Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО өнгөрсөн сард Монголын ард түмний урлагийн сор бүтээл болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг дэлхийн баримтат өвд бүртгэснээ зарласан бол энэ удаад “Монгол уран бичлэг”-ийг соёлын биет бус өвийн жагсаалтад багтаалаа.

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 2-7 өдрүүдэд болж байгаа ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар монгол ард түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг Удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр тийнхүү санал нэгтэй баталсан байна. 

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурал өнгөрсөн 11 дүгээр сард Парис хотноо хуралдсан бөгөөд уг хуралд Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын даргын хувиар оролцсон юм. Энэ үеэрэ Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай уулзаж, монгол уран бичлэгийг соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг яаравчлахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан нь өнөөдөр үр дүнд хүрлээ. Энэ удаад яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад олон улсын 11 соёлын өв нэр дэвшсэнээс тивүүдийн төлөөлөл болох Монгол, Азербайжан, Гватщмал, Угандаа улсын өвийг жагсаалтад бүртгэжээ.

Монгол уран бичлэг нь манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн 5 дахь өв болж байгаа бөгөөд өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.

О.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж