Өндөр хурдтай хөгжиж байгаа өнөөгийн шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан нийгэмд орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан, өндөр боловсрол, чадвартай, практикийн ур чадварыг онолын мэдлэгтэй хосолсон боловсон хүчин хэрэгтэй нь ойлгомжтой. Иймээс олон улс орнууд боловсрол, түүний дотор дээд боловсролын шинэтгэлийг амжилттай хийлээ.
Европт 1970-д онуудад хамгийн хоцрогдсон боловсролын тогтолцоотой байсан Финлянд улс өнөөдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дотор (Англи. Organisation for Economic Co-operation and Development, OECD) математик, хэл, шинжлэх ухааны мэдлэгээр олон улсын сурагчдын мэдлэгийн стандарт, хэмжлийн шалгуур болох PISA (Program for International Student Assessments)-аар тэргүүлж байна.
Яаж богино хугацаанд тэд ингэж чадсан бэ? Финлянд боловсролыг шинэчлэхдээ төрөөс санхүүжүүлдэг, сайн чанартай, нийгмийн оролцоо бүхий ийм системийг байгуулж, дунд сургуулийг төгссөн сурагчдын 60% их дээд сургуульд элсдэг, насанд хүрэгчдийн 50% нь мэдлэг, боловсролоо насан турш байнга дээшлүүлдэг уян хатан, хүртээмжтэй тогтолцоог байгуулж, түүнд тавих чанарын шаардлагыг нь дээгүүр тогтоож, төр санхүүжилтээр дэмжсэн байна.
Ингэхдээ нэгдүгээрт, аймаг, бүс нутгийн боловсролын чанарын ялгааг арилгаж, бүс нутаг болгонд олгодог боловсролын чанарыг дээшлүүлэх замаар дээр дурдсан ПИСА-гийн шалгалтад Финляндын өөр өөр мужуудын сурагчдын чанарын ялгаа (вариаци) нь Европ дотор хамгийн бага буюу 5% болж, бусад орнуудын бус нутгийн ялгаа дунджаар 33% байхад, Финландад ямар ч аймаг, орон нутгийн сургуулийн чанар улсын хэмжээд сайн бөгөөд ижил болжээ. Ингэснээр нийслэл төв рүү боловсролын төлөө тэмүүлэх урсгал багасч, хүүхэд бүр төрсөн нутагтаа сайн сургуульд орох боломжтой болсон байна.
Хоёрдугаарт, онц сайн сурдаг түвшин хоорондын ялгаа нь мөн эрс бага болж, бүгд жигд сайн боловсролтой болж төгсдөг болжээ. Мөн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд хамгийн ихээр анхаарч тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр, багш, анги өрөөг сургууль болгонд байгуулсан байна.
Амжилтын нууц нь гэвэл, судлаач нарын хэлж байгаагаар, Финлянд улс сургууль болгонд эрх мэдлийг нь олгож, газар дээр үүсч байгаа асуудлыг сургууль, салбар болгон өөрийн боломжоор шийдэх нөхцөлөөр хангаж, төвөөс аль болохоор бага захиргаадаж, сургуулийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, бүх багш нарыг төрөөс санхүүжүүлдэг 3 жилийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт системтэй хамруулж, хамгийн гол нь сургалтын агуулга, чанар, хөтөлбөрт ихээхэн анхаарч ажилласан байна. Финландад ирээдүйд багш болох гэсэн залуучуудыг чадвараар нь сонгож, хамгийн сайн ,гэх 15%-ийг л багшийн сургалтад хамруулж, зардлыг 100% төрөөс санхүүжүүлсэн магистрын сургалтыг зөвхөн багш нарт зориулж бий болгосон бөгөөд ийнхүү маш сайн мэдлэгтэй, чадвартай багш нартай болж, тэдэнд итгэл үзүүлж, хэт төвлөрсөн, захиргаадалтын системд суурилсан боловсролоос ангижран, цөөн голлох үндэсний стандартад үндэслэж, аймаг орон нутгийн сургууль багш нар хөтөлбөрөө уян хатнаар сайжруулж, бие даан ажилладаг системийг байгуулж дэлхийд тэргүүлжээ. Ингэснээр Багш нарын мэдлэг чадвар нь өндөр, нөөц бололцоо сайтай, сургалт нь инноваци ихтэй, сурагч болгонд ижил тэгш боломжийг олгосон, хүртээмж сайтай болсон байна. Финландад ахаар шаахар юмаар хөөцөлдөж сургуулиуд нэгтгэх бус, сургалтаа бусниулах бус, харин эсрэгээр сургуулиуд нь ихэвчлэн жижиг (300 орчим сурагчтай), нэг ангид цөөхөн сурагчтай (20-30 сурагчдаас хэтрэхгүй), захиргаадалт багатай системийг бий болгож, сургалтын чанараа олон улсын шалгуур ПИСА стандартаар үнэлэхүйц болгожээ.
Ингэхдээ юм болгоныг яамнаас заадаг, тушаадаг тогтолцоогоог халж зөвхөн цөөхөн, гол үндэсний стандартыг барьдаг болжээ. Өмнө нь 700 хуудас бүхий зааврыгг халж, жишээ нь математикийг сургуульд заах үндсэн чиглэлийг 10 хуудаст багтааж, сүүлийн 20 жил орчин үеийн технологи, шинжлэх ухаан, инновацийг сургуулиудад заах тогтолцоонд амжилттай шилжсэн байна. Тиймээс дэлхийд алдартай Нокиа гар утас, ухаалаг боловсролын тогтолцоо ч үүсч, өмнө нь модны банз, цаас зэрэг өртөг багатай, түүхий эдэд суурилсан аж үйлдвэрээс шилжин ДНБ-д 42%-тай тэнцэх хэмжээнд өссөн орчин үеийн электроникийн салбар, машин үйлдвэрлэлийг хөгжүүлж, химийн салбар, программчлал зэрэг салбаруудаар дэлхийд тэргүүлж, өндөр технологийн хөгжлөөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүнд орнуудын дотор дээрээсээ хоёрт орсон бөгөөд эдийн засгийн цар хүрээгээр Европт эхний 4-т орох мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож чаджээ.
Өнөөдөр Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах талаар ярьж байхад, тус технологийг Финляндын Отокумпу компани Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Модноос өөр байгалийн нөөцгүй, хоёрхон сая хүний хөдөлмөрийн нөөцтэй Финлянд улс өнөөдөр Нокиа ухаалаг утсаар дэлхийд өрсөлдөж, трактор, автомашин, дэлхийд хамгийн том аяллын усан онгоц, дизель хөдөлгүүр зэргийг үйлдвэрлэж, биотехнологи, инновациар тэргүүлж, Лондоны хөрөнгийн биржээс технологиор дутахгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, сарын дундаж цалинг 4-5 мянган еврод хүргэж, 240 тэрбум ам долларын үндэсний орлоготой болж, 87 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна. Ийнхүү Финлянд боловсролоо зөв хөгжүүлж, улсаа хөгжүүлжээ.
Саяхан болсон томоохон үндэсний зөвлөгөөн дээр Монгол Улсын ерөнхийлөгч “Ухаалаг төрийг“ бий болгоход уриалсан. Мэдээж түүний үндэс суурь нь сайн боловсролтой, мэдлэгтэй хүмүүс бий болгоход оршиж байгаа нь ойлгомжтой. Дээд боловсролыг сайжруулах судалгаанд Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад сурагчдад зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, багш нарын цалинг нэмэгдүүлж, чадварлаг залуучуудыг тус салбарт татах хөшүүргийг бий болгох, сургуулийн байрны хангамжийг сайжруулах, орчин үеийн лаборатори байгуулах, технологи, инновацийн сургалтад анхаарах талаар зөвлөж, дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэх процессыг идэвхжүүлэх, сургалт, хөтөлбөрийн чанарт дээд зэргээр анхаарах шаардлагатай байгааг сануулжээ. Ийнхүү 2010 оноос эхлэн үүний дагуу багш нарын мэргэжил дээшлүүлэх системийг хөгжүүлж, Багшийн хөгжлийн ордон байгуулж, олон улсын магадлан итгэмжлэх процесст МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү Эдийн засгийн сургуулиуд амжилттай оролцож, дунд сургуулийн багш нарын боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх Кембриджийн хөтөлбөр хэрэгжиж эхлэн, инновацийг дэмжсэн Инновацийн хууль батлагдаж, улмаар МСҮТ-ын тогтолцоо бэхжиж, их дээд сургуулиудын төрөлжсөн хотхоныг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч түүний судалгааны ажил эхэлсэн бөгөөд ийнхүү олон жил зогсонги байдалд байсан Монголын боловсрол зөв зам руу орж, улсын хөгжлийг тэргүүлэх эхлэл тавигджээ. Технологийг хөгжүүлэх үүднээс Энэтхэгийн Аутсорсингийн туршлагыг үндэслэн хөнгөлөлттэй зээлийг авч, мэдээлэл технологийнн хотхоныг байгуулахаар болж Засгийн газар Яармагт зураг төслийн хийлгэж, Энэтхэгийн холбогдох байгууллагуудтай тохирсон бөгөөд Инновацийн хуулиар шинэ технологи, судалгааны ажлыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.
Гэвч Монголын уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэгт болсон гай буюу сонгуулийн үр дүнд мэргэжлийн бус хүмүүс салбарыг удирдаж, салбарыг бусниулж ажлыг нураах явдал боловсролын салбарт өрнөж эхэлсэн.Дээр дурдсан Финлянд зэрэг улсуудын амжилт, Дэлхийн банкны зөвлөмж, өмнөх засгийн газрын үед хийж байсан ажлыг бүгдийг үл тоомсорлон боловсролын шинэ сайд өмнө нь эхэлсэн бүх ажлуудыг эрчимтэй нураах ажилд орлоо.
Шинэ сайд өөрөө ямар ч шинэ юмыг санаачлаагүй боловч, өмнө нь шийдвэр нь гарч, ажил нь явагдаж байсан Монголын шинжлэх ухаан, боловсролыг шинэчлэх, сайжруулах, санхүүжилтийн шинэ эх үүсвэртэй болох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, орчин үеийн түвшинд ойртуулах бух ажилтай эрчимтэй тэмцэж эхэллээ. Шинэ сайд Монголд орчин үеийн лаборатори, тоног төхөөрөмж бүхий их дээд сургуулиудын хотхоныг байгуулах ажлыг зогсоож, захиргааны хүмүүсийг нь халж, санхүүжилтийг нь хасч, улмаар сураггүй болтол нь замхруулж амжлаа. Одоо тийм хотхоныг барих гэж байсныг Боловсролын яам мартуулахыг ихэдд хичээж байгаа бололтой, Ямар ч гэсэн түүний талаар төсөвт, бодлогт олигтой юм юу ч байхгүй болсон.
Монгол Улсад өнөөдөр хамгийн хэрэгцээтэй нь харилцаа холбоо, технологийн мэдлэг, чадвартай инженерүүд байна. Бараг хоёр жилийн өмнөөс Монгол Улсын ерөнхийлөгч Герман улсад айлчилж, хоёр улсын засгийн түвшинд Монгол Германы технологийн сургуулийг байгуулахаар тохирсон ажил нь өнөөдөр ямар ч ахицгүй болж, бүр мөсөн зогссон төдийгүй, ирээдүйн сургуулийг их сургуулийн түвшинд байгуулах байтал МСҮТ-ын байранд оруулах шийдвэрийг гаргаж, өдий хүртэл юу ч хийгээгүй байна. Герман улс Монголд өөрийн хүсэлтээр хөрөнгө гаргаж тусалж, технологийг нь хөгжүүлж, сайн инженерүүдтэй болгож өгөх гэсэн сайхан санаачлаг нь ийнхүү шинэ сайдын хүнд сурталтай тулж, ямар ч ахицгүй гурав дахь жилийн нүүрээ үзэх гэж байна.
Технологийг хөгжүүлэх мэдээлэл технологийнн хотхоныг Энэтхэгтэй хамтран байгуулахаар болсон ажил мөн зогсонги байдалд орж, хотхоны сураг нь хүртэл алга болж, Монголд улсад өмнөх засгийн үед мэдээлэл технологийн судалгаа, боловсролыг хөгжүүлэх гэж байсан ажил ийнхүү ямар ч үр дүнгүй болоод ирэх оны төсөвт түүний тухай нэг ч үг алга. “Шинэчлэлийн“ сайд Кембриджийн хөтөлбөрийн хүрээнд эхэлж байсан дунд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг зогсоож, олон улсын стандартын дагуу чанартай боловсролыг Монголын хүүхдүүдэд заах тухай яриа яамнаас сонсогдохоо чболилоо.
Ингээд шинээр эхлүүлж байсан жинхэнэ шинэтгэлийн бүх ажлуудыг зогсоож нураахаас гадна өмнө нь болж байсан байсан, үр дүнтэй ажиллаж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын байгууллагуудын ажлыг замхруулах үйл явц саяхнаас өрнөлөө. Эхлээд их дээд сургуулиудын захирлуудыг сольж, чадвар, мэдлэг нэр хүнд үл хамааран, илт булхайтай томилгоог явуулж, намыг дагасан, ямар ч чадваргүй хүмүүсийг томилоод орхилоо. Жишээ нь МУИС-д удирдах албан тушаалтны үндсэн шалгуурыг давж чадаагүй, хамт олны итгэлийг олоогүй хүнийг томилохын тулд өрсөлдөгч нарыг оноог зориудаар бууруулж, сургуулиудын төсвийг нэгтгэх, бүх эрх мэдлийг яаманд төвлөрүүлэх ажлыг хийлгэж байна. Томилогдсон “хүүхэлдэй“ нар сургуулийн сургалт, судалгааг яаж дээшлүүлэхийг огт ярихгүй байгаа боловч эхний ээлжид томилогдонгуут бүтцийн өөрчлөлтийн нэрийн дор сургуулийн төсвийг нэгтгэх, өөрийн гартаа төвлөрүүлэх ажлыг хийх эхэлсэн бөгөөд МУИС-аас эхлээд түүнийгээ албан ёсны болгох гээд гүйцгээж байна.
Одоогоос 60 гаруй жилийн өмнө социалист Монгол Улсын төр засгаас малчин ардын дунд “нэгдэлжих” хөдөлгөөн өрнүүлж, түүнийгээ “сайн дурын үндсэн дээр ЗААВАЛ нэгдэх” гэсэн зарчмаар хэрэгжүүлсэн байдаг. Харин өнөөдөр ардчилсан Монгол Улсад төр засгаас дээд боловсролын хүрээнд “нэгдэлжих” хөдөлгөөн өрнүүлж, түүнийгээ МУИС дээр мөн л “сайн дурын үндсэн дээр ЗААВАЛ нэгдэх” зарчмаар хэрэгжүүлж байна. Түүх давтагддаг гэж үнэн бололтой. Цаашид энэхүү бодлогыг “дээд боловсролын нэгдэлжих хөдөлгөөн” гэж нэрлэх нь оновчтой бөгөөд энэ хөдөлгөөн анхных нь биш гэдгийг тэмдэглүүштэй.
“Нэгдэлжих хөдөлгөөн”-ий анхны туршилт одоогоос 4 жилийн өмнө, мөн л МУИС дээр эхэлж хэрэгжин, ХҮДС болон Улаанбаатар дээд сургуулийг бүрэлдэхүүнд нь нэгтгэсэн билээ. Тухайн үеийн төрийн мэдэлтнүүд болон МУИС-ийн удирдлагын зүгээс энэхүү “нэгдэл” МУИС-д төдийгүй дээд боловсролын хүрээнд ихээхэн үр ашиг авчирна хэмээн амлаж, нэгдлийг эсэргүүцэгчдийг өөрчлөлт шинэчлэлтийн ач холбогдлыг ойлгож ухамсарлахгүй, хоцрогдсон бүдүүлэг хэмээн шүүмжилж байсан нь саяхан. Энэхүү нэгдэлжих хөдөлгөөн хэр амжилттай болсныг 4 жилийн дараа ч МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль мөн ч юм шиг, биш ч юм шиг байсаар байгаа Улаанбаатар дээд сургуулиас тодхон харж болно. Одоо Улаанбаатар их сургуулийг буцааж МУИС-аас гаргах тухай ярьж байна. Дээд боловсролыг ШИНТГЭГЧИД социализмын үеийн “нэгдэлжих хөдөлгөөн”-ий гашуун туршлагыг мартдаг юмаа гэхэд МУИС дээр хэрэгжсэн “нэгдэлжих хөдөлгөөний” анхдугаар давлагааны гашуун сургамжийг ийм амархан мартаж болно гэж үү.
Харин өнөөдөр “Нэгдэлжих хөдөлгөөн”-ий хоёрдугаар давлагааг мөн л МУИС дээр, цаашид бүх Монголын улсын их дээд сургуулиудад хийхээр зэхэж явж байна. Хоёрдугаар давлагаан өрнүүлж буй өнөөгийн төрийн мэдэлтнүүд болон МУИС-ийн удирдлагуудын зүгээс мөн л энэхүү “нэгдэл” МУИС-д төдийгүй дээд боловсролын хүрээнд их үр ашиг авчирна хэмээн амлаж, “сайн дурын үндсэн дээр ЗААВАЛ нэгдэх” зарчмыг эсэргүүцэгчдийг шинэчлэлийн ач холбогдлыг ойлгож ухамсарладаггүй, хоцрогдсон бүдүүлэг хэмээн шүүмжилж байгаа боловч өөрснөө ямарваа үндэслэл байхгүй, сургалт судалгаанд ямар ахиц гарахыг ч хэлж мэдэхгүй, багш нараа л муулхаас өөр юмыг хэлж чадахгүй байгаа бөгөөд Монголын их сургуулиудын түвшинд олон улсын магадлан итгэмжлэгдсэн цорын ганц Эдийн засгийн сургуулийг ч татан буулгахаар хөөцөлдөж байгаа бөгөөд механик нэгтгэлээ аль болохоор хурдан хийхээр төлөвлөж байна.
Өнөөдөр Монголын ард түмэн 30 хувиар унасан төгрөгийн ханш, 10 хувь давсан үнийн өсөлт, үсрэнгүй өсч байгаа улсын өр, ажилгүйдэл, ядууралтай тулгарч байгаа ч ирээдүйдээ итгэн тэсч байна. Одоо Монголын ирээдүй болох боловсрол ч “нэгдэлжих“ хөдөлгөөнд өртөж, ирээдүй рүү тэмүүлсэн боловсролын бүх ажил нь унаж, амжилт нь алга болох нь тодорхой боллоо.