Мөс цөмрөх аюулаас сэргийлэxийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Мөс цөмрөх аюулаас сэргийлэxийг анхааруулав

Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна гэж Ус судлалын сектороос мэдээлэв.

Малчдад зориулсан мэдээ:
 Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.
 2013 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна..

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

2013 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

     10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж