Ким Чен Ун хүргэн ахаа өршөөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун хүргэн ахаа өршөөхгүй

БНАСАУ-ын залуу удир­дагч сүүлийн өдрүүдэд их ууртай байгаа бололтой. Олон нийтийн арга хэмжээ, олон улсын уулзалт, хурал зөвлөлгөөнөөс ангид бай­гаа Ким Чен Ун авга ахдаа гомдож, ихээхэн бухимдалтай байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээлэл онцолсоор байна.

Удирдагчийн эцэг Ким Чен Ирийн төрсөн эгчийн нөхөр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга байсан Чан Сун Тэкийг залуу удирдагч албан үүргээс нь чөлөөлсөн байна. Мөн түүнд эх орноосоо урвасан хэргээр ял төлөвлөөд байгаа аж. Учир нь Чан Сун Тэк БНХАУ руу зугтан АНУ болон Өмнөд Солонгосоос тусламж хүссэн байна. Эх орноосоо гараад сар гаруй болж байгаа түүний хувьд дахин Хойд Солонгосын нутаг дэвсгэрт гишгэх газар үгүй гэдгийг Ким Чен Уны туслах мэдэгджээ.

Чан Сун Тэкийг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь түүний хоёр туслахыг олны өмнө гэр бүлийнх нь хамт цаазалсан юм.

Тэд улсын хөрөнгөнөөс их хэмжээгээр хувьдаа завшсан, авлига авсан хэргээр шалгуулж, цаазаар авах ял сонссон билээ. Хамгийн гол нь энэ хэрэгт удирдагчийн хүргэн ах Чан Сун Тэк холбоотой нь тогтоогдож, ийнхүү гадны орнуудаас орогнол хүсэн оргон зайлсан байна. Түүнийг Хятадад орогнож бай­гаа гэх мэдээлэл өмнөдийн хэв­лэлүүдэд гарсан. Эх орноосоо урвасан хэрэгт ороод буй түүний гэр бүлийнхэнд ямар ч нөхцөлд аюул учрахгүй гэдгийг тэрбээр урьдчилан тооцоолсон гэдэг.

Удирдагч Ким Чен Ун эц­гийнхээ төрсөн эгч, хамаатан саднаа хороохгүй нь мэдээж тул авга ах Чан Сун Тэк хар амиа бодон зугтсан бололтой. Тэрбээр сүүлийн 40 гаруй жил Хойд Солонгосын засгийн эрхийг барилцсан нөлөө бүхий улстөрч. Ким Чен Ирийг амьд сэрүүн байхад ч тийм л байсан. Чан Сун Тэкийг Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хэзээ ч нэвтрүүлэхгүй байх хоригийг өнгөрсөн баасан гарагт Ким Чен Ун албан ёсоор гаргасан байна.

БНХАУ, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудын алинд ч түүнийг орогнож байх магадлалтай талаар дэлхийн мэдээллийн агентлагууд онцолсоор байгаа. Чан Сун Тэкийг Хойд Солонгосын улс төрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлж чадах, бодлого хариуцсан дарга нарын нэг гэж ажиглагчид үздэг. Энэ үйл явдлыг Өмнөд Солонгосын тал “Залуу удирдагчийн ээлжит цэвэрлэгээ” хэмээн мэдээлсэн. Ким Чен Уны хүргэн ах Чан Сун Тэк Хойд Солонгосын цэргийн болон улс төрийн нөхцөл байдал гээд маш чухал мэдээллийг тээж яваа. Тэр бүх мэдээлэл түүнтэй хамт “алга болсон” нь Ким Чен Унд таатай байхгүй нь лавтай. Өмнөд Солонгосын хэвлэлүүд Чан Сун Тэк тэрхүү үнэтэй мэдээллүүдийнхээ ачаар үлдсэн амьдралаа дэлхийн аль нэг хүчирхэг улсад амар тайван өнгөрүүлж болох юм хэмээн бичиж байна.

Өнгөрөгч сарын 10-ны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун олны нүдэн дээр 80 хү­нийг цаазалсан нь дэлхий ний­тийг цочирдуулсан билээ. Өмнөд Солонгосоос нууцаар оруулж ирсэн телевизийн олон ангит шоу нэвтрүүлгийг үзсэн хэргээр тэднийг ийнхүү шийтгэсэн байна. Ялыг Хойд Солонгосын хэд хэдэн газар өнгөрсөн сарын 3-ны өдөр гүйцэтгэсэн гэж Хойд Солонго­соос дүрвэгчдийн бүлгийнхэн мэдээлсэн аж. Ялыг гүйцэл­дүү­лэх үед 10 мянган иргэнийг цэн­гэл­дэх хүрээлэнд цуглуулан, үзэл сур­тал зөрчилдөх өмнөдийн нэвт­рүү­лэг үзсэн хэмээн зарлаж, цаа­зал­сан байна.

Мөн Хойд Солонгос улс АНУ-ын ахмад дайчдыг нутгаасаа албадан гаргасан талаар “Ройтерс” агентлаг өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн юм. Хоёр Солонгосын дайны үед байлдаж явсан АНУ-ын ахмад дайчин, өдгөө 85 настай Мерилл Ньюменыг Хойд Солонгос нутгаасаа хөөжээ. Ахмад дайчин энэ оны аравдугаар сард тус улсад аялж яваад баривчлагдсан юм байна. Хойд Солонгосын ардын арми 85 настай ахмад дайчны үйлдэж байсан гэмт хэргийг харуулсан дүрс бичлэгийг олны өмнө тарааж байсан билээ. Түүнийг зүгээр нутгаасаа гаргах болсон шалтгаан нь АНУ-тай ямар нэг асуудалд дахин холбогдохгүй  гэсэн шийдвэр байсан болов уу гэдгийг ажиглагчид тайлбарлаж байгаа юм. Түүнийг баривчлагдах үед АНУ-ын зүгээс суллах албан бичиг хүргүүлсэн талаар ч “Ройтерс” мэдээлж байсан юм.

Ийнхүү Хойд Солонгосыг тойрсон олон үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Авга ах нь Ким Чен Унаас урваж, Хойд Солонгосын нууц мэдээллийг өөрийн амиар барьцаалж, эх орноосоо урва­сан үйл явдал залуу удирдаг­чийг бухимдуулсаар байгаа. Дэл­хийн хэвлэл мэдээллээр Хойд Солонгосын талаар биш Ким Чен Ун болон авга ах Чан Сун Тэкт гол анхаарлаа хандуулаад байна. Хамгийн гол нь улсын өндөр зэрэглэлийн нууц задарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах дараагийн нүүдлээ шийдвэрлэсэн гэдэгт Өмнөд Солонгосын тал итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж