Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Адгийн улстөр

Новшийн улстөрчид, адгийн албан тушаалтнууд. Яг одоо  Монголын
улстөрчдөд хандаж ингэж хэлмээр байна. Тэдний эх захгүй хэрүүлээс иргэд
залхаж байгааг дуулгамаар байна.

Өнгөрсөн
20 жилийн турш Монголын улстөрчид ам хуурайгүй хэрэлдсэн. Үр
дүн нь өнөөдрийн эдийн засагт ямар хожил авчирсан юм бэ. Хариулт нь, эдийн
засгийн чадавх муу, дэд бүтцийн хөгжил сул. Монгол  мөнгө муутай
хэвээрээ үлджээ.

Мөнгө олохын тулд Монгол Улс уул уурхайн
бүтээгдэхүүнээ экспортлох шаардлагатай. Үүний тулд дэд бүтцээ
хөгжүүлэхээс өөр аргагүй болсон. Тиймээс 2010 онд УИХ-аас Төмөр замын
талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан юм. Гэтэл бүхэл бүтэн гурван
жил өнгөрчихөөд байхад  Монгол Улс нэг километр төмөр зам барьж чадаагүй хэвээр. Шалтгаан нь улстөрчдийн увайгүй хэрүүл. Цаанаа ашиг сонирхлын зөрчилдөөнтэй зарим
улстөрчийн хэрүүл эдийн засагт хорлол болоод байгааг энэ дашрамд хэлэх нь зүйн
хэрэг биз ээ. 

Төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэл рүү
1800 километр төмөр замыг эхний ээлжинд барихаар болсон бөгөөд төмөр
замаа ямар царигтай тавих вэ гэдэг асуудал маргааны цөм нь болчихоод
байгаа юм. Өөрөөр хэлбэл, өргөн үү, нарийн уу гэх царигийн сонголт Монголын
улстөрчдийг өөр хоорондоо хэрэлдэж, хэмлэлцэх сэдэв болон хувирсан. Энэхүү хэрүүлийн ээлжит үзэгдлүүд Монголын улс төрд дахиад хүчтэй, бүр илүү хүчтэйгээр өрнөж эхлэв.

Ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл бол хардах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Энэхүү нээлттэй эрх чөлөөг хэн ч эдлэх бүрэн боломжтой. Гэхдээ хамгийн гол нь ямар өнцгөөр байр сууриа илэрхийлж байна вэ гэдэг чухал асуудал юм. Зарчмын талаар маргалдаж, үзэл бодол зөрөлдөж болно. Эдийн засгийн ашиг сонирхол дээр өөр, өөр байр суурийг илэрхийлж болно. Түүнээс хэн нэгний хувийн нууцад хэтэрхий халдаж
ах дүү, шашин шүтлэг, үзэл бодлоор нь доромжлох эрх хэнбугайд ч байхгүй. Монголын улстөрчдийн нэг балиар араншин байдаг. Өрсөлдөгчийнхөө өвөр түрийг уудалж, ах дүү амраг саданг нь асуудалдаа татан оролцуулж байж санаа нь амардаг юм уу гэмээр. Гэхдээ энэ удаад тэдний хэрүүлийг шүүн тунгаах гэсэнгүй. Хамгийн гол нь улстөрчдийн увайгүй хэрүүлийн бай нь эдийн засаг болоод буйг сануулах гэсэн юм. Төмөр
замын мэргэжилтэн биш болохоор Монголд ямар
царигтай төмөр зам баривал эдийн засгийн үр ашигтай байхыг мэдэхгүй юм 
байна. Хүмүүсийн ярьж байгаар бол эдийн засгийн үр ашиг, зах зээлээ бодсон ч нарийн цариг нь илүү гэх хувилбарыг дэвшүүлдэг. Монголын хувьд нүүрснийх нь ганц том зах зээл Хятад, тиймээс ч урд хөрш рүү тавих төмөр зам нь нарийн царигтай байвал эдийн засгийн ашиг нь илүү гэдгийг М.Энхсайхан, Ч.Хашчулуун гээд Монголын өмнөө барьдаг эдийн засагч бүхэн зөвлөдөг.

Геополитик талаасаа бол бүдүүн цариг хэрэгтэй гэж ярих хүмүүс бий. Тийм ч байж магадгүй, үгүй ч байж болох юм. Ямар ч байсан нарийн, бүдүүн царигийн асуудал өнөөдрийн залхмаар хэрүүлийн гол зангилаа болжээ. Энэ нь эдийн засагт цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алдагдал авчирсаар. Үнэндээ бол шинээр баригдах төмөр зам ямар царигтай байх нь чухал биш. Хамгийн гол нь төмөр замаа яаралтай тавих нь хэрэгтэй байна. Нүүрсээ
зарж, ачааны хүнд тэрэгнүүдийн дугуйнд хэрчигдэх говийн хөрсийг
хамгаалахын тулд төмөр замаа түргэн барих ёстой. Түүгээрээ дамжуулж
мөнгө олох шаардлагатай. Хүссэн ч, эс хүссэн ч монголчууд газрын доорх
баялгаа зарж хөлжихөөс өөр гарц байхгүй байгаа өнөөгийн нөхцөлд дэд
бүтцийнхээ асуудлыг яаралтай шийдэх л гол асуудал болчихоод байгаа болохоос хэний эрх ашиг ямар байдлаар хөндөгдөх нь нийт монголчуудын хувьд чухал зүйл биш гэж бодож байна. Чухамдаа цариг дээр
маргалдаж, цаг алдах тусам хохирлыг нь улстөрчид биш Монголын эдийн
засаг, энгийн иргэд амсах болохоор тэр юм.

Дотоодын зах зээлд ам.долларын
хомсдол нүүрлэх тусам монголчуудын амьжиргааны төвшин буурна.
Хэрэглээнийхээ 80 хувийг импортоор хангадаг улсынхаа хувьд эрдэс баялгаа
экспортлох дэд бүтцээ яаравчилья. Тийм болохоор увайгүй хэрүүлээр хөгжлийг
чөдөрлөөд байгаа улстөрчид новшийн зангаа татвал яасан юм бэ?

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж