
Хуралдааны төгсгөлд Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн байсан ч Засгийн газрыг төлөөлөн чуулганд мэдээлэл хийх албан тушаалтан буюу хуулийн газрын дарга нь гишүүдийн асуусан асуултанд тодорхой хариулт өгч чадахгүй байсан тул ийнхүү уг асуудлыг хойшлуулахаар боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “24 байнгын ажиллагаатай боомт байгуулагдсанаар орон тоо хэд болж нэмэгдэх вэ” гэх асуултад “ийм судалгаа хийгээгүй байгаа” гэсэн нь гишүүдийн бухимдлыг төрүүлж “Засгийн газраас оруулж ирж байгаа энэ төслийнхөө судалгааг хийчихээд УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэх ёстой” гэх горимын санал гаргахад хүргэсэн байна.
Ингээд энэхүү горимын саналыг дэмжих эсэх тухай санал хураалт явуулж нийт гишүүдийн олонх нь “Засгийн газрын хэрэг эрхлэх газар тооцоогоо хэзээ хийж дуусна тэр үед нь оруулж ирэх нь зүйтэй” гэх саналыг дэмжсэн байна.
Мөн чуулган өндөрлөхөөс өмнө УИХ-ын дарга Засгийн газраас 2013 онд хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах хуулийн төслийг эргүүлэн татан авч байгааг танилцуулсан юм.