[Гэрэл зургийг Р.Гомбожав авав. 1973.6.8]
Их зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуай манай Бандихайтай нэг хүрээнд нэг
зиндаанд шавилан сууж байсан тул насан туршдаа холбоотой явж ирсэн юм. Бага
насандаа Дамидинсүрэн гуайг харсан болохоор тэр төрхөөрөө л сэтгэлд үлджээ.
Оюутан болсoны дараа Бандихай хааяа тогоо сүү дайхад нь оруулж өгөөд их
зохиолчтой мэндийн хэдэн үг солиод ном судрыг нь шохоорхож хараад өнгөрч
байснаас өөр гоц гойд юм надад юу байх билээ. Шаргалжуутын рашаанд Дамдинсүрэн
гуай явахдаа заавал зам хазайж манай сумаар ороод Бандихайгийнд буугаад хонож
өнжөөд, нарийн хоол хийлгэж зооглоод, олон сайхан юм яриад явна. Тээр жил нэг
хүүтэйгээ ирсэн юм. Андрей гэдэг орос хүү олон юм ярихгүй хураалттай түлээн
дээр суугаад Онгийн гол руу ширтэж, гиеүрч өнждөг байв. Хоёр өвгөн гэрт хэсэг
яриад, байшинд орж судар ном дэлгээд, дахиад л элдвийг чухалчилан ярина. Зонхивын
аймгийн бурхад цогчин, Онгийн хүрээний Сэра лэгшид уншлага, гол шүтээн
Дамдинянсан бурхан гээд л сонин хачин юм их ярина. Томчуудын яриаг сонсох нь
бидэнд цээртэй байсан тул ус түлээ ойртуулж орж гарахдаа ганц хоёр үг тогтоон
авч байж дээ. Тэр цагт тийм алдартай эрхэм заларч байна гэж нусан бурантаг би
яаж мэдэх билээ. Тэгээд сэтгэлд бууснаас нь нэг яриаг энд тодруулахыг хичээе.
<<-За насаараа л хүүхдийн тэтгэвэр төллөө. Надад одоо солиод өмсдөг хоёр
чамдаан косчум /костюм/, хоёр өрөө дүүрэн ном судраас өөр юм үлдсэнгүй дээ. Нэг
өдөр хатгаа авсан янзтай амьсгал авахад эвгүй оргиод ажилдаа ч очсонгүй хэвтэж
байтал хүн хаалга тогшлоо. Очоод "-Хэн бэ?" гэтэл "-Энэ
Дамдинсүрэн гуайнх мөн үү? Хороо хориноос явж байна." гэх эмэгтэй хүний
шингэн дуу гарлаа. Хаалгаа нээтэл залуувтар байрын хоёр бүсгүй зогсч байна.
"-Ямар хэргээр явна хүүхдүүд ээ?" гээд лавлатал "-Бид хоёрыг Хороо
хориноос явуулсан юм. Таны бие тааруу байгаа юм байна." гэхээр нь хөгшин
өвгөн ядраад цайгаа чанаж чадахгүй байгаа тул очоод тусалж барь гээд явуулж дээ
гээд дотроо баярлаж магнай тэнийгээд явчихлаа. Гэтэл нөгөө бүсгүйчүүд маань
залгуулаад "-Таны номыг тоолж бүртгээд ир гээд бид хоёрыг явууллаа."
гэдэг юм байна. Дотор харлаад л явчихлаа. "-За хүүхдүүд ээ, цаадуулдаа
очоод хэл. Хоёр турихан бүсгүй байтугай, хорин хүн ирээд хоёр сар тоолж бүртгэх
ном 6айгаа гэж хэлээрэй." гээд тэднийг явууллаа. Хүн гэдэг муухай амьтан
юм. Ядарсан өвгөнд тусалж дэм бол гэхийн орон тоостой хэдэн номыг нь бушуухан
нүд анихаас нь өмнө тоолж бүртгэ гэж байдаг.>> хэмээн хуучилж байсан нь
сэтгэлийн нэгэн буланд соронзон хальсанд шингээж бичсэн мэт үлдсэн байна.
Да багшийн шавь нар гээд хүмүүс энд тэнд зөндөө л байдаг юм. Үүнээс сайхан
дурсамж ярина биз ээ. Энэ бол миний бага насандаа хальт мулт сонсож, хазгай
буруу тогтоосон хар яриа юм шүү. Хүн нас ахиад дурсамжаараа амьдардаг гэдэг юм
байна. Тэр нь л болж байгаа юм байлгүй дээ.