Т.Болдбаатар: Техникийн үзлэг бол бизнес биш

Хуучирсан мэдээ: 2013.12.07-нд нийтлэгдсэн

Т.Болдбаатар: Техникийн үзлэг бол бизнес биш

Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатартай ярилцлаа.

-Тээврийн хэрэгслийн үзлэг шинжилгээг Авто тээврийн газар зохион байгуулдаг. Жолооч нар автомашинаа үзлэгт оруулах гэж урт дараалал үүсгэдэг байдал хэвээр л байна. Энэ мэт хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах боломж бий юү?

-Техникийн хяналтын үзлэгийг хүмүүс оношлогоо, үзлэг  гэж буруу ойлгодог. Техникийн хяналт агаарын тээвэрт гэхэд онгоцыг нисэхээс өмнө ИНЕГ  шалгаад нисэх зөвшөөрөл өгдөг бол төмөр замынхныг төмөр замын аюулгүй байдлынхан шалгадаг. Үүнтэй адил Монгол Улсын нутаг дэвсгэрт  орж ирсэн тээврийн хэрэгслийг шаардлага хангаж байгаа эсэх, үйлдвэрийн алдаа байна уу, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байна уу гэдгийг манай байгууллага  хянаад, хөдөлгөөнд оролцож болно гэсэн зөвшөөрөл өгдөг юм. Тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос нь хамаараад жилд 1-2 удаа  хяналтын үзлэгт оруулж байна. Хяналтын үзлэг эхэлсэн буюу 1999 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо асар их нэмэгдсэн байна. Хэрэв төрийн хяналт, үзлэг хийдэггүй байсан бол хүний амь нас, эрүүл мэнд хохирох байдал ямар төвшинд хүрэхийг тооцоолох аргагүй. Жил бүрийн 3-6 дугаар сарын хооронд техникийн хяналтын үзлэг  болдог. Энэ үеэр дараалал үүсдэг тал бий. Уг нь энэ үзлэгийг бүтэн жилийн турш явуулдаг юм. Гэтэл утааны татвар, автотээврийн албан татвар хоёрын хугацааг эхний хагас жил гэж  заасантай холбоотойгоор татварын байгууллагын ажил давхцаад техникийн хяналтын үзлэгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлдэг талтай. Гэхдээ манай байгууллагын зүгээс ачааллыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Амралтын өдрүүдэд ажиллах, нийслэлийн төрийн байгууллага, аж ахуй  нэгжүүдийн автомашиныг хуваарийн дагуу  нэгдсэн журмаар үзлэгт оруулж байна. Өөрөөр хэлбэл, оргил ачааллын үе эхлэхээс өмнө байгууллагууд манайхтай хамтраад тээврийн хэрэгслээ хяналтад  оруулах боломжтой болсон. Ерөнхийдөө жил бүрийн 2-5 дугаар сард ачаалал хамгийн ихэсдэг. Бусад үед хэвийн байдаг шүү дээ.

-Оношлогооны төвийн тоо хангалтгүй байгаатай холбоотой юм биш үү?

-Ачааллыг багасгахын тулд олон оношлогооны төв барих ёстой гэж  үзэх  хэсэг бий. Гэхдээ энэ оновчтой шийдэл биш. Харин тээврийн хэрэгсэл үзлэгт орох шугамын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд оношлогооны дөрвөн төв бий. Саяхан шугамын тоогоо нэмэгдүүлээд  ес болгосон. БНСУ 2004 оны үед техникийн хяналтын үзлэгийн 60 хувийг хувийн, 40 хувийг улсын байгууллага хийж байсан бол өнөөдөр энэ тоо эсрэгээрээ өөрчлөгдсөн байна. Хувийн байгууллагаар хяналт, үзлэгийг хийхдээ тодорхой стандарт шаардлага тавьдаг. Тэгэхгүй бол хэт ашгийн төлөө яваад, хяналт суларна.  Иймээс төр зохицуулалтаа хийгээд явах нь  зөв.

-Ачааллыг бууруулахаар зохион байгуулалтын ажил хийж байгаа гэлээ. Үр дүн гарч байна уу?

-Авто тээврийн тухай хуулиар Тээврийн хяналтын үзлэгийг бүтэн жилийн турш авна гэж заасан бол татвар төлөх  хугацааг эхний хагас жилд гээд заачихсан учраас ачаалал үүсээд байгаа гэж би хэлсэн. Тиймээс үйл ажиллагаандаа зохицуулалт хийхээс өөр аргагүй. Үр дүн гарч байгаа. Ирэх жилээс энэ ачаалал эрс буурна.

-Техникийн үзлэг хяналтад юу хамаардаг вэ. Аюулгүй байдал талаасаа бүрэн  хянаж чаддаг уу?

-Оношлогоо бол засварын газруудын хийдэг ажил. Харин техникийн хяналт, үзлэгээр тормосны систем нь хэвийн  байна уу, рульны сул явалт нь ямар байна, утааны хэмжээ, гэрлийн тусгал стандартад байгаа эсэх зэрэг техникийн талын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Аюулгүй байдал талаасаа хяналтаа бүрэн тавьж байгаа гэж хэлж болно.

-Техникийн хяналтын үзлэг нэрээр  бизнес хийж байна  гэж үзэх хүмүүс бий. Олон мянган тээврийн хэрэгслээс хураамж авдаг. Энэ мөнгө хаашаа, юунд зарцууулагддаг вэ?

-Техникийн хяналтын үзлэгийн хураамжийн хэмжээг Засгийн газраас тогтоосон. Суудлын тэрэг  10, ачааны автомашин 15, том оврын автобус 20 мянган төгрөг байгаа. Бизнес хийх ямар ч үндэслэлгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 407 мянга 431 тээврийн хэрэгсэл  хяналт, үзлэгт ороод байна. Гэхдээ улсад бүртгэлтэй  тээврийн хэрэгсэл 650 мянга 156 байна. Энэ хоёрын хооронд 200 гаруй мянган тээврийн хэрэгслийн зөрүүтэй. Эдгээр нь явж байгаад эвдэрсэн, хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгсэл. Хураамжаас цугласан мөнгө улсын  төсөвт ордог.

-Япон, Өмнөд Солонгосоос орж ирж байгаа хуучин машинууд чанарын  шаардлага хангахаа больсон, тухайн улсдаа жагсаалтаас гарсан тээврийн хэрэгсэл биз дээ. Ийм машинууд манай улсын шаардлагад бол нийцээд байгаа хэрэг үү?

-Гаднаас орж ирж байгаа машин болгоныг хог дээрээс авчраагүй. Хятадад гэхэд нийтийн тээврийн насжилт 5-7 жил байдаг. Харин манайх 12 жил. Жижиг тэрэгний тухайд  аль ч улсад он оны машин унаж л байгаа. Гол нь техникийн шаардлагуудаа хангасан байх ёстой. Үүнийг хориглох боломжгүй. Нийтийн тээвэр олон хүний амь настай холбоотой учраас насжилтын хэмжээг тогтоож өгсөн. Ер нь хяналт үзлэг хийдэг болсноос хойш харьцангуй өнгө үзэмж, чанар нь дээшилж байна.

-Хот хоорондын  зорчигч тээвэр хэл ам ихтэй  болжээ. Саяхан  л гэхэд Эрдэнэтийн жолооч нар жагсаал хийлээ. Ер нь тээвэр зохицуулалт манайд ямархуу түвшинд явна вэ?

-Манайх дүрмээрээ улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн зохицуулалтыг хариуцах үүрэгтэй. Монгол Улсын хувьд дэд бүтэц сайн хөгжөөгүй ч ачаа, зорчигч тээврийн 90 гаруй хувь нь авто тээврээр явж байна. Авто тээвэр хаалганаас хаалганд хүргэж чаддагаараа онцлогтой салбар. Эдийн  засагт томоохон хэмжээний нөлөө үзүүлдэг ч манайд 1990 оноос энэ салбар орхигдсон. 2005 оноос Дэлхийн хөгжлийн банкны санхүүжилтээр техникийн хяналтын төвүүдийг байгуулсан нь эерэг нөлөө үзүүлсэн. Нэг ёсондоо тархай буртархай болсон энэ салбарынхан нэг  цугласан юм. Энэ орхигдсон салбарыг төр засгаас анхаарах  цаг болсон. Харин  зорчигч тээврийн тухайд таны хэлдэг хэл ам тасрахгүй байгаа нь үнэн.  1990 онд энэ салбарынхан хувьчлагдаж, жолооч нар хот хооронд хувиараа тээвэр эрхлэх  болсон. Энэ хугацаанд зорчигч тээврийн  үнэ 2008 оны  есдүгээр  сард, сая 2013 оны долдугаар сард нэг км нь 50-55 төгрөгөөр  нэмэгдлээ. Үүнээс харахад энэ салбарт үнийн өсөлт  яваагүй  байгаа юм.

-Үнэ тогтвортой байх нь иргэдэд ашигтай. Гэхдээ  үүнээс болоод  ямар сөрөг үр дагавар гарч байна гэж та  хэлээд байна вэ?

-Энэ салбарт улс хяналтаа тавихгүй, татвараа авахгүй байна шүү дээ. Тээврийн салбарынхан орлого тодорхой бус гээд л 10 мянган төгрөг татварт төлж байх жишээтэй.  Уг нь ачаа тээврийг зохион байгуулалтад оруулбал улс орны эдийн засагт чухал нөлөөтэй. Манай байгууллагын  ирэх жил хийхээр төлөвлөсөн томоохон ажилд энэ зохицуулалтыг бий болгох асуудал багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалттай ажилд тээвэрлэлт хийвэл манайхтай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлдэг болох юм. Ийм зохицуулалт хийж байж хяналтад орно. Орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид өнөөдөр “Нарантуул”-аас хэнд ч хамаагүй  ачаагаа ачуулна, микронд сууна. Хаана яваа, хаана эвдэрсэн юм бүү мэд л байна шүү дээ. Баян-Өлгий аймагт зам барилгын ажил төсвийн мөнгөөр хийлээ гэхэд бараа материалыг нь хэн тээвэрлэж байна, бүү мэд. Ашиг олоод, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бол татвараа төлөх хэрэгтэй.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй тээвэр  яамны нэг мэргэжилтний, бизнес болсон нь нууц биш. Бүгд мэднэ. Үүнийг арилгах зорилт    тавиад  яаманд танилцуулсан.

-Ачаа, зорчигч тээврийн эрэлт хэрэгцээ  хэр байна вэ?

-Өнөөдөр хот хоорондын зорчигч тээвэрт 60 чиглэлд 48 аж ахуйн нэгж гэрээ байгуулаад, том, жижиг нийлсэн 1000 орчим  тээврийн хэрэгсэл явж байгаа. 2013 оны  арваннэгдүгээр сарын байдлаар нэг сая 830 мянган  зорчигч тээвэрлэсэн байна. Эрэлт хэрэгцээг нь харгалзаж зөвшөөрөл өгч байгаа. Хот дотор нөхөн олговор өгдөг байхад орон нутагт алга гэж манай тээвэрчид их бухимддаг. Оюутны амралт, цагаан сарын үед зорчигч  тээвэр нэг талдаа хоосон явдаг. Хуулиндаа ийм зохицуулалт хийж болно гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр улсын  хэмжээнд тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн 5-6 нь шаардлага хангана. Бусад нь хэзээ ч юм, ямар нэг аргаар  зөвшөөрөл авчихсан байдаг. Улаанбаатарт гэхэд нэгдүгээр эгнээг нь чөлөөлсөн. Нийтийн тээврийн автобус  1-р хорооллоос Баянзүрх  хүртэл  түгжрэлгүй шахуу явж байна. Гэтэл шугам авсан хүмүүс хувийн автобус шугамдаа явуулаад чи орлогоо ав, би нөхөн олговроо авна гэх байдлаар наймаалцаж байна. Манай төр засгийн сайд дарга нар айдаг юм уу дуугарахгүй юм. Ийм ашигтай байж үнээ нэмнэ гэж байгаа бол явуулахгүй байх хэрэгтэй. Ашиггүй, алдагдалтай байна гэсэн мөртлөө л “шугам өг” гээд жагсч байгааг юу гэж  ойлгох вэ.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж