Хүнсний салбарт хувьсгал хийж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.07-нд нийтлэгдсэн

Хүнсний салбарт хувьсгал хийж чадах уу?

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд хувьсгал гаргана гэж байсан Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль хэрэгжээд есөн сарыг ардаа орхив. Гэсэн ч “иргэд ийм хууль хэрэгжиж байгаа юм уу” гэж асуугаад ямар ч өөрчлөлт гарахгүй байгааг хэлсээр буй. Санаа өөр газарт төвлөрсний улмаас торондоо нэг компот хийлээ, дахиад чихэр хийлээ. Гэртээ очоод харлаа. Хугацаа нь дууссан байжээ. Шинэ хуулиар дэлгүүрийн лангуунаас англи, орос, монгол хэлнээс өөр хэл дээр бичсэн тайлбартай,  хугацаа нь дууссан бүтээгдэхүүн харахааргүй болно гэж байсан ч ийм жишээ энгийн өдөр тутмын амьдралд гарсаар байна. Хүнсний тухай хоёр хуулийг илүү чанд мөрдүүлэхийн тулд ийнхүү цаг үеийн, сэргээсэн мэдээлэл хийхээр өчигдөр “Хангарьд” ордонд хүнсчид уулзалт, семинар хийлээ. Энэ үеэр албаныхан хуулиа танилцуулах, санал солилцох байдлаар ярилцсан. Үүгээр хүнсний аюулгүй байдлыг хангах, экспорт, импортын журам гэх зэргээр албаны зүйл ярих ч амьдрал дээр буух тусгал нь чухам та бидний хэрэглэж буй мах, сүүний боловсруулалт, худалдаанаас энэ бүхэн эхлэх юм.

Монголчууд нүүдлийн соёл, иргэншлээрээ бусад орноос ялгарч, хаана ч, хэзээ ч төвөггүй, басхүү эрүүл хооллож чадсаар ирсэн. Гэвч одоо үед хүнсний салбарт маань гадны нөлөөлөл ихсэх буюу гадаадын орны хүнс ихээр орж ирэх боллоо. Хяналт, шалгалт энэ хэрээр нүсэр болох ч эрсдлийг араасаа дагуулсаар байна. Нөгөө талдаа дотоодын маань хүнс бэлтгэлийн ажиллагаа маруухан байгаа юм. Жишээ нь, малын гаралтай түүхий эд хэчнээн “зовлон зүдгүүр” туулж байж, та бидний гарт хүрч байна? Үхрийн мах авлаа, нядлуулсан үхэр нь урьд нь халдварт өвчин тусч байсан эсэх, тийм бол түүнээс нь вирус үлдэж, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө хэр их билээ. Ямар орчинд нядалсан, эсвэл шуудхан л хүний гишгэж байсан газарт аваачаад арьсыг нь хуулаад, нядалдчихаж байна уу. За үүн дээр нэмээд тээвэрлэлт. Өчнөөн олон жилийн мах, сэгний үлдэгдэл наалдаж, дагтаршсан орчинтой машины бүхээгт махыг ачиж, хананд нь нааж ямар ч нян тээж ирж байгаа билээ. Ийм олон эрдслийг хаах нэг боломж бол бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээ юм. Стандартын орчинд нядалж, тээвэрлэсэн гэдгийг үүгээр гэрчлэх ажээ. Иргэд хэдэн кг авахдаа дэлгүүрээсээ махны гарал, үүслийн гэрчилгээг нэхэх хэрэггүй. Харин худалдан борлуулагчид бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа  түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээсээ гарал, үүслийн гэрчилгээг асууж, шалгах ёстой юм. Үүнийг шинэ хуулинд тусгасан бөгөөд нийтийн хэрэгцээнд зориулж худалдах гэж байгаа бол тухайн аймаг орон нутгийнхаа мал эмнэлгийн дүгнэлтээр заавал гарал үүслийн гэрчилгээг гаргуулах ёстой болж байгаа. Ингээд баталгаажсан хүнс хэрэглэгчдийн гарт хүрэх ёстой аж.

Мах ярьж эхэлснийх, хуулинд стратегийн хүнс гэх ойлголтыг тодотгосон. Үүнд мах, сүү, ундны ус, буудай, үр тариаг хамруулан ойлгох бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох тохиолдолд заавал төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах ёстой болсон. Учир нь иргэдийн зайлшгүй хэрэгцээний эдгээр бүтээгдэхүүний үнэ, нөөцийг тогтвортой байлгах буюу нэг л өдөр хамаг махаа гадаадад гаргаад бид өөрсдөө юугаа идэх билээ гэдэг “зовлонд” унахгүйн тулд ийм арга хэмжээ авч буй. Төр захиргааны байгууллага улсад  хэдий хэмжээний нөөц байгаагаас шалтгаалж экспорт, импортын хэмжээг шийдвэрлэх юм. Дайны өмнөх тэнгэр амгалан байдаг шиг, бидний хувьд ургацаа хураагаад , мах сүүгээ бэлдчихсэн гэх ч учирч болох эрсдлийг ингэж хааж байна.

Хятадын импорт буурсаар байна

Хүнсний барааны импортын тухайд Монголын хүнсний бараа, бүтээгдэхүүний гол импортогч орны нэг нь БНХАУ байсан. БНХАУ одоогоос арваад жилийн өмнө манай импортын хүнсний барааны 45 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан бол одоо энэ байдал өөрчлөгдөж, есөн хувь болжээ. Харин ОХУ –аас 30 хувь, үлдсэн нь бусад улсаас хүнсний импортын барааг бүрдүүлж байсан тухай албаныхан мэдээллэсэн.

БНХАУ-аас авч буй импортын хүнсний барааны есөн хувьдаа боловсруулсан болон боловсруулаагүй бүтээгдэхүүн буюу төмс, жимс, жимсгэнэ , будаа, хуурай сүү авч байгаа бол Зүүн Өмнөд Азийн орнууд буюу Малайз, Сингапур, Япон, Солонгос, Хонгконг орнууд нийлээд импортын барааны 11 хувийг бүрдүүлэх болжээ. Энэ нь бэлэн болон хагас боловсруулсан юм байна. ОХУ-аас улаан буудай, хөц гурвалжин будаа, бэлэн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, өндгийг оруулж ирж байна. Үүн дээр нэмэгдээд Европын холбооны 20 гаруй улсаас хүнсний барааг тогтмол бусаар импортолж байна.Ер нь бол хүнсний импортын барааны зах зээлд Зүүн Азийн орнууд орох болжээ. Хүнсний түүхий эдийн шинэ хандлага далайн гаралтай бүтээгдэхүүн болж буйг хүнсчид өнөөдрийн хурлаар ярилцаж байсан. Нээрэн аргагүй. Дүүрэг бүрт хэд хэдэн солонгос хоолны газар ажиллаж, телевизээр барууны орнуудын хоолыг заагаад л. Монголчуудын дийлэнх нь таван хошуу малын махаараа төрөл бүрийн хоол хийж ирсэнээс далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийх туршлагагүй байсан ч одоо ийнхүү сонирхох болжээ. Энэ бүрт мөн л хуулийн дагуу импортын бүтээгдэхүүнхаана, хэрхэн үйлдвэрлэгдсэн талаарх гарал үүслийн гэрчилгээ, худалдааны гэрээгээр баталгаажсан байх ёстой.

Ямартай ч хууль маань бий. Аль ч дэлгүүрт орно, үржил шимтэй, баталгаатай, шинэ хоол хүнс сонгохыг хүснэ. Хүнсний салбарт маань хувьсал гарч чадах болов уу. Хэзээ бид хоол хүнснийхээ аюулгүй байдалд санаа зовохгүй болох бол?                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж