Хиам үйлдвэрлэдэг компаниудыг шалгав

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хиам үйлдвэрлэдэг компаниудыг шалгав

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын  Газрын  дэд даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлд үйлдвэрлэл эрхэлдэг 38 хиамны үйлдвэрийн 25 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд  өнгөрсөн сарын 19-нөөс энэ сарын 1-ний хооронд шалгалт хийжээ. Энэ жил зуд болсон болохоор үхсэн малын махаар хиам хийж болзошгүй гэж үзсэн шалгасан байна. Гэвч  үхсэн малын махаар хиам хийсэн тохиолдол илрээгүй гэдгийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын  улсын ахлах байцаагч Д.Хоролмаа онцлов. Харин шалгалтын явцад өөр олон зөрчил  илэрсэн аж. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хос гарьд”, “Бумбажамбал” ХХК-ийн ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын хувцас өмсдөггүй, угаалга, ариутгал, цэвэрлэгээний горим зөрчсөн, технологийн заавар, жор орцгүй, дотоод хяналт муу, тусгай тавиургүй агуулахад махаа  хадгалдаг байжээ. Түүнчлэн  мах худалдан авах тухай гэрээ хийгээгүй, орон нутгийн мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас олгосон мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй, бүртгэл хөтлөлт хангалтгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэдэггүй зэрэг  зөрчилтэй  байсан байна. Одоогоор дээрх зөрчлийг  80 хувийг нь арилгасан гэв. Мөн  тэрбээр “Хос гарьд” ХХК-ийн “Аянчин” хиам, “Бумбажамбал” ХХК-ийн “Зочин”, “Бум аялал” хиамны шошгон дээрх орцонд гахай, үхрийн мах гэж бичсэн хэрнээ адуу, ямааны махаар хиам хийэ байсан зөрчил арилаагүй хэвээр байгааг анхааруулав. Дээрх аж ахуйн нэгжүүдэд шошгон дээрх найрлагад заасан нэр төрөл бүрд тохирсон түүхий эд, махыг хэрэглэх эсвэл шинэ шошготой болгох хугацаатай албан шаардлага өгөхөөр шийдвэрлэсэн аж. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үлдэгдэл шошгыг хурааж устгалд оруулах цаашилбал тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон хэвлэл мэдээллээр зарлах болно гэж анхааруулжээ. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд 150-250 мянган төгрөгийн торгууль тавьсан аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж