
Энэ жилийн мах бэлтгэлд хардлага төрүүлсэн асуудлыг сөхье. Монголчууд угийн л махсаг түмэн болохоор мах, сүүнийхээ чанар, нийлүүлэлтийг сайн мэдэж, шүүмжилсээр ирсэн. Ирэх жил нийслэлд “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК нийт 12 мянган тонн нөөцийн мах, Дарханд 1000 тонн махыг “Дархан мийт фүүд” ХХК, Эрдэнэт хотод 1000 тонн махыг “Эрдмийт” ХХК бэлтгэн нийлүүлэхээр сонгогдсон. Ингээд нийт 14 мянган тонн нөөцийн махыг ирэх жил нийлүүлэх ажээ. Гэтэл энэ жил нөөцийн мах бэлтгэлийг дунд хугацаанд эхлүүлсэн ч санхүүжилт тасарч, арванхоёрдугаар сарын 25-наас худалдаанд гаргаж амжихааргүй боллоо гэсэн мэдээлэл тарсан юм. Энэ жил Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 87 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс 77 тэрбум төгрөгийг яг нөөцийн мах бүрдүүлэлтэд зориулах бөгөөд энэ хөрөнгө бүрэн шийдэгдсэн тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэлж буй. Компаниудад нийт 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн, санхүүжилт бэлэн байхад яагаад тасарсан гэж? Үүнийг албаны хүнээс асуухад, “Компаниудыг шууд махаа өөрсдөө бэлд, дараа нь зардлынхаа санхүүжилтийг аваарай гээгүй. Эхлээд Монголбанкнаас 20 хувийн санхүүжилтийг нь өгч байж, мах бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн учраас санхүүжилт тасарсан асуудал байхгүй. Гагцхүү компаниуд урьдчилгаа 20 хувийн санхүүжилтээрээ махаа бэлтгэж амжсан л бол бэлтгэсэн махныхаа сертификатыг үндэслэн үргэлжлүүлэн бэлтгэх махныхаа зардлыг арилжааны банкнаасаа аваад л явна” гэж хариулсан. Тэгэхээр урьдчилгаа төлбөрөө үр ашигтай зарцуулж чадсан компаниуд дараачийн санхүүжилтээ аваад ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

Иргэдийн махны хэрэглээнд юун сертификат яриад эхлэв гэж гайхах байх. Нөөцийн мах бэлтгэлийн компаниуд “Манайх тэдэн тонн мах бэлдчихсэн, одоо хураалгаастай байна. Дараа нь тэдэн тонн мах бэлтгэнэ. Тиймээс ийм хэмжээний санхүүжилт хэрэгтэй” гээд арилжааны банкинд хандах нь ямар ч баталгаагүй. Тиймээс нөөцийн махыг хэдий хэмжээгээр, чанартай бэлтгэж чадсан эсэхийг гэрчлэх сертификатыг авч байгаа юм. Үүгээрээ үргэлжлүүлэн бэлтгэх махныхаа зардал, санхүүжилтийг гаргуулах боломж бүрдэх ажээ. Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт хотуудын бэлтгэх нийт хоёр мянган тонн махыг 100 хувь бэлтгэсэн бөгөөд 86 хувийг нь серификатжуулжээ. Өөрөөр хэлбэл, Дархан, Эрдэнэтэд нөөцийн мах бүрдүүлэлтэд ямар ч асуудал үүсээгүй байна. Харин нийслэлд нийт 12 мянган тонн мах бэлтгэхээс одоогийн байдлаар 61.5 хувийг нь буюу 7382 тонн мах бэлтгэжээ. Үүний 60 хувийг сертификатжуулаад буй учраас ийнхүү удаашралтай байна, арванхоёрдугаар сарын 25-нд худалдаанд гаргаж амжих уу? гэж шүүмжлүүлж байна. Ямартай ч мах бэлтгэлийн компаниуд болон салбар яамныхан хугацаандаа амжина гэж амлаж байх юм.
Мах бэлтгэл дэх санхүүжилт гээд явцын асуудлуудыг ярих авч, эцсийн бүлэгтээ иргэдэд хэр чанартай махыг хэдэн төгрөгөөр худалдах вэ гэдэг асуудал хамгийн чухал. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адилаар тогтоох ажээ. Тухайлбал, нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдах бол бөөний үнэ нь үүнээс 250 төгрөгөөр бага байх юм байна.
Махны чанар, худалдах хэмжээний хувьд, хэрэглэгчдийн хүсэлтээр үхрийн махны жингийн таван хувь ямааны махны жингийн 10 хувиас доошгүй хэсгийг шулж, 0.5 кг-аар, үлдсэн 90 хувийг хувийг гулуузаар худалдах ажээ. Харин хонины махыг ямааны махтай андуурах тохиолдол байдаг учраас шулахгүй юм байна. Ингээд 0.5, 2, 3, 5 кг-аар ууталж болон гулуузаар худалдана. Худалдах цэгүүд одоогоор тодорхой бус бөгөөд энэ жил нэг онцлог бий гэж дууллаа. Нөөцийн махыг агуулахад хадгалж, савладаг учраас уут нь амархан задардаг. Тэгвэл махыг бэлтгэн, хуваах, дэлгүүр, худалдааны төвд хуваарилах явцад уутыг задруулахгүйн тулд сагсанд хийн зөөх ажээ. Ийнхүү нөөцийн мах оройтохгүй, давгүй чанартай гарах нь уу гэдгийг хүлээх л үлджээ.