
Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдаж, долоон хүүхэд нь хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Энхбат “Урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс лабораторийн шинжилгээ авахад дизентери илрээгүй. Харин клиник үзлэг хийхэд дизентери байж магадгүй байгаа. 11 хүүхэд өвчилсөн. Долоо нь ХӨСҮТ-д хэвтэж байгаа бол үлдсэн нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Бид ариутгал, тархвар судлалын тандалт судалгаа хийгээд зөвлөмж гаргасан. Цэцэрлэгийн хоол хүнс, уснаас шинжилгээ авсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ. Мөн цэцэрлэгийн анги, гал тогооноос 20 арчдас, агаараас хоёр, хоолноос зургаан сорьц, түүнчлэн ахуйн уснаас сорьц аван, мэргэжлийн хяналтын төв лабораторид хүргүүлээд байгаа аж.
О.САР