“Жигүүр гранд” гэр хорооллыг орон сууцжуулна

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

“Жигүүр гранд” гэр хорооллыг орон сууцжуулна

“Жигүүр гранд” групп, “Чулуутын задгай” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил эрчимтэй явагдаж байна. Иргэдийн өөрсдийн үүсгэл санаачилга дээр тулгуурлан хэрэгжих энэхүү бүтээн байгуулалтын үргэлжлэл болж, “Жигүүр гранд” групп, “Чулуутын задгай” ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Иргэдийн Хурлын 2013 оны 3/31 тоот тогтоолын хавсралтын “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.6-д заасны дагуу Ботаникийн цэцэрлэгийн баруун талын 110 га нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхэд ийн бэлэн болжээ.

Тус нутаг дэвсгэрт 1250 өрх айл оршин сууж байна. 1250 өмчлөгч эзэмшигчдээс “Чулуутын задгай” ТББ судалгаа, санал хүсэлт авахад 88.4 хувь нь орон сууцжуулахыг дэмжсэн байна. Цаашид үлдсэн айлуудтай тохиролцон гэрээгээ хийн 99 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж.

Иргэдийн хүсэл сонирхол ийм байгаа тул “Чулуутын задгай” ТББ“Жигүүр гранд” группт хандан энэ хэсгийг орон сууцжуулахыг хүссэн байна. “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр энэхүү хүсэлтийг нааштайгаар хүлээн авчээ. Ийнхүү тус хоёр байгууллага Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус хандан төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж өгөхийг хүсэн албан бичиг илгээсэн байна.

“Барилгын салбартаа тэргүүлэгч, чанарыг дээдэлдэг “Жигүүр гранд” группийг сонгосон нь учиртай” хэмээн “Чулуутын задгай” ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнэ өгүүллээ.

-“Жигүүр гранд” групп бол барилгын салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгээ тэргүүлэх компанийн нэг. Иргэдийн хүсэлтийг “Жигүүр гранд” групп хүлээн авч, хамтран ажиллахаар болсонд бид туйлын баяртай байгаа. Бид тус компанийн олон жилийн туршлага, чанарт бүрэн итгэж байна. Иргэд газраа өгөөд оронд нь тохиролцсон орон сууцаа цаг хугацаанд нь, чанартай хүлээн авах нь дараа дараагийн гэрээ хэлцлүүдээр тодорхой болно. Энэ ажил нь НИТХ-ын тогтоол, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй яв цав нийцэж байгаа учир удахгүй батламжаа гардан, иргэдийн үүсгэл санаачилга бодит ажил болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн юм.

Төлөвлөгөө ёсоор 2014 оны хавар эхний ээлжийн 5 га газрыг орон сууцжуулж эхлэх ба зүүн, баруун талын нэг нэг айлыг нүүлгэн, түр суулгах байранд оруулж, тэндээ байрлан ажиллаж эхэлжээ.

Энэ бүс нутагт ямар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ? 

Явган хүний өргөн чөлөө, талбайгаар тусгаарлагдсан орон сууцны 6 блок болон соёл урлагийн бүхий л төрлийн үйлчигээний цогцолбор босно. Өмнө зүгтээ 2 давхар таунхаус, нэг айлын эзэмшлийн амины орон сууцаас бүрдэнэ. Орон сууцнуудын эргэн тойрны бүрэн тохижуулсан газар, амралт, спорт болон хүүхдэд зориулсан талбай, машины ил зогсоол, 1400 хүүхдийн дунд сургууль, 1000 хүүхдийн цэцэрлэг, хорооллын доторх тунелэн зогсоол /гарааш/-оос бүрдэнэ. Хорооллын баруун хэсгийн ногоон бүсэд олон нийтийн үйлчилгээний 32 давхар цогцолбор төв байрлана. Зүүнээс баруун зүгт чиглэсэн авто замын өргөн чөлөөний эхэнд 26 давхар 2ш төрөл бүрийн үйлчилгээний барилга болон хотын бусад дүүргийн оршин суугчдад үйлчлэх худалдааны төвтэй байна. Хорооллын зүүн хэсэгт том хүн, хүүхэд хэвтүүлэн эмчлэх поликлиник бүхий эрүүл мэндийн төв, хорооллын зүүн өмнөд хэсэгт бассейн, стадион бүхий спортын байгууламжууд байрлана.

2030 он гэхэд Олимпийг төрөлх эх орондоо зохион байгуулахад Улаанбаатар маань олон улсын болон Олимпийн хорооны стандартад нийцсэн хот болсон байх учиртай. Хамгийн гол нь нийслэлийн гол асуудал болоод байгаа хорт утаа, агаарын болон хөрсний бохирдлоос арилгахтом зорилтод “Чулуутын задгай” ТББ болон “Жигүүр гранд” группийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус хоёр байгууллагын хамтын ажиллагаа нь Нийслэлд үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалт болно гэдэгт ч тэд итгэлтэй байна.

Д.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж