Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжитнаймдугаар хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Хуралдаан энэ сарын 7-ныг хүртэл болох бөгөөд 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 157 гишүүн хуралдаж буй. Монголоос төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан болон албаныхан оролцож байна.

Хурлаас гарч буй хамгийн сайхан мэдээ бол өнөөдөр Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсныг албаныхан мэдээллээ. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”–ийг удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр ийнхүү өнөөдөр бүртгэжээ. Энэ үеэр  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “Монгол өв дэлхий дахинд танигдах боломж бий болж буйд шийдвэр гаргасан төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ өдийг хүртэл бидэнд эгнэгт энэ гайхамшигт  өвийг уламжилж авчирсан эрдэмтэн, мэргэд, их бичгийн хүмүүс, уран бүтээлчид болон холбоодод талархсанаа илэрхийлье. Монгол уран бичлэгийг хадгалж хамгаалан хөгжүүлэхэд төр засаг, иргэд, ард түмний хамтарсан нэгдмэл хүчээр ихийг хийх бөгөөд бид хойч үедээ уламжлан үлдээнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэж хэлжээ. Ийнхүү Монгол уран бичлэг ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэнээр манай улсаас тус жагсаалтад орж буй  тав дахь өв болж буй ажээ.

Түүнчлэн хуралдаанаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”өвийг хэлэлцэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж