
…Гудамжинд эрэгтэй, эмэгтэй хоёр муудалцаж байна. Тэгснээ бүр залуу бүсгүйг зодоод, унагаачихаад дээрээс нь дэвсээд байх нь тэр. Гүйж очоод салгатал залуу бүсгүйтэйгээ хардаад бөөн юм боллоо. “Энэ чиний юу юм. Нууц амраг чинь юм уу” гээд л сүржигнэж байгаа харагдсан. Эрийн муу эмд гэж ардын үг бий. Гэтэл нөгөө муу эр чинь харин эмэгтэйгээрээ уучлал гуйлгаж эхэлдэг байгаа. Удалгүй нөгөө эмэгтэй нь “Бид хоёрын амьдрал чам шиг хулигаанд ямар хамаатай юм”гээд бууж эхэллээ. Эрийн мууд зодуулж байсан эмэгтэйг “өрөвдөөд” салгасныхаа төлөө “хулигаан” болов.
Бөөлжис, шээсэндээ хутгалдаад хэвтэж буй залууг өрөвдөөд Эрүүлжүүлэх дуудаад өгчихлөө. Маргааш нь Эрүүлжүүлэхийн цагдаа гэх нөхөр залгаад,
-Хамт архи уусан хүнээ эрүүлжүүлсний төлбөрийг нь төлөөд аваарай гэж байна. Би ч хэллээ,
-Наад хүнийг чинь танихгүй. Өвлийн хүйтэнд гар, хөл нь хөлдчих вий гэж өрөвдөөд танайхыг дуудсан юм. Та нар чинь ухаанаа алдталаа архи уусан хүмүүсийг хамгаалахаар ажилладаг юм байгаа биз дээ гэж.
Гэтэл өөдөөс “Хамт архи уучихаад Эрүүлжүүлэхээс мөнгийг төлж чадахгүй мурих байсан юм бол яах гэж гай болсон юм. Энэ ч сайн эр хүний чанар биш дээ” гээд нөгөө Эрүүлжүүлэхийн цагдаа чинь “томорч” байна. Гудамжинд ухаанаа алдталаа архи уугаад “тасарчихсан” хүнийг өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээс аварч байна гэж сэтгэсэн энэ удаад “Арчаагүй эр хүн” боллоо.
Хэрвээ маргааш нь өнөөх хүн гар, хөл нь хөлдсөн бүр цаашлаад хөлдөөд нас барсан гэвэл би юу бодох байсан юм. Гудмандаа “тасраад” унасан хүнийг гэртээ аваачиж эрүүлжүүлж чадахгүй нь тодорхой. Тэгэхээр холбогдох газарт дуулгахаас өөр яах ёстой билээ.
Далайд дусал нэмэр, олны хүч оломгүй далай гэхчилэн биесээ дэмжин, хайрлаж, хамтдаа өөдлөхийг сануулсан ардын сайхан зүйр үгс бий. Харамсалтай нь өнөө цагт “хүнд туслая” гэвэл санаандаа багтаагүй үгээр доромжлуулах шинжтэй. Монголчууд бид нэгэндээ итгэхээ бүр байжээ. Хамар доорхоо аргацааж, өөрөө болж байвал бусад нь хамаагүй мэт сэтгэдэг болж. Бид чинь уг нь найрсаг, зочломтгой ард түмний үр сад юмсан.
Энд нэг зүйлийг дурдалгүй өнгөрч чадахгүй нь. Сүүлийн үед томоохон компаниуд, нэр бүхий хүмүүс, жиргээчид, фэйсбүүкчид “Ядуу амьдарч байгаа тэр хүнд тийм бэлэг өгч туслалаа” гэх мэтээр бичиж, жиргэж өөрийгөө сурталчилдаг болжээ. Тус хүргэсэн гэх хүнийхээ хажууд сууж байгаад зургаа янз бүрээр авч олон нийтийн сүлжээгээр цацах болж. Тус гэдэг хэзээ ч хариу нэхдэггүй байх ёстой. Басхүү тус хүргэж байгаа нэрээр хүний зовлонгоор “шоу” хийх нь зохисгүй мэт санагдах юм.
Тусыг хөрөнгө мөнгө гэж эндүүрэх хэрэггүй. Хүнд хүний тус хэзээ ч, хаана ч,ямар ч байдлаар хэрэг болох вий. Хэрэгтэй тусламжийг хүн бүр цаг тухайд өгч чадахгүй. Гэсэн ч тусална гэдэг сайхан сэтгэл бидэнд хэрэгтэй. Тус гэдэг багаддаггүй. Буурлуудын дааж ядан түүртэх ачааг өргөлцөж, замын голд асахгүй зогссон машиныг түрж, ногоон гэрлээр хүүхдүүдийг дагуулж гаргаад өгөхөөс илүүтэй буруу сэдлээр бүгдээрээ ханддаг болчихсон болохоор бид “хэзээ ч хүн зүгээр туслахгүй” гэсэн харын халдвараар халдварлаж, бүхнийг үгүйсгэлээр өнгөц хардаг тийм нэг сувдаг сэтгэлтэн болоо юу даа, яалтай ч билээ.