Гайхамшгаар дүүрэн “Аида” дуурь

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Гайхамшгаар дүүрэн “Аида” дуурь

Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил, 140 жилийн турш үзэгчдийг “алмайруулж” байсан Ж.Вердийн “Аида” дуурь Монголын тайзнаа амиллаа. Энэхүү гайхамшигт дуурийн нээлт бямба гаригт болсон юм.  “Энэ дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй. Тэд айдаг, зүрхшээдэг. Энэ дуурийг Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тавьснаар Монголын нэр хүнд өснө, өсөх ч ёстой” хэмээн УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн хэлж байсан юм. Бүтэн хоёр жилийн турш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан дуурийн нээлтийн ёслолд Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон дуучин Ж.Алтанцэцэг, А.Долгор, Д.Туяа, мисс Ч.Мичидмаа, Дашпэлжээ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров зэрэг олны танил хүмүүс ирж, түүхэн үйл явдлын гэрч болсон юм.

Танхимын гэрэл унтрахад танхимд суугаа үзэгчид амьсгаа даран, дор бүрнээ догдолж байв. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүг үзэгчид халуун алга ташилтаар угтлаа. Одоо л эхлэх нь. Цаанаа л нэг түгшүүртэй хөгжим эгшиглэхэд, хөгшиг нээгдэв. “Хөөх”….бүх үзэгчид нэгэн дуугаар ингэж уулга алдсан. Үнэхээр тансаг, үлгэрийн ертөнц шиг. УДБЭТ-т ирсэн үзэгчид бүгд Египет Мемфис дахь хааны ордонд хүрээд ирлээ. Ордны чулуун баримал, ханан дахь зураг үзэгчдийг алмайруулав. Энэ тайзыг театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын удирдлагаар театрын тайз, гэрлийнхэн бүтээжээ. Зураач Г.Ганбаатар өмнө нь хэлэхдээ “Египет гэхээр л том том уран баримал санаанд орж ирдэг. Тиймээс Дэлхийн алдартай, том театруудад тавьдаг тайз засалтын жишгээр биет баримлаар тайзыг хийсэн. Он удаан жилийн настай, нүсэр, их ажиллагаатай, тайз болсон”  хэмээн ярьж байсан. “Аида” дуурь дөрвөн бүлэг долоон үзэгдэлтэй. Бүлэг бүрт тайз өөрчлөгдөж, үзэгчдийг гайхашруулсан. Монголд хийж байгаагүй шинэ тайзыг театрынхан хийж чаджээ. Сүрдмээр бас бахархмаар. Харин хувцас загварыг Г.Оюун гаргаж, таетрын оёдолчид урлажээ. Яг л кино дээр гардаг шиг тансаг. Гайхашрал ингээд дуусаагүй ээ.

…Радамес дайнд ялалт байгуулжээ. Фива боомтын талбайд ялагчдыг угтаж байна. Яг энэ үед симфони найрал хөгжимчид ялалтын хүчирхэг, хөгжмийг эгшиглүүлнэ. Үзэгчид хүртэл өөрсдөө дайнд ялсан бардам сэтгэгдэл төрсөөр. Дайнд ялалт байгуулаад ирсэн дайчид ирж байна, тайзнаа бүргэд, морь, чоно хөтөлсөн баатрууд алхална. “Аида” дуурийн гайхамшиг амьтдаар үргэлжиллээ. Тэд үнэхээр жинхэнэ чоно, морь, бүргэдийг тайзнаа авчирчээ. Жагсаалын сүүлд Радамес морин тэрэгтэйгээ гарч ирэв. Сонгодог урлагийн энэ ариун тайзнаа циркийн амьтад гарч ирсэн нь үзэгчдийг Египтээс гарч чадахааргүйгээр гүн сэтгэгдэл рүү хөтлөв. Яг тухайн цаг үед Радаместэй хамт тулалдаж явсан мэт. Үзэгчид энэ үдэш цаг хугацааны машинаар аялж, Египетэд очоод байгаа нь энэ. Рамадес бол Египетийн хааны ордны хамгаалалтын дарга. Тэрбээр эфиоп боол бүсгүй Аидад сэтгэл алдарч, түүнийг чөлөөлөхийг үргэлж хүсдэг. Египет рүү Эфиопын цэргүүд дайрах гэж байгааг мэдсэн Радамес өөрийн дайчин баатруудын хамт дайнд мордож, ялаад ирж байгаа нь энэ. Рамадес олзны хүмүүсийг авчрахад Аидагийн аав Эфиопын хаан Амонасро байна. Гэвч тэр өөрийгөө хаан гэдгийг нууж, Эфиопын хаан дайны үед амь үрэгдсэн учир олзны хүмүүсийг өршөөж, суллахыг Эгипетийн хаанаас хүснэ. Хаан тэргүүн зайран Рамфисийн зөвлөснөөр олзны хүмүүсийг чөлөөлж, оронд нь Аидаг аавынх нь хамт барьцаанд үлдээв. Мөн энэ үеэр хаан өөрийн охин Амнерисийг дайнд ялалт байгуулаад ирсэн Радаместэй гэрлүүлэхээр шийдэв.

Гайхамшиг дуучдаар үргэлжлэв. ”Аида” дуурьд дуулна гэдэг нь дуурийн дуучин хүн бүрийн мөрөөдөл байдаг. Тэр дундаа тенорын хувьд. Тэр ч утгаараа гоцлол дуучныг сонгоход өрсөлдөөн их байсан гэсэн. Харин энэ үдэш А.П.Чепурнойгийн сонголт буруу байсангүй ээ. ОХУ-ын Ардын жүжигчин, Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной “Аида” дуурийг найруулан тавьж байгаа. Тиймээс дуучдыг энэ хүн сонгосон. Түүний сонголтоор Египетийн хаанд Ч.Чинзориг, Амнерис гүнжид Р.Доржхорол, Аидад С.Мөнгөнцэцэг, Радамес хааны ордны хамгаалалтын даргад  Ч.Түмэндэмбэрэл, Рамфис Сүмийн тэргүүн зайранд Б.Алтанхуяг, Амонасро Эфиопын хаан, Аидагийн эцэгт  Ц.Баттөр, элчийн дүрд Г.Шижирболд нар чадварлаг тоглож, үзэгчдийг эзэмдэв. Энэ дуурийг Ж.Верди найрал дуучдад тулгуурлаж бичсэн гэдэг. Тиймээс Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд болон УДБЭТ-ын найрал дуучид энэ үдшийн эзэд байсан. Сонирхуулахад тоглолт эхлэхийн өмнө монголчуудад энэхүү агуу бүтээлийг танилцуулсан А.П.Чепурнойг БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.

…Аида өшөөтөн дайсан Радамест дурлажээ. Тэрбээр Нил мөрний эрэг дээр Радамесийг хүлээнэ. Гэнэт Аидагийн эцэг Амонасро хүрч ирэн, охиноо эфиопчуудын, эх орныхоо төлөө Радамесээс Египтийн нууцыг хэлүүлж авахыг шаардана. Аида татгалзах боловч аавынхаа үгнээс зөрж чадсангүй. Радаместэй уулзахдаа Аида хамтдаа ордноос зугтахыг ятгаж, хилийн аль хэсэг нь хамгаалалтгүй байдгийг асууж шалгаана. Радамес нууцыг задалж, хилийн хамгаалалтгүй хэсгийг зааж өгөхөд гэнэт Амонасро нуугдсан газраасаа гарч ирнэ. Радамес  эх орноосоо урвасан мэт санагдаж, Амнерис, тэргүүн зайран Рамфис нарыг ирэхийг хараад Аидаг эцэгтэйгээ хамт зугтахыг шаардав. Аида аавынхаа хамт ордноос зугтаж, харин Радамес нууц задалж, эх орноосоо урваснаа хэлж, ордны доод нүхэн өрөөнд амьдаараа оршуулуулан цаазлах ялаар шийтгүүлэв. Амнерис хайртай залуу нь урвагч болсонд харамсч, өөрийг нь хайрлавал амийг нь өршөөнө гэхэд Радамес эсэргүүцэж ялыг сонсоно. Радамес ордны доод нүхэнд ганцаар “Дахиж би нарыг харахгүй нь ингээд би амьдаар бушлагдлаа” хэмээн дуулж байхад гэнэт Аида гарч ирэв. Аида сэтгэлт залуугаа ганцаар үхүүлэхийг хүссэнгүй. Түүнтэй хамт үхэхээр бунханд нууцаар нэвтэрч орсон байв. Тэд хамтдаа диваажинд очиж байгаагаар дуурь төгсдөг.

Симфони найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, тайзны арын албаныхан, захиргаа гээд театрынхандаа баяр хүргэе. Та бүхэн “Аида”-г хийж чадлаа. Энэ дуурийг тоглоход 85 сая төгрөг зарцуулсан гэсэн. Үнэхээр ч их мөнгө, хүч, хөдөлмөр шаардсан бүтээл болсон нь харагдаж байсан. Ирэх жил театрынхан “Аида” дууриа говь нутагт тоглох юм гэсэн. Бүр цаашилбал DVD хүртэл гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. А.Гисланцони, К.дю Локлийн цомнол, Ж.Вердийн хөгжим “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Ж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скалад, 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тус тус тоглож байсан бол 140 жилийнх нь ойд Монголын театрт ийнхүү тоглолоо. Гайхамшгаар дүүрэн “Аида” дуурийн ирэх сарын 4-нд дахин нэг удаа тоглоно гэдгийг сануулъя. Үзээгүй бол заавал үзээрэй.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж