“Битгий миний араас уйлаарай”

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

“Битгий миний араас уйлаарай”

“Энэ инээмсэглэл, хурдыг зам дээр дуурайх гэсний хэрэггүй”. Энэ бол “Галзуу хурд” киноны сурталчилгаа. Инээмсэглэлийн тухайд хошигнол боловч хурдны тухайд кино бүтээгчид огт хошигноогүй юм.

Харамсалтай нь, “Галзуу хурд” киноны гол баатрын нэг Брайн О`Коннер буюу жүжигчин Пол Уокер арваннэгдүгээр сарын 30-нд Лос Анжелес хотноо нэгэн найзын хамт автомашины ослоор амиа алдсан мэдээ цахим ертөнцөд уй гашуу авчирч, найз нөхөд, шүтэн бишрэгчдийнх нь харамсал, гашуудлын үгсээр үерлэж байна.


“Галзуу хурд”

2001 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд зургаан цуврал анги бүтээсэн “Галзуу хурд” киноны уран бүтээлчид 7 дахь ангийг ирэх оны долдугаар сарын 11-нд дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байсан ч Пол Уокерын цаг бусын үхэл төлөвлөгөөг нь нураалаа.

“Юниверсал” кино компани одоо яаруу сандруу, сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргахаас болгоомжилж, “Галзуу хурд”-ын шинэ цувралыг Пол Уокергүйгээр цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ бодож байгаа аж. Шинэ ангийн зураг авалтыг албан ёсоор зогсоожээ. Тиймээс киног дахин цоо шинээр эхлүүлэх эсэх хамгийн тохиромжтой хувилбарыг ойрын хугацаанд сонгох бололтой. Гэвч киноны уран бүтээлчид уй гашуу тайлагдах хүртэл киноны шинэ ангийн талаар тайлбар хийх гэж яарахгүй байна. “Галзуу хурд” цуврал Холливудад бараг өдөр бүр хийгддэг гудамжны уралдаан, гэмт хэргийн ертөнцийн адал явдалт киноноос илүү ашиг олж, бүр зургаан цуврал гарсан нь кинонд царайлаг залуусыг тоглуулснаасаа илүү түүний уран бүтээлчид ах дүүс шиг жинхэнэ баг болж чадсантай холбоотой гэдэг. “Галзуу хурд” кинонд хамтран ажилласан жүжигчин продюсер Вин Дизел Пол Уокерын амиа алдсан ослын газарт очиж эмгэнэл илэрхийлж, “Бид кинон дээр ч, амьдрал дээр ч ахан дүүс шиг байсан. Хэзээд энэ хэвээр байх болно. Бидний зүрх сэтгэлд чи үргэлж амьд хэвээр байна" хэмээжээ. 

“Reach Out Worldwide”

Осол болсон өдөр Пол Уокер байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд туслах “Reach Out Worldwide” хэмээх байгууллагын хандивын арга хэмжээнд оролцоод буцаж явахдаа сайн найз, авто уралдааны хорхойтон Рожер Родастай таарчээ.

“Reach Out Worldwide” нь байгалийн гамшиг, сүйрлийн үеэр хүмүүст анхны тусламж үзүүлэх эмч, сувилагч, гал сөнөөгч, барилгын инженер, хүнд машин механизмын оператор, сэтгэл зүйч зэрэг мэргэжилтнүүд сайн дураар нэгдсэн хүмүүнлэгийн байгууллага юм.  “Reach Out Worldwide”-ын үндэслэгч нь Пол Уокер байжээ. Тэд хэлж ирдэггүй байгалийн гамшиг сүйрлийн үед хэдхэн хоромын хугацаанд үхэл амьдралыг шийддэг анхны тусламж үзүүлэхийн тулд нэгдэцгээсэн залуус.

“Reach Out Worldwide” Полын facebook fan page дээр “Пол Уокер тусламж хүссэн нэгэнд зүгээр нэг чек бичиж өгөөд, нэрийн хуудсаа өгдөг хүн байгаагүй. Тэр Гаити, Чилид болсон газар хөдлөлт цунамид нэрвэгдсэн газруудад хамгийн түрүүнд очсон тусламжийн багийнхныг ахалж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст цэвэр ус, эмнэлгийн тусламж хүргэж байлаа. Алабамад болсон хар салхины үеэр тэр нурангин дороос хүмүүсийг гаргаж байсан. Зарим хүмүүс баатар болж харагдах гэж хичээдэг бол Пол жинхэнэ баатар байсан” гэжээ. Аймшигт ослоос хойш Пол Уокерын эцэг эх, гэр бүлийнхэн хүүгийнхээ найз нөхөд, шүтэн бишрэгчдийн гашуудлын үгс, эмгэнэлийн захианд дарагджээ. Полын гэр бүлийнхэн тэдгээр хүмүүсийн халуун сэтгэлд талархлаа илэрхийлж, цэцэг, хандивыг хүүгийнхээ үндэслэн байгуулсан “Reach Out Worldwide” байгууллагад хандивлахыг хүссэн гэнэ. Хүмүүст туслахын тулд хүүгийнхээ зүрх сэтгэлээ зориулж байгуулсан “Reach Out Worldwide” байгууллагын үйл хэргийг гэр бүлийнхэн нь цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна. 

Хурд ба үхэл

Жүжигчин  Пол Уокерын амийг авч одсон авто осол гудамжны уралдаантай ямар ч холбоогүй гэдгийг ослын газар ажилласан Лос Анжелесын Цагдаагийн газраас тогтоожээ. Цагдаагийн газраас мэдээлснээр Пол Уокер, жолоо барьж явсан түүний найз хоёр осол болохын өмнө өөр машинтай уралдаагүй аж. Тэдний сууж явсан Порше машин замаас гарч, гэрлийн шон мөргөн шатжээ. Ослын газарт байсан гэрчүүдийн мэдээлснээр Порше машин асар хурдтай гарч ирсэн аж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Пол болон түүний найз маш олон гэмтэл болон түлэгдэлтээс болж нас барсан байна. Жолооч хяналтаа алдсан нь техникийн гэмтэл байсан эсэхийг шинжээчид нягтлах юм байна. Харин хордлогын шинжилгээний хариу 6-8 долоо хоногийн дараа гарах аж. Шинжээчид ослын шалтгаан нь хурдтай холбоотойг тогтоогоод байгаа бөгөөд ослын газарт өнгөрсөн бямба гаригт 6000 гаруй хүн цуглаж, цэцэг өргөн түүнийг дурссан юм.

Пол Уокер

Пол Уокер далайн биологид юу юунаас илүү татагддаг байв. 13 настайгаасаа эхлэн телевизийн цуврал кино, сурталчилгаанд тоглосон түүнийг олонд таниулсан кино нь “Varsity Blues”. Пол кинонд дуртай байсан ч том зорилгынхоо төлөө сая сая долларын ашиг авчирсан киноноосоо татгалзахад үргэлж бэлэн байжээ. Түүний эцэг хамгийн сүүлд уулзахдаа Полд аюултай ажлаа орхихыг зөвлөсөн аж. Харин Пол Уокерын 15 настай охин нь түүнийг карьераа өсгөхийг дэмжиж байжээ. Пол Уокер далайн биологич Жак-Ив Густог шүтэн биширдэг нэгэн. Тэрээр “Галзуу хурд” киноны цувралуудад тоглохын хажуугаар Үндэсний газар зүйн нийгэмлэгийн сувгаар аварга цагаан халимны тухай хоёр баримтат кино бүтээж амжсан юм. Пол хамгийн сүүлд өгсөн нэгэн ярицлагадаа “Амьдрал маш богинохон. Харин хүнд дурлана гэдэг бол хүний амьдралд тохиолдож болох хамгийн том хараал” хэмээжээ. Авто уралдааны жинхэнэ хорхойтон Пол мөн өөрийнхөө үхлийг зөгнөсөн мэт “Хэрэв авто уралдаан миний амийг авбал араас минь битгий уйлаарай. Би тэр үед инээмсэглэж байх болно” хэмээн ярьж байжээ. Галзуу хурдалсаар өөр ертөнц рүү нисч одсон Пол… Тэр яг мэдсэн юм шиг, машин замд, машинтайгаа холын холд хурдалжээ.

Орчуулсан Н.ЭНХТУЯА


Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №041


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж