Дуртай дуугаа захиалахад ч учир бий

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Дуртай дуугаа захиалахад ч учир бий

-Хэвлэл, мэдээллийн салбар өөр доторх олон асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа нь үнэн ч хүн чанар, ёс зүйн хэм хэмжээгээ хичээж ирсэн гал тогоо юм шүү-

Хэн нэгний үгээ хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хаана хүрч зогсох ёстой вэ?! Эс бөгөөс ардчиллыг баталгаажуулах амин чухал эрх чөлөө гэдэг утгаараа хил хязгааргүй хэрэгжиж байх ёстой юу?!

Чухамдаа эрс тэс ийм хоёр асуултыг эрхгүй гаргаж олон нийтэд тавих санааг өнгөрсөн долоо хоногт мэдээллийн хэрэгслээр төлбөртэй тараагдсан нэгэн нийтлэл төрүүлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн талаар бичсэн “Тангаргийн буг” хэмээх гарчигтай тэрхүү материалыг яагаад олон нийтэд хүргэх ёстой гэж үзсэн бэ, үүнээс ямар үр дагавар хүлээсэн бэ гэдгийг эхлээд тунгаан бодох гээд үзье.

Монгол Улс уртаашаа ганцхан чиглэлд ганц төмөр замтайгаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж бодлогоо баталсан ч үүний тулд өргөн зам тавих уу, нарийнийг сонгох уу гэдэг асуудлаар өчнөөн жил маргалдсан. Уг асуудлаар хэн ямар бодолтой байдгийг олон нийт мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч үзэл бодлын зөрүүтэй талууд өдийг хүртэл яагаад нэг гарц олж болохгүй байгааг мэддэггүй. Ийм нэг анхаарал татсан асуудалд яг одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Батхүү оролцож байгаа, амин хувийн хожоо харж байгаа талаар дээрх материалд өгүүлэхийг зорьжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэж зарахын тулд бидэнд төмөр зам хэрэгтэй. Тэр дундаа Тавантолгойн нүүрсний ордыг төмөр замтай холбох шаардлага давын өмнө тулгарч байгаа төдийгүй уг ордын 4 хувь болох Ухаахудагийн уурхайн нэг эзэмшигч Г.Батхүүд энэ нь чухал асуудал гэдэг үнэн ч байх. Гэхдээ тэр жирийн нэг хувь эзэмшигч биш УИХ-ын гишүүн, хууль зохиох, батлах эрх мэдэлтэй нэгэн. Энэ өнцгөөс харвал төмөр замын асуудлаар тэрээр ашиг сонирхлын зөрчилтэй алхам хийж байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийг олон нийтэд хүргэж, хамтдаа хяналт тогтооё гэдэг үүднээс “Тангаргийн буг”-ийг нийтлэгч төлбөр төлөн байж хэвлэлд хандсан байх… Гэхдээ!

Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө энэ хүрээд зогсч болох байв. Хэдийгээр энэ нь эрх чөлөө хэдий ч хэлэх үгэнд хязгаар байх ёстой. Тэр тусмаа хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголтыг эрх мэдэл хэмээн ойлгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэн нэгнийг шүүхээс урьтан яллах, нэр хоч өгөх, дарамтлан сүрдүүлэх явдал байж болохгүй. Гэвч мэр сэр байсаар ирсэн энэ явдал сүүлдээ хэрээс хэтэрч, хэн нэгнийг шүүхээс өмнө яллан шүүдгээ байгаад эрлэгийн элчээс өмнө нүгэл буяныг нь дэнслэн амьд явах эрхтэй эсэхийг шийддэг болж байх шиг. Дээр нэр дурдсан төлбөрт нийтлэлд Г.Батхүүгийн булхай гэж үзэж байгаа болгоноо тоочин бичсээр яваад эцэст нь “ …Г.Бадамдорж хэмээх шүгдэнг шүтэгч сайдын түүх Г.Батхүүгийн түүхтэй агаар нэг” гээд араас нь өгүүлэхдээ “Бадамдорж төрийн албанаас хөөгдөн гуйранчилж, тэнүүчилгээр Хэнтий аймагт амьдарч байсан Цэнд гүнгийн баруун хаяанд хэвтсээр амьсгаа хураасан байна… жам ёсны тавилан ийм бөлгөө” гэжээ. Хэтэрхий бүдүүлэг биш гэж үү.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг ардчиллын үнэт зүйл маань эцэстээ хэн хүссэн хүнээ “үхэх чинь тодорхой” гэж хараах, зүхэхийг зөвшөөрдөг, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэг олон ургальч үзэл санаа, итгэл үнэмшлийн талбар маань хэн хүссэн хүний мөнгөөр дуртай дууг нь захиалдаг зэмсэг төдий болж хувирсан уу?! Уг нь эрх чөлөөг эдлэхэд, дуртай дуугаа захиалахад ч утга учир байх ёстой.

Улс төрд өрсөлдөөн болж л байдаг, улстөрчдийн үзэл бодол сөргөлдөж л байдаг. Тэр тусмаа парламентад сууж буй улстөрчид үзэл бодлын сөргөлдөөнөө гудамжинд биш танхим дотор шийдэх эрх мэдэлтэй хүмүүс. Үүнийгээ эдэлж чадахгүй байгаа бол өрөвдөлтэй байна. Өсвөр насны хөвгүүд шиг гудамжинд гарч ирж, эрүүл тулаан хийх гэж байгаа бол инээдтэй байна.

Бодлогын нэг баримт бичиг хэрэгжүүлэх битгий хэл хувьсгал хийсэн ч чадах хууль ёсны эрх мэдэл атгаж суугаа парламентын гишүүд үзэл бодлын сөргөлдөөнөө танхимдаа биш гудамжинд гаргаж ирж шийднэ гэвэл жинхэнэ эмгэнэл. Өөрсдийнхөө хоорондох өрсөлдөөн, жөтөөрхлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчилж болох ч гэлээ хэм хэмжээг бас баримтлах ёстойг ч зөвлөмөөр байна. Хэвлэлийнхэн хэн нэгнийг шүүмжиллээ ч арай томоор харж, асуудлыг нь, сэвдийг нь барьж авахыг хичээдэг юм. Арай ч авгай хүүхнээр нь оролдож, авдар савыг нь уудалж, тогтоо шанага, өмд гутлын хэрүүл хийхийг тэвчдэггүй. Тэр тусмаа хувь хүний сүсэг бишрэл, шашин шүтлэг, өвчин зовлон, үр хүүхэд гэсэн эмзэг, нандин асуудлыг нь илж, тойрч өнгөрөхийгөө ёс суртахуун гэж боддог юм. Хэвлэл, мэдээллийн салбар өөр доторх олон асуудлаа, тэр дундаа хөрөнгө, санхүүгийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа нь үнэн ч хүн чанар, ёс зүйн хэм хэмжээгээ хичээж ирсэн гал тогоо юм шүү. Эмзэг талыг нь улстөрчид ашиглаж, хаалтын гэрээгээр амыг нь таглах нь бий ч энэ нь яван явсаар дуртай дуугаа захиалах нэрээр хүний гараар могой бариулдаг хүний мөсгүй, хэтэрхий бүдүүлэг дээрээ тулж байгаа юм биш биз?!

 З.БОРГИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №041


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж