Баяртай, Нелсон Мандела

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Баяртай, Нелсон Мандела

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела 95 насандаа таалал төгсчээ. Тэрбээр цөсний чулуугаа авахуулж, уушгины мэс засалд орсноос хойш биеийн байдал нь муудаад байсан юм.

Өмнөд Африкт нэгэн цагт хар арьстай хүнийг мал адгуустай адил үзэн худалдаж, эдэлж, зарж борлуулж байв. Хар арьстай хүнд цагаан хүнтэй нэг ширээнд сууж хоол идэх, ариун цэврийн өрөөг хэрэглэх байтугай амьд явах эрх байгаагүй юм. Хүнийг зөвхөн хар арьстайгаас нь болж үзэн ядах үзэл хүчээ авч байх үед  тэр системийг эсэргүүцсэн тэмцэгчдийн нэг нь Нелсон Мандела байв.

Мандела апартейдийн эсрэг идэвх­­тэй тэмцэгч, Африкийн Үндэс­ний Конгрессийн зэвсэгт бүлэглэл Умхонто вэ Сизвегийн удирдагч байлаа. 1964 онд Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгө­рүүл­сэн юм. Энхтайвны төлөөх үйлсэд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө Мандела 1993 онд Нобелийн энхтайвны шагнал авсан юм. 1994 онд Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөл­лийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон билээ.

1999 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж өгсөн ч ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол)-ын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, 2010 онд Өмнөд Африкт Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх авахад Манделагийн үүрэг оролцоо их байсан билээ.

Нелсон Мандела 1918 онд Тембу овгийн  Мвеза тосгонд төржээ.

Өмнөд Африкт түүнийг Манде­ла­­гийн овгийнхны өгсөн хүн­дэт хэр­гэм Мадибагаар нь мэддэг. Энэ хэр­­­­гэм нь Нелсон Мандела гэдэг­­тэй нэгэн ижил утгыг илтгэдэг болсон ажээ.

Эцэг эх нь түүнд  Холилала Далибунга хэмээх нэр хайрласан боловч сургуульд ороход багш нь Нелсон хэмээн дууддаг болсноос хойш түүний нэр Нелсон Мандела болсон юм.

Түүний өвөг эцэг Мандела овгийн толгойлогч байсан бөгөөд эцгийгээ нас барахад есөн настай байсан Нелсон Манделад түүний бүх эрх мэдэл, үүрэг шилжиж иржээ. 23 настайдаа Нелсон Мандела овгийн уламжлалын дагуу гэрлэх ёстой байсан бүсгүйгээс зугатааж, Йоханнесбургт очжээ. Тэрбээр цагаан арьстнууд голдуу суралцдаг Witswaterand их сургуульд хуулийн чиглэлээр суралцжээ. Энэ үеэс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүссэн Африкийн язгуур эрх чөлөөний тухай үзэл баримтлал түүний улс төрийн үзэл бодлын суурь болж байв. Тэр жилээ Нелсон Мандела Африкийн Үндэсний Конгресст элсч, дараа нь тус Конгрессийн Залуучуудын Лигийг байгуулсан байдаг.

1952 онд хуулийн сургууль төгссөн Мандела Йоханнесбургт хамтрагч, найз Оливер Тамбутай хамтран хуулийн чиглэлээр ажиллаж, хар арьстнуудын үйл тамыг үзэж байсан цагаан арьстны Үндэсний Намын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах системийн эсрэг кампанит ажил эхлүүлжээ.

1956 онд Нелсон Мандела бусад 155 тэмцэгчийн хамт эх орноосоо урвасан хэргээр баривчлагдсан ч дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурлын эцэст тэдний ялыг хүчингүй болгосон юм.

Энэ үед Өмнөд Африкт хар арьстнуудыг хаана амьдарч, ажил­­лахыг заасан шинэ хуулийг эсэр­гүү­цэж, арьс өнгөөр ялгаварлан гадуур­хах үзлийн эсрэг хөдөлгөөн ширүүсч байжээ.

1960 онд Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын Лиг татан буугдаж, нуугдах болсон юм. 1960 онд Шарпевиллийн жагсаалын үеэр цагдаа нар 69 хар арьстныг буудаж хөнөөсөн нь тэмцэгчдийн тайван жагсаалд цэг тавьж, хорлон сүйтгэх ажиллагааг эхлүүлсэн гэдэг.

Гэвч Өмнөд Африкийн эрх баригчид “Зөвхөн эрх чөлөөт хүн хэлэлцээ хийж болно. Хоригдлуудтай хэлэлцээ хийхгүй” гэцгээж байлаа.

Нелсон Манделаг баривчлахад түүнд хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан, Засгийн газрыг хүчээр унагаахыг оролдсон хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноосон юм.

Шүүх танхимд түүнд ялыг нь уншихад Мандела ардчилал, эрх чөлөө, тэгш эрхийн тухай итгэл үнэмшлээ хамгаалан зогсчээ. Тэр үед хүн болгон тэгш эрхтэй, эв найрамдалтай амьдардаг чөлөөт нийгмийн тухай үзэл бодол түүнийг бүрэн эзэмдсэн байжээ. Гэвч амьдрах итгэл найдварынхаа төлөө үхэхэд ч бэлэн байх ёстой байв. Түүнийг торны цаана хоригдож байхад ээж нь тэнгэрт хальж, хүү нь автомашины ослоор нас барсан ч түүнд оршуулганд нь очих эрх байгаагүй юм.

1980 онд Нелсон Манделагийн найз, тэмцэгч Тамбу Африкийн Үндэсний Конгрессийг удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуур­хахын эсрэг олон улсын кам­па­нит ажлыг эхлүүлсэн юм. Тэд мөн Нелсон Манделаг шоронгоос суллахыг шаардаж байв. Энэхүү кампанит ажлын оргил үе нь 1988 онд Лондоны Wembley цэнгэлдэхэд болсон концерт байв.  72,000 хүн цугласан концертын үеэр “Нелсон Манделаг сулла” хэмээн дуулахыг сая сая хүн үзсэн билээ.

Олон улсын удирдагчид үүний дараа Өмнөд Африкт тавьсан хоригоо чангатгахыг уриалж байв.

Харин 1990 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч байсан Фредерик Виллем де Клерк Африкийн Үндэсний Конгрессийн эс­рэг тавьсан хоригийг цуцалснаар Нелсон Мандела шоронгоос суллагд­сан юм.

1993 онд Нелсон Мандела, Фредерик Виллем де Клерк нарт Нобе­лийн энхтайвны шагнал гардуулсан. Үүнээс хойш таван сарын дараа Өмнөд Африк түүхэндээ анх удаа арьсны өнгөнөөс үл хамааран, бүх ний­тийг хамарсан ардчилсан сонгууль явуулсан билээ. Сонгуулийн дүн гарахад Нелсон Ман­дела үнэмлэхүй ялалт байгуул­сан.

Нелсон Мандела 1944 онд Эвелин Масэтэй гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон ч 1958 онд салсан юм.

1958 онд Нелсон Мандела Уинни Мадикизела гэгч бүсгүйтэй гэрлэсэн нь хожим түүнийг шоронгоос суллуулах кампанит ажилд идэвхтэй оролцсон билээ. Гэвч 1992 онд Мандела Уиннигээс гэрлэлтээ цуц­луулсан юм.

Нелсон Мандела 80 насныхаа ойгоор гурав дахь удаагаа гэрлэж, Граса Машелтай хуримласан.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бурунди зэрэг Африкийн олон оронд энхийн хэлэлцээ байгуулахад гар бие оролцсон Манделагийн эрүүл мэнд сүүлийн жилүүдэд эрс муудсан юм.

Нелсон Мандела 2004 онд 85 настайдаа улс төр, нийгмийн ажлаа орхиж, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ нам гүм амьдрахаар шийдсэн. Өөрийг нь яг л бурхан шиг шүтдэг Өмнөд Африкчуудад тэрбээр “Над руу битгий залгаарай, би өөрөө та нар руу залгана” хэмээн хэлсэн нь энэ бүхнийг бүр орхихоор шийдсэний дохио байв.

Тэрбээр 89 насныхаа ойгоор экс удирдагчдын “Ахмадууд” нэртэй клуб байгуулж, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэхэд зөвлөх, чиглэл өгөх үйл ажиллагаа явуулах болсон юм. 2012 онд түүний хөрөгтэй үндэсний мөнгөн тэмдэгт Өмнөд Африкт гүйлгээнд гарсан байдаг. Нийгмийн ажлаа бүр орхисноос хойш Нелсон Мандела өөрийн нэрэм­жит буяны сангаас бусад олон нийтийн арга хэмжээнд бараг оролцоогүй бөгөөд сүүлийн хоёр жил эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байжээ.

2011 оны сүүлээр Нелсон Мандела Йоханнесбургийн эмнэлэгт тусгай шинжилгээ өгөхөд амьсгалын замын халдвартай гэж оношилсон юм. 1980-аад онд  Роббен арал дээрх шоронд хоригдож байхдаа сүрьеэ туссан Мандела сүүлийн жилүүдэд уушигны архаг өвчинд шаналж байсан аж.

Нелсон Манделатай хамт апартейдын эсрэг тэмцэж явсан нөхрийнх нь хэлснээр түүний царай өвчнөөсөө болж танигдахын аргагүй өөрчлөгдсөн бөгөөд ярих бүү хэл үг хэлж ч чадахгүй, эргэж очсон хүмүүсийг таньж буйгаа нүдээ хөдөлгөн хэлж байв.

Харин энэ үеэр түүний ач зээ нар овог дахь түүний дараагийн залгамжлагч хэн байх болон өв хөрөн­гийг нь хэрхэн хуваах, түүнийг хаана оршуулах талаар маргасан нь хэвлэлийн гол сэдэв болоод зогсохгүй олон Африкчуудын дургүйцлийг төрүүлсэн.

Нелсон Манделагийн ач хүү, түүний төрсөн Мвезо тосгоны дарга Мандла тосгондоо аялагчдыг татахын тулд төрсөн тосгондоо түүнийг хөдөөлүүлэх санал гаргасан ч бусад хамаатнууд нь үүнийг эсэргүүцжээ. Ач хүүгийнх нь хэлснээр Мандела 10 жилийн өмнө нэгэн сонинд өгсөн ярилц­лагадаа өөрийгөө хоёр хүү болон нялхдаа нас барсан охиных нь хажууд оршуулахыг захисан аж. Мандла хоёр жилийн өмнө тэдгээр шарилыг Куну дахь тэдний гэр бүлийн оршуулгын газраас бусад хамаат­нуудын зөвшөөрөлгүй өөр газар руу зөөсөн нь бусад ах дүү нарынх нь хилэнг бадраажээ. Мандела­гийн овгийн нэгэн ахлагчийн хэлснээр тэдгээр шарилыг гэр бүлийн оршуулгын газар буцааж аваачихаас нааш өвөг дээдсийнх нь сүнс амрахгүй бөгөөд Мандела ч үүнээс болж тайвширч чадахгүй байсан билээ.

Нелсон Мандела нэгэнтээ “Хүн үзэн ядалтыг мэдэхгүй төрдөг ч үзэн ядахыг сурдаг. Гэвч үзэн ядахыг биш, хайрлаж, хүндлэхийг сурч болно” гэсэн нь түүний амьдралын зам мөр, чиг баримжаа байсан мэт.

Н.ЭНХТУЯА









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж