“ТҮЦ машин”-ны үйлчилгээ шинээр нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

“ТҮЦ машин”-ны үйлчилгээ шинээр нэвтэрлээ

Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор ТҮЦ машиныг Улаанбаатар хотод байрлуулж эхлээд байсан билээ. Арванхорёдугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн шинэ Дарханд холбооны газар дээр, хуучин Дарханд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс дээр тус тус "ТҮЦ МАШИН”-ныг байрлуулж, нээлтээ хийж тус аймагт ашиглалтанд орууллаа. 

Иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон газраас буюу "ТҮЦ МАШИН”-аас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдолоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхамаар урагшилж байна.

"Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 74 ширхэг "ТҮЦ МАШИН”-ыг 2013-2014 онуудад байршуулна. Үүнээс 36 ширхэг нь Улаанбаатар хотод, 38 ширхэг нь аймгийн төвүүдэд суурилагдах юм. Ерөнхий сайдын 2013 оны багцаас 120 ширхэг "ТҮЦ  МАШИН” байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороонд 78 ширхэг, аймгийн төвүүдэд 42 ширхэг "ТҮЦ МАШИН” тус тус нэмэгдэж байршсанаар улсын хэмжээнд нийт 230 ширхэг "ТҮЦ МАШИН” иргэдэд үйлчилнэ. Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй юм.

"Төрийн үйлчилгээний цахим машин” буюу "ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч "ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломж бүрдлээ.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  • Санал хүсэлт, өргөдөл гомдол
  • Төрсөний бүртгэлийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Татварын Ерөнхий Газраас:

  • ААН-ын орлогын албан татварын лавлагаа
  • Хувь хүний орлогын албан татварын лавлагаа
  • Цахилгааны төлбөр

Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээ төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын лавлагаа, мэдээллийг хүргэнэ. 21 аймаг, дүүргүүдэд нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж