
Энэ удаагийн шатрын рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 8 дахь удаагийнх юм. Тэмцээнд нийт 53 шилдэг шатарчин оролцсоны дотор 3 их мастер, 5 олон улсын мастер, 15 ФИДЕ мастер байлаа.
Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглосноос эмэгтэйчүүдээс олон улсын мастер Д.Янжиндулам 9.0 оноогоор түрүүлж, спортын мастер С.Сарантунгалаг 6.0 оноогоор хоёрдугаар байр, ФИДЕ мастер У.Лхамсүрэн 6.0 оноогоор гуравдугаар байр эзлэв. ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ 6.0 оноогоор, спортын мастер Ө.Нямтуяа 5.5 оноогоор шагналт байрт шалгарлаа.
Эрэгтэйчүүдээс их мастер Д.Шаравдорж 7.5 оноогоор нэгдүгээр байр, олон улсын мастер Г.Мөнхгал 7.0 оноогоор хоёрдугаар байр, ФИДЕ мастер У.Насанжаргал 6.5 оноогоор гуравдугаар байр эзлэж, өсвөрийн шатарчин ФИДЕ мастер С.Билгүүн, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр нар тус бүр 6.5 оноогоор шагналт байр эзэллээ.
Шатрын бодлого зохиомжийн дэлхийн хүндэт мастер, олон улсын хэмжээний мастер С.Чимэдцэрэн агсны нэрэмжит Шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнд шилдэг 20 бодогч оролцож, 70 минутад 20 онооны 4 даалгавар гүйцэтгэснээс ФИДЕ мастер С.Билгүүн 19.5 оноогоор анх удаа аварга боллоо. ФИДЕ мастер, бодлого бодолтын улсын аварга Ж.Лхагва 15,5 оноогоор мөнгөн медаль, Спортын мастер Б.Галмандах 15.0 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Шатрын бодлого зохиомжийн тэмцээнийг С.Чимэдцэрэн агсны үр хүүхдүүд ивээн тэтгэв.
Гэрэл зургийг Б.БАТМӨНХ