Ц.Ням-Осор: Төр бизнестэй хутгалдахаа болих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Ц.Ням-Осор: Төр бизнестэй хутгалдахаа болих хэрэгтэй

Бизнесийн орчин, үйлдвэрийн хөгжил, төр засгийн  бизнест  оролцох  оролцооны талаар Жижиг дунд үйлдвэрийн дарга асан, Жижиг дунд бизнесийн хөгжлийн төвийн   тэргүүн  Ц.Ням-Осороос цөөн асуултад хариулт авлаа.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зовоодог асуудал нь татварын орчин. Өнөөдөр  энэ салбарт хууль эрх зүйн таатай орчин  байна уу?

-Жижиг, дунд үйллдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ онд дуусна. Үүнийг сунгах шаардлагатай байна. Бас НӨАТ ногдуулах босгыг 200 сая төгрөг болгох хэрэгтэй. 1998 онд НӨАТ-ын босго 10  сая төгрөг байхаар тогтоосон,  энэ босго 15 жил огт өөрчлөгдөөгүй. Харин бараа бүтээгдэхүүний үнэ 15 -20 дахин өссөн шүү дээ. Гэтэл татвар авдаг, авахгүй ч гэсэн байцаагчид нь шахаж дарамталдаг, шалтгааны нэг нь тун бага орлогод НӨАТ-ын босго үйлчилж байгаа асуудал юм. Жилийн 100 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид хялбаршуулсан тогтмол татвар ногдуулах эрх зүйг бий болгомоор байна. Ийм татвартай болсоноор жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бүртгэл хөтлөх, тайлан баланс гаргах зэрэг хий дэмий цаас үрсэн, цаг гарзадсан ажил хийхгүй болно. Мөн татвар, хяналтын бацаагчдад дарамтлуулахгүй. Хятад, Солонгос, Малайз зэрэг олон улс ийм татвартай. Мөн алслагдсан бүс нутгийн ялгавартай уян хатан татварын системтэй болох хэрэгтэй. Орон нутагт үйлдвэрлэл, бизнес хийх нөхцөл хүнд, зах зээлийн багтаамж бага, мэргэжилтэй ажилчид ховор. Мөн дулаан, цэвэр бохир ус үнэтэй, дэд бүтцийн хөгжил сул байдаг нь зардал ихсэх, үйлдвэрлэл бизнесийн үр ашиг буурах нөхцөл болдог. Үүнээс шалтгаалан орон нутагт ажлын байр бий болдоггүйгээс иргэдийг төв рүү бөөнөөрөө нүүдэллэхэд хүргэж байна. 

-Жижиг дунд бизнес эрхлэгчид  дарамт шахалтад орж байна гэж их ярих юм.  Чухам энэ дарамт ямар байдлаар илэрч байна?

-Бизнес эрхлэгчдэд учирдаг хүндрэл бэрхшээл арилгах арга замын талаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удаа дараа хэлсээр л байгаа. Даанч төрийн дунд шатны хүнд суртлыг дийлэхгүй байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх зүйн зөвлөгөө өгөх, сургах, дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээ цаг үеэс ихээхэн хоцорсон. Төрийн байгууллага, томоохон аж ахуй нэгжид  нийлүүсэн бараа, гүйцэтгэсэн ажлынхаа  төлбөр тооцоогоо  авч чадахгүй байна шүү дээ. Татвар, мэргэжлийн хяналтын байцаагчийн дарамт шахалт их байна. Жижиг дунд бизнес  эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал төрийн зүгээс онцгой хяналтанд авах хэрэгтэй. Жишээ нь Солонгос улс  жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ сургах чадваржуулах, дэмжих чиглэлийг оновчтой хэрэгжүүлснээр 40 жилийн дотор загас агнуур, газар тариалангийн орноос дэлхийд экспортлогч гол  зургаан орны нэг болж чадсан. Усан онгоц, телевиз, бэлэн хувцас, бөс бараа, цахилгаан барааны барааны үйлдвэрлэлээр дэлхийд 1-4 байранд ортол бизнес үйлдвэрлэлээ дэмжиж “Хан мөрний хөгжлийн гайхамшиг” гэдгийг үзүүлж байна. Харин манайх социализмын 70 жил, ардчилалын 23 жилд үйлдвэр бизнесээ нураасан, тоносон, төр нь дээрэмдсэн, жижиг дунд бизнес эрхлэгчид дарамт шахалтад орсон, эрдэс баялгаа ухаж түүхийгээр нь гадагш нь зөөсөн, мал аж газар тариалангийн орон хэвээр д  байна. Энэ төр засгийн алдаа болохоос бизнес эрхлэгчдийн буруу биш. 

-Тэгвэл ямар гарц харагдаж байна. Төр засгаас энэ салбарыг яаж дэмжих нь зөв бэ?

-Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ импортын зах зээлээс хамгаалах гаалийн тарифын зохицуулалтын бодлого хэрэгтэй. Монголд ашигтай бизнесийг гадныхан эсвэл улс төрийн оролцоотой олигархууд хийдэг. Жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн өндөр хүү, түрээсийн төлбөр, төрийн дарамтыг үүрч байна. Үүнийг өөрчлөхгүйгээр Монголд үйлдвэрлэл бизнесийн ирээдүй ажилгүйдэл, ядуурлын асуудал, улс орны эдийн засгийн хөгжил бүрхэг.  Түүхий эдээ гадагш нь ачиж олсон мөнгөөр баахан хот барилга, зам тавьж баялагаа дуусахаар юу ч үгүй болсон Нигери улс шиг л болно. Иймд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо оновчтой тодорхойлж импорт орлох, экспортод бараа гаргах олон салбарын жижиг дунд үйлдвэрийг  төр одооноос чадваржуулж дэмжмээр байгаа юм. Ингэхийн тулд эхлээд хууль эрх зүйн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх нь чухал. Төр аж ахуйн ажилд хутгалдаж, бизнес хийхээ зогсоох хэрэгтэй. Монголд бичил  бизнес, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд томоохон үйлдвэр гэсэн гурван  ангилал байх ёстой. Бизнес эрхлэгч өөрсдөө эрсдэлээ дааж, үйлдвэрлэл хөрөнгө оруулалтаа хийдэг. Төрд гай болдоггүй. Гэтэл төр мэдэхгүй байж заах, чиглүүлэх, шахаж дарамтлах бодлогоор оролцож эцэст нь хариуцлага хүлээдэггүй. Эд хөрөнгө, нэр төр, амь амьдралаараа дэнчин тавьж зүтгэдэг хүмүүс бол бизнес эрхлэгчид.

Төр засаг мэргэжлийн хяналт, татвар, гааль, газар, үл хөдлөх хөрөнгө зэрэг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дарамт шахалт үзүүлж, хүнд суртал гаргадаг. Бизнест оролцдог төрийн байгууллагуудын орон тоог цөөлж, хяналт шалгалтыг багасгаагүй тохиолдолд Монголд үйлдвэрлэл бизнесийн хөгжил, хурд улам удааширна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж