Засгийн газрын тэргүүний хувьд ИТХ-аас сонгогдсон Засаг дарга нарыг батламжлах эрхтэй. Энэ утгаараа өнөөдөр томилогдсон хийгээд томилогдоогүй аймгийн Засаг дарга нарын асуудал түүнд хамгийн их хамаатай. Орон нутгийн сонгууль болсноос хойш жил тойрчихоод байхад Хөвсгөл, Дундговь, Дорнод, Говь-Алтай аймгуудын Засаг даргын асуудал маргаантай хэвээр байна. Үүний цаана МАН, АН, МАХН аль алинынх нь ашиг сонирхол байх нь чухал биш. Харин төрийн ажил цалгардаж, зам, барилгын ажлууд зогсч, орон нутгийн иргэд намаараа талцан хэдий болтол бужигнах вэ. Энэ асуултыг Ерөнхий сайд хариултгүй буцаалаа. Тэрбээр аймгуудын Засаг дарга нарын асуудалд Засгийн газар оролцоогүй, өөрийнх нь оролцоо байхгүй, зөвхөн шүүхийн асуудал гэж мэлзэв. Хэзээний овжин зантай тэрбээр сэтгүүлчийн асуултаас цэвэрхэн бултаж, амыг нь таглахаа сайн мэднэ. Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр тэрбээр “Дорнод аймгийн талаар домог шиг юм яриад байна. Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэн гэдэг хүнийг томилох боломжгүй байна гэтэл шүүхэд хандсан. Өнгөрсөн нэгдүгээр сараас шүүхдээд наймдугаар сарын 16-нд М.Бадамсүрэнг томилох нь буруу гэдэг шүүхийн шийдвэр гарсан байна. Дорнод аймаг өнөөдөр/өчигдөр/ хуралдаж, Засаг даргаар хэнийг сонгохоо шийдэх байх. Үүний дараа Засгийн газар батламжлах эсэхийг шийднэ. Хөвсгөл аймгийн тухайд Л.Ганболдыг томилох боломжгүй гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард мөн л шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс арванэгдүгээр сарын 20-ны өдөр Л.Ганболдыг томилохгүй гэсэн шийдвэр гарлаа. Говь-Алтай аймагт МАХН сонгогдох эрхийг хангасангүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг есдүгээр сарын 23-ны өдөр Дээд шүүх хэлэлцээд дахин сонгууль явуулах тогтоол гаргасан байна. Дундговь аймгийн хувьд 11 дүгээр сарын 25-нд ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулахаар шийдвэрлэсэн. Энэ бичгээ надад ирүүлээд байгаа” гэж тайлбарлав.
Дээрх дөрвөн аймгаас Хөвсгөл аймаг гэхэд МАН-ын хүнийг Засаг даргаараа сонгоод байгаа. Түүнийг хэзээ батламжилж, хэзээ энэ аймгийг хууль ёсны удирдлагатай болгох нь Ерөнхий сайдын гарт бий. МАН-ынхны яриад байгаа шиг намаар нь ялгаварлаж, ардын намын хүнийг томилохгүй байна гэдэг үндэслэлгүй бол Хөвсгөл удахгүй Засаг даргатай болох байх. “Материал нь ирээд, болзлоо хангаж байвал хуулийн хугацаанд батламжилна” гэснээс харахад болзлоо хангаагүй шалтгаанаар дахиад буцаачих магадлал бас бий.
Говь-Алтай аймгийн тухайд МАХН-аас төлөөлөл оруулалгүй, сонгууль явуулсан гэж шүүхээс үзсэн учраас дахин сонгууль хийх дээрээ тулаад байгаа. Энэ асуудал Сонгуулийн Ерөнхий хороонд хамаатай болохоос Ерөнхий сайдад падгүй. Тэгэхээр Говь-Алтай аймаг ойрын хугацаанд Засаг даргатай болох нь эргэлзээтэй.
Аймгуудын засаг дарга нарын томилгоо анхнаасаа л хэл ам дагуулж, энэ асуудалд МАН удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Дорнод аймагт гэхэд 35 мандаттайгаас 18 суудлыг нь МАН-аас нэр дэвшигчид, 14 суудлыг Ардчилсан нам, хоёр мандатыг бие даагчид, нэг мандатыг ИЗНН-аас нэр дэвшигч авчээ. Шинээр бүрдсэн аймгийн ИТХ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад нэрийг нь өргөн мэдүүлсэн ч төрийн албанд ажиллаж байгаагүй гэдэг үндэслэлээр батламжлахаас татгалзсаар шүүхдэлцэж өнөөдрийг хүрээд байна. Үнэхээр төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг Засаг даргаар батламжлахгүй байна уу гэхээр тийм биш. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН ялсан аймагт Засаг даргыг томилохгүй байгаагаас асар их маргаан гарч, бужигнаан үүслээ. Ерөнхий сайд Засаг дарга нарыг томилохдоо илт намаар ялгаварлаж байна. Ардчилсан намаас аймгийн Засаг даргад нэр дэвшсэн хүнийг материалыг нь хөөцөлдөж байгаад гурван цагийн дотор томилчихдог. Ардын намаас Засаг даргад нэр дэвшсэнийг нь батламжлахгүй, томилохгүй гацаасаар байна” гэж ярьсан удаатай.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрийнх нь хэлдэгээр аймгуудын ИТХ-тай шүүхдэж, маргаж байхаас өөр хийх ажил түүнд мундахгүй их баймаар. Н.Алтанхуягийн авир арай л хэтэрч байна.