Чуулга уулзалтад оролцсон Гадаад харилцааны сайд Сайд Л.Болд үг хэлж, ISAF-ийн ололт амжилтыг сайшаан, олон улсын хамтын нийгэмлэгийн эл үйл хэрэгт Монгол Улс 2003 оноос хойш оруулсаар ирсэн хувь нэмэр, 2014 он хүртэлх болон 2014 оноос хойшхи манай оролцоо, Афганы аюулгүй байдлыг хангах хүчинд 2014 оноос хойш үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар онцлон тэмдэглэв.
Монгол Улс 2003 оны 11 дүгээр сараас ISAF-т сургалтын хөдөлгөөнт багуудыг илгээх замаар оролцож эхэлсэн ба 2008 оноос оролцоог өргөжүүлж нисдэг тэргийн сургалт, засварын баг, цэргийн баазын харуул, хамгаалалтын баг илгээсээр ирлээ. Одоогийн байдлаар манай 350 цэргийн алба хаагч ISAF-т үүрэг гүйцэтгэж байна.
Мөн өдрийн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Г.Вестервелле, БНТУ-ын Гадаад хэргийн сайд А.Давутолу нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, үүний дотор 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, мөн ISAF-т оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, цаашдын оролцоо, дэмжлэг туслалцааны талаар санал солилцов.
Түүнчлэн сайд Л.Болд ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч К.Аштон, Азербайжаны Гадаад хэргийн сайд Э.Маммадяров, Норвегийн Гадаад хэргийн сайд Б.Брэнде нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид дээрхи уулзалтад оролцож, хоёр талын уулзалтуудыг хийсэн нь нэгдүгээрт, ISAF-ийн талаарх НАТО-гийн бодлого, стратеги болон тэдгэээрийн хэрэгжилттэй танилцах, хоёрдугаарт, НАТО-гийн цэргийн ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, өгч буй үнэлэлт, дүгнэлттэй танилцах, чиг хандлагыг тандах, гуравдугаарт, НАТО-гийн ажиллагаанд оролцож буй бусад орны бодлого, байр суурь, цаашдын оролцооны талаар мэдээллийг авах, дөрөвдүгээрт, олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсаас оруулж буй хувь нэмэр, Зэвсэгт хүчний оролцоог таниулах, байр сууриа илэрхийлэх ач холбогдолтой арга хэмжээ болов.