Цэцэрлэг барих зээлийн хөтөлбөр гаргаад орхи

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг барих зээлийн хөтөлбөр гаргаад орхи

Цэцэрлэгийн хангамж, хэрэгцээ ямар байгаа тухай ярилгүйгээр өнгөрөгч өдрүүдэд өгсөн Ерөнхий сайдын нэгэн амлалтыг эхэнд онцлоё. Ерөнхий сайд Н.Алтанхуяг арванхоёрдугаар сарын 3,4 нд Архангай аймагт ажилллах үеэрээ шинээр баригдсан орон сууц болон хаусны шинэ хороололтой танилцсан. Канад хороолол буюу Канадын загвараар 200 орчим айлын хаус барьж байгуулж байгаа бөгөөд төр газар болоод газар доогуурх дэд бүтцийг нь татсан гэнэ.  Нэг ам метр талбайн үнэ 600 000-1 000 000 төгрөгт байх уг сууцийг худалдан авах иргэд орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж бүрдээгүйг аймгийн удирдлагууд хэлж, Ерөнхий сайд ч “Хаус худалдаж авч байгаа иргэдийг зээлийн хөтөлбөрт хамруулах нь зүйтэй. Энэ асуудлыг судалж шийдвэр гаргана” гэж амлалт өгсөн юм.

Эдгээр хямд үнэтэй хаусыг найман хувийн зээлд хамруулна гэсэн юм чинь өөр боломжит санааг ч энэ хөтөлбөртөө хамруулж болно гэж шууд ойлгогдож байна. Тэгвэл тэр санаа нь юу байж болох вэ. “..Цэцэрлэг баръя гэж байгаа ээжид яг орон сууцны зээлтэй адил найман хувийн хөнгөлөлттэй зээлээ өгчих. Монголын цэцэрлэгийн асуудал жилийн дотор шийдэгдэнэ..” гэж. Үнэхээр яагаад болохгүй гэж. Энэхүү үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр” уулзалтынхаа үеэр хэлсэн бөгөөд “Хувийн хэвшлийн хийж болох хөрөнгө оруулалтыг төсвөөс хийхийг, төр өр тавьж хувь эзэмших хэрэггүй” гэх санааны хүрээнд онцолсон юм. Үнэхээр төрийг цэцэрлэгийн асуудлыг шийдэхийг хүлээсээр хангалттай хугацаа өнгөрлөө. Үр дүнд нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь цэцэрлэггүй үлдлээ. 90 мянгаад хүүхэд ийнхүү сургуулийн өмнөх боловсрол эзэмшилгүй үлдэх нь. Олон мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаагийн хамт тэд бүгдийг харж буй олон мянган ажиллагсдын асуудал ч явж байгааг мартаж болохгүй.

Хэрэв энэ хэрэгцээг төр хангана гэвэл 1000 цэцэрлэг барьж, үүнийхээ урсгал зардал болох 300 гаран тэрбумыг жил бүр гаргана гэсэн үг. Төрийн хувиарлаж өгдөг мөнгө, хийдэг хурдаараа бол 10 жилдээ энэ хэвээр явах тооцоо ч бий. Дээрээс нь төрийн хийлгэсэн ажлын өртөг жил бүр өссөөр л. Хоёрхон жилийн Чингэлтэй дүүрэгт 400 саяаар нэг цэцэрлэг барьж байсан бол одоо яг адилхан цэцэрлэгийг 1,3 тэрбумаар барина гэх болж.

Үнэхээр төр хийх ёстой зүйлээ л хийе. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс дахиад л ишлэе. “Цахилгаан, дулааны шугам төр барих үүрэгтэй гэж байгаа. Гэтэл түүнийгээ барихгүй байгаа. Түүнээс болоод энэ хот томрохгүй, шинэ төслүүд явахгүй байгаа. Бусад хөрөнгө оруулалтыг тогтсон томъёогоор тооцоод орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад иргэд, орон нутгийнх нь мэдэлд өг. Гурав, дөрөвхөн жагсаалт гаргалаа. Түүндээ хөрөнгө оруулна, бусад нь хамаагүй. Төр цэцэрлэг барих ямар ч шаардлага байхгүй. Аж ахуйн нэгж хажуудаа ажилчдынхаа хүүхдэд цэцэрлэг байгуулбал урамшуулаад нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг нь өгчихнө. Бүүр дээрээс нь цэцэрлэг баръя гэж байгаа ээжид яг орон сууцны зээлтэй адил 8 хувийн хөнгөлөлттэй зээлээ өгчих. Монголын цэцэрлэгийн асуудал жилийн дотор шийдэгдэнэ”

Цэцэрлэг барих зээлийн хөтөлбөр гаргаад орхи, та нараас дахиж цэцэрлэг нэхэхээ больё. Барих газрыг нь шийдээд өг, бид өөрсдөө мөнгөө босгоод асуудлаа шийдье.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж