Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн эмгэнэл

УИХ ирц бүрдүүлэхгүй, хариуцлагагүй байгаа гишүүдээ яаж хуралд нь суулгадаг болох талаар судалгаа хийж байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарын хэлснээр “УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь асуудал болоод байна. Ирцийг яаж бүрдүүлэх талаар бид олон улсын байгуулагатай хамтран төсөл хэрэгжүүлж буй. УИХ-ын ирцийг хурууны хээгээр ирц бүрдүүлэх үү, эсвэл өөр байдлаар бүрдүүлэх үү гэдгийг судалж байна. Ирэх 2014 он гэхэд судалгааны үр дүн гарч, шийдвэрлэнэ” гэв.

УИХ-ын гишүүд сонгогчдын итгэл хүлээж, тэдний төлөө ажиллана гэсэн үүрэг авч гарч ирчихээд ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрч, үүргээ умартан олон улсын байгууллагаар ирцээ яаж бүрдүүлэхээ судлуулаад байж байгаа нь улстөрчдийн эмгэнэл гэлтэй. Өнөөдөр нь гэхэд УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байсан ч хойшлуулснаар , үдээс өмнөдөө чуулганаа өндөрлүүлчихсэн. Харин маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна. Уг нь баасан гариг бүр УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг УИХ-ын даргын зөвлөлөөр баталдаг ч сүүлийн хэдэн долоо хоногуудад ирцээ бүрдүүлж чадахгүйгээс хэлэлцэх асуудлаа хойшлуулсаар.

Нэр дэвшихдээ иргэн таныг хүндэлж, иргэн таны төлөө ажиллана хэмээн ард түмнийг хаанд өргөмжилж, өөрсдөө боол шиг ажиллана гэж олон амлалт өгч, сонгогдчиохоод ажлаа хийхгүй, гадаад, дотоодоор “аялалаа”  томилолт нэрийн дор халхавчлаад яваад байдаг ийм жишиг энэ удаагийн парламентад газар аваад байна. Долоо хоногт байнгын хороод нь хуралдахгүй УИХ-ын чуулган нь хоёрхон асуудал хэлэлцсэн болоод тараад алга болчихдог энэ парламентийг тараавал таарна. УИХ-ын дарга нь ч, гишүүд нь өөрийн үүргээ умартаж, бие биедээ найдаж саналаа өгүүлж,  хувийн бизнесээ цэцэглүүлээд ав гэж ард түмэн лав сонгоогүй байх. Сонгогч таны сонголт хаан сонголт гэж цээжээ дэлдэж байхдаа гуйлгачин хүний нүд гаргаж байсныг  тань сонгогч түмэн мартаагүй л яваа шүү. Миний сонгосон төлөөлөл УИХ-д хэдэн удаа чуулганы хуралдаандаа сууж, хэдэн удаа тасалсан байна вэ гэдгийг мэдэхгүй, харахгүй байна гээд үүргээ умартаж яваа эрхэм гишүүн та сэрэгтүн. Ард түмэн сохор, дүлий, сонсголгүй биш шүү дээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж