Хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа тодорлоо

Ирэх зун Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааг тодруулах арга хэмжээ өнгөрсөн шөнө боллоо. Сугалаа ёсоор дэлхийн отгон аварга Испанийн шигшээ баг аварга цолоо хамгаалах аяллаа Голландын багтай тоглосноор эхлүүлэхээр болж байна. 2010 оны дэлхийн аваргын финалд өрсөлдөж байсан тэдний хамт 2014 оны ДАШТ-ий “В” группт Өмнөд Америкийн төлөөлөл болсон Чили, мөн Австралийн багууд багтжээ.

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн хувьд “G” хэсэгт Португаль, Гана болон АНУ-ын хамт өрсөлдөнө. Сугалааны талаар АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Юрген Клинсманн “Германтай нэг хэсэгт орох юм шиг санагдаад байсан юм” хэмээжээ. Түүний хувьд 1990 онд Баруун Германы бүрэлдэхүүнд багтаж, дэлхийн аваргын цом өргөж байсан билээ.

Дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулах Бразилийн багийн тухайд “А” хэсэгт Хорват, Мексик болон Камеруны багийн хамт багтжээ. Плей-оффын шатнаас дэлхийн аваргын эрхээ авсан Хорватын шигшээ багийн хамгаалагч Ловрен “Бид хүндхэн хэсэгт таарлаа. Гэхдээ Бразилийн багийн эсрэг нээлтийн тоглолт хийнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн ярьжээ.

Лионель Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг тэмцээний “F” хэсэгт Иран, Нигер болон дэлхийн аваргад анх удаа хөл тавьж буй Босния-Герцеговина улсын багтай өрсөлдөнө.

Ирэх жилийн дэлхийн аваргын "үхлийн" хэсгээр "D" хэсгийг нэрлэж болно. Энэ хэсэгт Англи, Итали, Уругвай болон Коста Рикагийн багууд багтжээ. Харин “Е” хэсэгт Франц, Швейцарь, Эквадор болон Гондурасын баг өрсөлдөх бол “Н” хэсэгт Бельги, ОХУ, БНСУ болон Алжир, “С” группт Колумб, Грек, Кот д’Ивуар болон Японы шигшээ багууд сугалаа таарчээ.

2014 ОНЫ ДАШТ-ИЙ СУГАЛААГ ТАНИЛЦУУЛЪЯ.

А хэсэг: Бразиль, Хорват, Мексик, Камерун

В хэсэг:
Испани, Голланд, Чили, Австрали

С хэсэг: Колумб, Грек, Кот д’Ивуар, Япон

D хэсэг: Уругвай, Коста Рика, Англи, Итали

Е хэсэг: Швейцарь, Эквадор, Франц, Гондурас

F хэсэг: Аргентин, Босния-Герцеговина, Иран, Нигер

G хэсэг: Герман, Португаль, Гана, АНУ

H хэсэг: Бельги, Алжир, ОХУ, БНСУ

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж