Эрдэм шинжилгээний бага хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал болов

Монгол Улсын уул уурхайг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, төрөөс баримтлах бодлогод эрдэмтдийн саналыг тусгах, судлаач эрдэмтдийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох зорилгоор өнгөрсөн баасан гаригт "Уул уурхай-хөгжлийн тулгуур" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Дээрх бага хуралд эрдэмтэн судлаачид "Монгол орны эрдэс түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж", "Монголын нүүрснээс шингэн түлш гарган авах судалгааны тойм", "Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах нь"  зэрэг  илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм.  Улмаар итгэлүүдийг дүгнэхэд доктор Б.Пүрэвтогтохын "Шивээ-Овоогийн уурхайд нүүрсний технологиудыг нэвтрүүлэх судалгаа, үр дүн" илтгэл тэргүүлж,  доктор Ж.Дугаржавын "Нүүрсэнд суурилсан химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь", докторант Б.Элбэгзаяагийн "Уул уурхайн салбарт хэрэглэж байгаа техник, технологид үнэлэлт дүгнэлт өгөх судалгаа" илтгэл хоёр, гуравдугаар байрт орсон юм.

Дашрамд тэмдэглэхэд, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газраас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 30 гаруй эрдэмтэн судлаач илтгэлээ ирүүлснээс шүүгчид долоог нь сонгон  бага хурлаар хэлэлцүүлсэн нь энэ ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж