас дундуур нь дуулна. Сараагийн үзэгчдэд өөрийгөө сурталчилна гэдэг том сурталчилгаа биз дээ. Арван аймгаар авч яваад дасгалжуулна даа. Поп ч дуулчихаар, рок, “R&B” ч дуулахаар хоолойтой хүүхэд байна лээ. Гол нь би дуулах техник заах ёстой. Эхлээд махыг нь идүүлж байгаад дараа нь шөлийг нь уулгана даа.

-Улаанбаатарт тоглолтоо хэзээ хийх вэ?
-Аялан тоглолтоос ирсээр байтал шинэ жил болно, тэгээд дөрвөн сар хүргэх байлгүй дээ. Улаанбаатарт олон тоглолт хийж яах юм бэ. Аймаар төвөгтэй, ёстой амьтан болох нь холгүй болдог биз дээ. Тэр олон телевизүүдийн бүх нэвтрүүлгээр ороод л. Тэнэг тийм ээ. Тоглохгүй байх чинь харин зүгээр юм байна шүү. Хүмүүс аяндаа үгүйлээд эхэлдэг.
-Танд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье

 

Ц.БУЛГАНЗАЯА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж