Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Дэвид гэдэг хүү
байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн,
ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель
Дэвидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Хувийн хэргийг нь уншиж
эхлээд маш их гайхжээ. Учир нь 1-р ангийн багш нь “Дэвид маш ухаантай, сэргэлэн
цовоо, гэрийн даалгавараа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгөө эвтэй найртай”
гэжээ. Харин цааш нь 2-р ангийн багш нь “Маш сайн сурагч, гэвч ээжид нь хүнд
өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй”
гэсэн байв. 3-р ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш их хүнд туссан.Аав нь
нэг их анхаарал тавьдаггүй.Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх
нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө” гэж бичсэн байлаа. Харин 4-р ангийн багш
нь “Дэвид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямарч найз нөхөдгүй. Заримдаа хичээл
дээр унтдаг”.
Хатагтай Ричель Дэвидийн ямар хүүхэд байсныг мэджээ. Багш нарын баярын өдөр
сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг
бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Дэвид түүнд жирийн бор цаасанд
боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан
үнэртэй ус бэлэглэжээ. Дэвидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход
багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь өөртөө хэд хэд
шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Дэвид багшдаа “ Хатагтай Ричель,
та миний ээж шиг үнэртэж байна” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель
хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Дэвидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам
Дэвид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн
эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Дэвид нэг зурвас хавчуулсан байлаа.
Зурваст “ Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг
бичсэнээс хойш 6 жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад 6 жилийн дараа Дэвид
хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай
төгссөнөө мөн “Энэ дэлхийн хамгийн сайн багш бол та” гэж бичсээр байлаа. Дахиад
хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Дэвид нэг сайн бүсгүйтэй
танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний
талыг төлөөлж өгөхийг хүсээд мөн л “Та бол энэ дэлхийн хамгийн сайн багш”
гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Дэвид гэж
бичсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний
бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайрт
багшийгаа харсан Дэвид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд
тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, чин зүрхнээсээ баярладаг шүү
багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Дэвидэд “
Үгүй ээ, үгүй дээ хүү минь.. Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би
багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.