Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Төр савраа тат

Хаана мөнгө үнэртэнэ, тэнд Засгийн газар явж  байдаг. Хаана худалдаа явагдана, түүний ард төр байж  байдаг. Ийм болохоор Монголд өрмийг нь төр, хусмыг нь иргэд долоодог юм шүү дээ. Худалдаачин, жолооч, хянагч, зохицуулагч, оёдолчин, алтчин, нүүрсчин гээд Монголын төр есөн шидийн ажил хийж байна.  Хийхгүй юм  алга, хийгээд гавьсан юм байхгүй.

Тэнд ч нүүрс ухаж, энд ч нүүрсээ зарж, мах, сүү, ногооны худалдагч хүртэл хийж байгаа төр бизнесийн салбараас савраа татах болоогүй юу. Ийм богинохон бодолтой, урт гартай төртэй байгаа цагт Монголын эдийн засаг томрохгүй. 

Монголын үе үеийн Засгийн газрын хамгийн том алдаа бол  бизнесийнхний ажилд хэтэрхий оролцдог, хушуу, хуруу хоёроо зэрэг дүрдэгт  байгаа юм. Уг нь төрийн хийх ёстой гол ажил бол хуулиа хэрэгжүүлж, бодлогоо зөв тодорхойлох. Татварын таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох. Тоглоомын дүрмээ ил тодоор зарлах ёстой. Ингэж чадвал Монголын төр толгой өвтгөсөн олон асуудлаасаа амархан сална.

Монголд бизнес эрхлэхэд үнэхээр хэцүү. Гадаадын хөрөнгө оруулагчдын хэлдэг нэг үг нь энэ. Дотоодын үйлдвэрлэгчид ч бизнесийн салбарт төрийн оролцоо хэрээс хэтэрч байгааг шүүмжилдэг. Харамсалтай нь төр хэзээ ч тэр алдаагаа засахыг оролдож байсангүй. Харин бизнес дэх төрийн оролцоо нэмэгдэж, Монголын бизнесийн салбарын гол тоглогч нь өнөөдөр Засгийн газар болчихоод байна. Засгийн газар бизнесийн бүх  салбарт савраа улам шигтгэж, чөлөөт зах зээлийн гол зорилго, мөн чанарыг үгүй хийж байгаа нь харамсалтай. Үнэ галзуурлаа, үнийн хөөсрөл газар авлаа гэж иргэд бухимддаг. Аргагүй шүү дээ, Засгийн газар шударга өрсөлдөөнийг хумиж, өөрийнхөө үнийг тогтоож байгаа хойно. Төр бизнесийн салбарт хэр оролцоно тэр хэрээр үнэ тэнгэрт хадаж буй нь амьдрал дээр нотлогдчихсон.

Гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний  бизнес эрхлэгчид гуравхан зүйлийг хүсч байгааг “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтынхаа үеэр төрийн тэргүүн онцолсон. Бизнесийнхэн тогтвортой, тэгш, тунгалаг эрх зүйн орчин хүсч байгааг, зохистой төлөвлөж болохуйц татварын орчин мөрөөдөж буйг тэрбээр дурдаад төр бизнест нь оролцдоггүй, хэрэгтэй үед нь тусалдаг, ашиг сонирхлын зөрчилгүй, өрсөлддөггүй  байхыг сануулсан юм.

Гэтэл өнөөдөр төр яаж байгааг хар. Бизнесийг чөдөрлөж, бизнесменүүдээ дарамталж мөнгө олдог төрийн албан хаагчид өдрөөс өдөрт олшрох болсон. Сарын сая төгрөг хүрэхгүй цалинтай хэрнээ татварынхан, мэргэжлийн хяналтынхан “Ланд” унаж, булган шубээр гангараад явж байгаа цаад орлогын эх үүсвэр нь юу вэ. Бизнес эрхлэгчдийг дарамтлах бүхэл бүтэн тогтолцоо Монголын төрд амь бөхтэй оршсоор байгаа. Эхлээд байцаагч нь, дараа нь дарга нь, түүнийх нь дараа бүр том дарга гээд хувийнхныг мөлждөг хамжлагын эзэд Монголын төрд олон байна. Тэгэхээр мэргэжлийн хяналтынхан, татварын байцаагчид, гааль, хууль хяналтынхан өнгөлөг, мөнгөлөг амьдардаг учир шалтгаан нь ердөө энэ шүү дээ. Тиймээс өнөөдөр төрд ажиллах нь мянга, мянган залуусын мөрөөдөл болчихсон. Төрийн аль нэг албанд орчихвол амархан хөлждөг гаж тогтолцоо тэнд бий болохоор тэр юм. Тийм ч болохоор Монголд төрөөс төрсөн тэрбумтан цөөнгүй. Авлигын хэрэгт холбогдоод байгаа Ч.Гансүх,Ч.Энхбат-ын хэргийг хар.

Монголын төр бизнесийнхнийг дэмжиж байна гээд мөнгө тараадаг. Мөнгө тараахдаа нам эвсэл, найз нөхөд, ах дүү амраг саднаа хамруулдаг. Ийм утгагүй, муухай тогтолцооны золиосыг энгийн иргэд амсдаг. Талхчинг татварынхан дээрэлхэнэ. Талхчин татварынханд өгсөн хахуулийнхаа мөнгийг талхныхаа үнэд шингээнэ. Эргээд энэ бүхнийг энгийн нэгэн худалдан авагч төлнө. Ийм болохоор Монголд үнийн хөөсрөл буурахгүй. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд өнгөрсөн жил гурван хувийн хүүтэй гурван их наяд төгрөгөөр бизнесийнхнийг дэмжсэн ч энэхүү хөтөлбөрт голдуу АН-ын угшилтай хүмүүсийн компани хамрагдсан гэх шүүмжлэл ч гарсан.

Төрийн оролцоо бизнесийн салбарт улам данхайж, хувийнхан хумигдахын хэрээр эдийн засагт олон, олон хүндрэл үүсдэг. Энэ байдлаас гарах гарц нь төр бизнесийн салбараас савраа татах. Гэхдээ УИХ, Засгийн газарт эдийн засаг, улс орноо гэх чин хүсэл байгаа бол шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж