Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болно гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болно гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндсөн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын онцолсноор өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн аймагт Засаг дарга болон ИТХ-тай холбоотой асуудал хөндөгдөж, Засгийн газрын нэгдмэл байр суурьт нөлөөлөхүйц мэдээллүүд хэвлэлүүдэд гарсан нь энэ талын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь харуулсан байна. Тиймээс бүлэг энэ асуудлыг хэлэлцээд зарим өөрчлөлтийг хуульд оруулах шаардлагатай гэж үзжээ. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог. Ингэхдээ тухайн шатны аймаг, нийслэлийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд батламжилж томилдог. Тэгвэл өөрчлөлт оруулах хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх, сумын Засаг даргыг иргэд өөрсдөө томилдог байх зарчмын өөрчлөлт хийх ёстой гэж үзжээ.

Хоёрдахь асуудал нь хэлэлцсэн асуудал нь Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл аж. Эл төслийн талаар Шадар сайд Д.Тэрбишдагва мэдээлэл хийжээ. Бүлгийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Олон нийтийн зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагыг авлига, хүнд суртлыг өөгшүүлсэн газар болсон гэж шүүмжлэх болсон. Тиймээс энэ бүхнийг таслан зогсооход дээрх төсөл тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Төсөлд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг, үүрэг, бүтцийг тодорхойлсон бөгөөд нийтийн аюулгүй байдлын хяналтыг хангах чиг үүрэг нь одоогийнхоороо төвдөө үлдэж, аж ахуйн нэгжтэй холбогдох хяналт дүүрэг рүү шилжихээр заагаад байгаа юм байна.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж