
-МСҮТ гэдэг маань хуучнаар бол тмс, техникум шүү дээ.Тэгэхээр энэ маань тухайн улс орны ажиллах хүчний гол цөмийг бэлтгэдэг уурхай болдог учиртай.Хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна түүнийг бэлтгэх ёстой салбар.Ер нь манай ЕБС төгсөгчид их, дээд сургуульд орж чадахгүй бол ТМС-д явна гэсэн ойлголттой байсан.Гэхдээ одоог хүртэл энэ ойлголт тодорхой хэмжээгээр байж л байна.
Элсэлт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамааралтай. Хөдөлмөрийн зах зээлийн Эрэлт гэдэг зүйл өөрөө маш олон зүйлийг агуулдаг.Манай орны хувьд хүн амын тоо, газар нутгийн онцлогоос хамаараад хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ажиллах хүчний нийлүүлэлтийн хувьд нэлээд онцлогтой бодлого зохицуулалт шаардлагатай. Манай бүх аймгийн төвүүдэд МСҮТ ажиллаж байна.Аймаг орон нутгийн онцог, эдийн засаг, нийгмийн тодорхой ялгаатай орчин болон бизнес үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр харилцан адилгүй хөгжсөн, иргэдийн амжиргааны түвшин дунд ба доогуур байдалтай, улирлаас хамааралтай ажлын байр бий болдог.Энэ бүгдээс дээр хэлсэн эрэлт хамаарна.Мөн үндэсний шинж чанартай болон бүс нутгийн чанартай бүтээн байгуулалт ч эрэлтэд нөлөөлнө.
Нөгөөтэйгүүр хувь хүний өөрийн зорилт буюу хувь хүний эрэлт байна.Тодруулбал ес, арван нэгдүгээр анги төгссөн хүүхэд богино хугацаанд мэргэжил эзэмшээд ажил хийх хүсэлтэй байж болно. Насанд хүрсэн хүмүүс ч ажлын байрандаа тэнцэх, хамгаалж үлдэхийн төлөө ч мэргэжил эзэмшиж болно. Эсвэл мэргэжлээ дээшлүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх, зорилгоор зэрэг шалтгаанаар МСҮТ-д хандаж болно. Магадгүй компаниуд өөрт хэрэгцээтэй дутуу хүний нөөцөө нөхөх бүрдүүлэх, бизнесээ өргөжүүлж тэлэх ч зорилготой өөрийн хүмүүсээ суралцуулж болно.Тэгэхээр дан ганц их, дээд сургуульд элсэж чадаагүй эсвэл дандаа есдүгээр анги төгссөн хүүхдүүд суралцдаг гэж ойлгож болохгүй байх.
-Мэргэжил олгох эдгээр төвүүд хэр хүрэлцээтэй вэ.Эрэлтээ хангаж чадаж байгаа юу?
-Одоо байгаа МСҮТ-ийн тоо бол хангалттай.Гурван сая хүрэхгүй хүнтэй манай улсын хувьд 78 сургууль гэдэг бол боломжийн үзүүлэлт.Үүнээс гадна курс, дамжаа түр сургалтын байгууллага зөндөө байна.
Үсчин, тогооч, гар утас засварчны сургалт гээд л маш олон болсон байна.Гэхдээ эдгээр газрууд МСҮТ шиг сургалтын тусгай зөвшөөрөл авдаггүй.Үйлдвэр дээрхи болон түр хугацаанд сургалт явуулдаг газрууд байгаа.Заримыг нь ашгийн төлөө ч гэж хэлж болно.Харин хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэж чадаж байна уу гэвэл өөр хэрэг.Энэ нь тухайн сургуулийн удирдлага, чадварлаг багш, шаардлага хангасан сургалтын орчин зэргээс маш их хамаарна.Чадамжид суурилсан сургалт гэчихээд дадлагын багаж тоног төхөөрөмж, шаардлага хангасан материал хэрэгсэлгүй бол бүтэхгүй.2011 оноос өмнө хичээлийн агуулга сэдэвт анхаарч танхимын буюу онолын сургалт явуулдаг байсан. Харин одоо бол шавь төвтэй,хэрэгцээ, чадамжаас хамаарсан буюу яг сурч буй мэргэжлээр нь дадлагажуулах, шаардлагатай чадварыг олгоход түлхүү анхаарах болсон.
-Суралцагчдын чадвар хэр байгаа вэ.Ер нь тэдний ур чадварыг дээшлүүлэхийн тулд ямар ажлууд хийж бай-на вэ?
-Орчин үе, гадаад ертөнцтэйгээ хөл нийлүүлсэн алхмыг хийх хэрэгтэй болсон. Чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжих ажлууд хийгдэж , нэлээд хэдэн салбарын 40 гаран мэргэжлүүдээр сургалт явуулж байна. Төгсөгчдын чадварыг дээшлүүлэхэд нөлөөлөх нэг арга хэмжээ болгож өнгөрсөн намар төв талбайд Монгол ур чадвар тэмцээнийг анх удаа зохиосон зохион байгуулсан.Энэ нь олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн,бас тодорхой гишүүнчлэлтэй, татвартай.Манай улс гишүүнээр элсэхээр болсон байгаа. Манай МСҮТ-ийн суралцагч төгсөгчдөөс 2015 онд болох дэлхийн ур чадварын олимпиадад оролцуулах зорилт төлөвлөгөөтэй байгаа. Тэр зорилтоо биелүүлэхийн тулд сургууль бүр суралцагчдынхаа чадварыг дээшлүүлэх зорилгоор байнгын уралдаан, тэмцээн гээд олон ажлыг хийх байх, манай мэргэжлийн боловсролын газар ч олон ажил төлөвлөж зохион байгуулж хийх байх.
-Сургуулиудын сургалтын орчин, чанарын талаар юу гэх вэ.Эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу дадлага давамгайлсан сургалтаар боловсрол авах боломж хэр байгаа бол?
-Өнөө үед энэ салбарын баримтлах бодлогыг хууль, тогтоомжоор батлаад гадны болон дотоодын байгууллагууд дэмжээд ирэхээр сургалтын орчин нөхцөл сайжирч байгаа. Ялангуяа “Оюутолгой”, “Азийн хөгжлийн банк” “Монголын Мянганы хөгжлийн сан” зэрэг ОУ-ын байгууллагын санхүүжилтээр нэлээд хэдэн сургуульд олон тооны дадлагын багаж, техник хэрэгсэл өгсөн байна. Тэгэхээр сургалтын орчин нэлээд сайжирсан. Нөгөөтэйгүүр МСҮТ-үүдийг төрөлжүүлэх ажлыг хийж байна. Тухайлбал Говьсүмбэр аймгийн МСҮТ гэхэд уул уурхайн чиглэлээр, Ховдын МСҮТ газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр,Завхан Баянхон¬го¬рынх бетон, автозамын мэргэжлийн чиглэлээр гэх мэт илүү нарийн төрөлжүүлж байна.
Үүнийгээ дагаад сургалтын орчныг түүнд нь дүйцүүлэх, ирэх онуудад ямар мэргэжил эрэлттэй байна гэдэг судалгааг манай яамны холбогдох газрууд хийсэн.Үүнийхээ дагуу мэргэжлийнх нь ангийг нээх зэргээр ажлаа төлөвлөөд явж байна. Манай Хөдөлмөрийн судалгааны институтээс төгсөгчдийн ажлын байрны талаар хийсэн судалгаанаас үзэхэд, сургалтын орчинд сэтгэл ханамж тааруу гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс үүнийг цаашид улам сайжруулах хэрэгтэй байна.Сүүлийн үед хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаар жишиг МСҮТ-үүдийг бий болгож байгаа.Тухайлбал саяхан Говьсүмбэрт нээлтээ хийлээ.Налайх, Өмнөговь, Дархан зэрэг ийм жишиг МСҮТ байгуулагдана.
Сургалтын орчин, дадлагын байрыг бэлтгэх бий болгох ажил зөвхөн нэг талын зөвхөн яам, бодлогын газар, хөрөнгө оруулагч төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил биш манай сургуулиуд, тэдгээрийн захирал удирлагуудын, багш нарын санаачлага, хүчин зүтгэлээр хийгдэх болов уу.
-Ирэх онд МСҮТ-д зориулж 80 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн.Тэгэхээр энэ төсөв юунд илүү зарцуулагдах бол?
-МСҮТ-ийн чиглэлээр 80 гаран тэрбум төгрөг сайдын багцад тавигдсан байгаа. Үүнээс шинээр барих сургуулийн байр, барилгын засварын ажилд бага төсөвлөгдсөн.Харин сургалтын тэтгэлгийг их, дээд сургуулийн жишгээр 70 мянга болгосонтой холбоотой, тухайн сургуулиудын хувьсах зардал, хичээл үйлвэрлэлийн дадлагын зардал буюу сургалттай холбоотой зардлууд тусгагдсан. Материаллаг баазыг нэмэгдүүлэх сургалтын орчин, дадлагын бааз, материалыг сайжруулахаар ч бас тавигдсан байх.
Төсвийн нарийвчилсан задаргаа хийгдэх байх.Энэ задаргааг маш сайн хийж, сайн төлөвлөх хэрэгтэй байгаа.Ялангуяа нарийн судалгаа төлөвлөлтгүй хийгдсэн ажлуудаас болоод төсвийн үргүй зарцуулалт гарах магадлалтай байна.Тухайлбал сургуулиуд бид энэ хичээлийн жилд ийм тооны элсэгч авна гэж оруулдаг.Түүнийх нь дагуу хувьсах зардал, сургалтын тэтгэлэг зэргийг нь бодоод төсөв баталдаг. Гэтэл зарим сургуулийн элсэгчийн тоо батлагдсан квотдоо хүрэхгүй байна Тэгэхээр квотдоо хүргэж чадахгүй байгаа сургуулиас бо¬лоод төсвийн үргүй зардал гарах магадлалтай.
-Уг нь энэ сургуулиуд тодорхой судалгааны үндсэн дээр дээрх тоог гаргасан байх.Гэтэл яг байдал дээрээ яагаад квотдоо хүрч чадахгүй байна.Үүний шалтгаан нь юу юм бэ?
-Эхний шалтгаан бол элсэлтийн хяналтын тоог ямар ч үндэслэлгүй тогтоосон.Бидний үзэж буйгаар ашгийн төлөө байж магадгүй гэж бодож байгаа.2008 онд МСҮТ-ийн оюутанд олгох тэтгэлгийг 45 мянга болгож нэмэгдүүлэн тогтоосон.Тэр үед элсэгчид ихээр нэмэгдсэн судалгаа байдаг.
Нөгөө талаас ялангуяа хувийн хэвшлийн зарим нэг сургуулиуд ашгийн төлөө албаар квотыг илүү тогтоох сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй.Суралцагчдын дундаж тоогоор тооцож төсөвлөдөг сургалтын тэтгэлэг, хувьсах зардал зэргээс болж ийм зүйл гардаг байж магадгүй гэсэн хардлага байгаа.Гэхдээ арай ч тэгээгүй байлгүй дээ л гэж бодож байна.Мөн хувь хүний сонголт, сургуулиас элсэлтийн талаар хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаа, олон нийтэд үнэлэгдэх байдал зэрэг олон зүйлээс шалтгаална.
Нөгөө талаас оролцогч талуудын оролцоо дутсанаас бас болж байна.Сургуулиуд ирүүлсэн материалыг боловс¬ролын газрын мэргэжилтэн нэгтгээд санхүүд өгдөг санхүү нь түүнийг нь явуулаад батлагдчихдаг.Үүнийг бас өөрч¬лөх шаардлага гарч байна.Уг нь энэ асуудлыг зохицуулсан талуудын оролцоо, судалгаанд үндэслэн тогтоох журам байгаа.Шинэчлэх бас түүнийгээ мөрдөж баримталж ажиллах хэрэгтэй болох байх.
-Ажил олгогчдын зүгээс төгсөгчдийг ажлын байраар хангах сонирхол хэр байдаг вэ?
-Ерөөсөө чадамжид суурилсан сургалт, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр зэрэг тусгайлсан хөтөлбөрүүдийн зорилго нь нийгмийн түншлэлийн оролцоог дэмжих, ажил олгогчийн хүсээд байгаа шаардлага эрэлтийг хангах зорилготой.Сургана гэдэг маань нэг талын ажил байж болохгүй.Сургуулиуд мэргэжилтнээ бэлтгээд гаргачихлаа.Тэгэхээр тэр хүнд ажлын байр хэрэгтэй болно.Үүний тулд үндэсний баялаг бүтээгчид буюу хувийн хэвшил болон төрийн байгууллагад ажиллана.Тиймээс нийгмийн түншлэлийн гурван тал буюу ажил олгогч, төр, ажилтны эрхийг хамгаалах төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл зэргийг татан оруулах шаардлагатай байна.
Сургууль, ажил олгогч хоёр байнгын харилцаатай байх шаардлагатай.Ер нь ажил олгогчид “Надад чадваргүй 10 хүнээс чадвартай дөрвөн хүн хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа.Тиймээс чадвартай ажилтан байвал манайд өгөөч гэсэн саналыг тавьдаг. Өөрөөр хэлбэл эрэлт их бий.
МСҮТ-тэй холбоотой өөр ямар асуудал байгаа бол.Цаашдын зорилт юу байна?
Хөдөлмөрийн сайдын болон төрийн нарийн бичгийн даргын тушаалаар МСҮТ-дийн удирдлага зохион байгуулалт, төсөв санхүүгийн болон сургалтын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийгдсэн. Эндээс цаашид анхаарах шаардлагатай зүйлүүд нэлээд байгаагийн нэг нь сургалтын байгууллагуудын төсөв санхүүгийн үйл ажиллагаа байна.Төсөв суралцагчдын тооноос бараг шууд хамааралтай.Тэгэхээр МСҮТ-дийн суралцагчдын тоог үнэн бодитой гаргах, мэдээлэх, хяналт тавих, тайлагнах асуудалд онцгойлон анхаарна.Манай яам хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, мэдээллийн санг бий болгож ашиглаж эхлээд байна.МСҮТ-н бүх статистик мэдээллийг ялангуяа суралцагчдын мэдээг регистрийн дугаараар нь үүнд оруулна.Сургуулиудын удирдлагаас ил тод байдлыг хангаж ажиллах, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг шаардана.
Манай яамнаас цаашид Мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн ил тод байдал, хяналт хариуцлагыг шат шатандаа сайжруулахад илүү анхаарч ажиллана.Мэргэжлийн боловсролын байгууллага, суралцагчдыг төр засгаас бодлогоор дэмжиж сургалтын тэтгэлэгийг нэмээд байдаг, бид хуучнаараа байгаад байж таарахгүй. Ирэх жил МСҮТ-ийг аттестатчилах, зарим шаардлага хангахгүй сургалтын байгууллагуудын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн анги, сургалтын чиглэлийн асуудлыг судалж шийдвэрлэнэ.
МБС-ын байгууллага,түүний үйл ажиллагаатай холбогдох зарим хууль тогтоомж, дүрэм журмыг шинэчлэнэ. Мөн орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүд, МСҮТ болон ажил олгогч нийгмийн түншлэлийн бүх талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд манай бүх газар, ажилтнууд анхаарч ажиллах болно.