300 асуулт, нэг ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

300 асуулт, нэг ерөнхийлөгч

Олон зүйл төлөвлөгөөний дагуу явсангүй. Энэ бол Төрийн ордонд өнгөрөгч бямба гаригт өрнөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтын эхний дүгнэлт боллоо.

Ерөнхийлөгчийн уулзалтад биечлэн оролцохыг хүссэн иргэд олон байсан тул анхны тооцоо өөрч­лөгджээ. Уулзалтын дийлэнх оролцогчдыг Төрийн ордны Их танхимд байлган, энд багтаагүйг нь өөр танхимд шууд дэлгэцээр дамжуулан сонсч болохоор зохион байгуулсан бөгөөд энэ өдөр 800 хол илүү хүн Төрийн ордонд нэвтэрснийг хамгаалалтын албаныхан хэлж байв. Мөн уул­залтыг гурван цагийн хугацаатай төлөвлөсөн ч асуулт тавих хүсэлтэй иргэд олон байсан тул сунгаж таван цаг болгов. Зөвхөн шуурхай мэдээ дамжуулахаар ирсэн телевизийнхний ч төлөвлөгөө өөрчлөгдөж уулзалтыг шууд дамжуулахаар болсон гэнэ. Төрийн ордонд хэн юу ярьж байгааг Eagle, МҮОНРТ, UBS, TV5 телевизүүд шууд нэвтрүүлэв. Мөн асуулт, асууж санал хэлэх хугацаа гурван минут байсныг хоёр болгов. Энэ бүх өөрчлөлтүүд илүү олон хүнд оролцох, үг хэлэх, сонсох боломж олгоход чиглэсэн байлаа.

Мэдээж энэ уулзалт уламжлал болон үргэл­жилж байгаа учир өмнөх жилийн санал, асуултад Ерөнхийлөгч хэрхэн хариулт өгч, асуудлыг нь шийдвэрлэсэн эсэх уулзалтад оролцогчдын сонирхох хамгийн эхний асуулт байсан биз.

Үүнийг нь мэдэж байсан болоод ч тэр үү Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга уулзалтын эхэнд “Өнгөрсөн 2010 оны уулзалтаар нийслэлийн иргэдээс нийтдээ 120 гаруй санал хүсэлт тавьсан. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нийслэлийн удирдлагуудтай хамтран тусгай төлөвлөгөө гарган ажиллаж 90 гаруй хувийг нь шийдвэрлэсэн” хэмээн тайлбар хийлээ.

Ерөнхийлөгч өөрийн байр суурийг зургаан үндсэн чиглэлээр илэрхийлсэн бөгөөд уулзалтад оролцогчдоос шууд асуусан болон бичгээр, захидал, цахим хэлбэрээр ирүүлсэн 300 гаруй асуултад хариулав.

Ерөнхийлөгч  шүүх эрх мэдлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх асуудлыг онцгойлон дурдаж, шударга ёс хэрэг­тэй байгааг өгүүллээ. Түүнчлэн бай­галь орчны өөрчлөлтөд дасан зохицох, бэлтгэлтэй байх, газар хөдлөлттэй холбоотой асуудал, утаатай тэмцэх, гадаад харилцаа, байгалийн баялгийг зохистой ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулав. Тэрбээр “Ерөнхий­лөгчөө нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаарай гэсэн ард түмний захиасыг би өглөө бүхэн санаж бос­дог. Хүн бүхэн, дарга бүр ингэж чад­вал Монголд шударга ёс тогтоно. Шудар­га ёсны хуулийн төслийг би жилийн өмнө санаачлан өргөн барьсан ч УИХ хэлэлцээгүй байна. Шүүхийн шинэчлэлийн төлөөх үндэсний чуулган сайхан болсон. Хүлээс нь тайлагдсан шүү. Хийх юм байна гэдгийг ч ойлгосон. Шүүхийг тойрсон таван том асуудлаар хуулийн төсөл боловсруулсан байгаа. Түүн дээрээ хүмүүсийн гаргасан саналуудыг тусган УИХ-д оруулах хэрэгтэй байна. Төслүүд дээр бид өдөр шөнөгүй ажиллаж байгаа” хэмээсэн юм.

Сэтгүүлчдийн Ерөнхийлөгчөөс асуу­чих юмсан гэсэн хэд хэдэн асуултыг иргэд асууж, хүлээлт үүсгээд байсан байр суурийг нь ил болгов. Тухайлбал, парламентад хоёр танхим хэрэгтэй эсэх тухай асуултад дараах байдлаар хариулав. Ерөнхийлөгч “Илүүдээд бай­гаа эрх мэдэл байгаа бол иргэддээ өг. Илүү танхим байгуулах хэрэг байхгүй. УИХ-ын гишүүдэд нэг тэрбум төгрөг хэрэггүй. Үүнийгээ орон нутагт өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гээд байгааг нь цаг нөхцөөх арга гэж харж байна. Харин үүний оронд ажлаа хий. Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болго. Төрийн албаны зөвлөлийг татан буулга. Төрийн албаны хуулийг өөрчил. Хэн нэгэнд зориулж шалгуур тогтоож тэр хүнээ сонгодгоо боль. Ашигт малтмалын хууль тойрсон маргаан, лицензийн асуудлыг өнөө маргаашгүй хэлэлц. Юуны чинь хоёр танхим, юун Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнийг улстөрчид сэтгэл хөдлөлөөрөө шийддэг зүйл биш” хэмээн тодорхой хариу барив.

“Нэг их мөнгө биш шүү дээ”. Энэ үг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөрийнх нь санаачлан УИХ-д оруулаад байгаа “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэт­гэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийн талаарх шүүмжлэлд өгсөн хариултын эхлэл байв. Их дээд сургуульд суралцаж буй оюутан бүрт 70 мянга орчим төгрөгийг олгох тухай уг хуулийн төсөл “дахиад л мөнгө тараах” нь гэх эсэргүүцлийг бий болгоод байгаа аж. Энэ талаар буюу хуулийн төслийг шүүмжилж буй, шүүмжлэх эсэхээ шийдээгүй бай­гаа хүмүүст хандаж “Амьжиргааны баталгаажих төвшний тал хувь буюу 70 мянган төгрөгийг л оюутнуудад өгье гэсэн юм. Манай оюутнууд үнэхээр хэцүү нөхцөлтэй байгаа шүү дээ. Мөнгөтэй оюутан сонголттой болдог, сонголттой оюутан чанартай боловсрол эзэмшдэг. Одоогоор дээд боловсролд зарцуулдаг хөрөнгө ДНБ-ний есөн хувьтай л тэнцэж байна. Гэтэл энэ хэмжээ АНУ-д 47 байдаг. Мөн Өмнөд Солонгост нэг оюутанд сар бүр 500 мянган вон өгч байна. Швед гээд бусад олон оронд оюутнуудад тусламж өгч байна. Мөн Монголд дээд боловсролын санхүүжилт сургалтын төлбөрөөс 80 хувиар хамаарч байдаг. Гэтэл гадаадын орнуудад 10 орчим хувьтай л байна. Оюутныг тэтгэлгээр дэмжсэнээр энэ бүхнийг ойртуулах болно” гэв.

Ерөнхийлөгчийн хариултын  төгс­гөлийн өгүүлбэр бүрийг алга ташилт гүйцээн дуусгаж байсан бөгөөд дээрх хоёр хариулт болон архинаас татгалзах тухай ярианы ардаас энэ алга ташилт илүү хүчтэй сонсдож байв.

Тэрээр мөн иргэдэддээ хандан хийж чадах зүйлсээ хийхийг уриалж, санал болгож байсны нэг нь архины хорын тухай байсан бөгөөд энэ талаар Ерөнхийлөгч бага зэрэг хошигносон байдалтайгаар ярьж, хүмүүсийг нэ­лээд хөгжөөгөөд авав. Ерөнхийлөгч “Авгайгаа “хар нүдэн” гэж дуудахгүй мөртлөө нөгөө муу архиа “хар нүдэн” гэж дуудаж байна шүү дээ. Архийг идээний дээж гэж байна. Гэтэл энэ чинь хамгийн адгийн зүйл. Эрүүл мэндийн төлөө гэж хундага тулгаж байгаа нь эрүүл мэндийг нь муутгадаг. Архигүй хурим, архи, тамхигүй үдэшлэгүүд олон болсоор байгааг та нар мэдэж байгаа байх. Тэнд оролцож буй хүмүүс эхэндээ “эвгүй юм” гэдэг ч  гарахдаа ямар сайхан юм бэ гэж хэлдэг. Намайг саяхан арваад аймгаар явахад нэг сайхан зүйл байлаа. Архигүй томилолт боллоо. Өмнө нь Засаг дарга нар хонины мах, архи бэлтгэчихсэн угтаад зогсч байдаг байсан. Энэ удаа харин “ганц шил юм задалчих уу” гэдгийгээ “Ерөнхийлөгчөө ганц шил юм өргөчих үү” гэж зөөллөн хэлж байна шүү. Тэгэхээр нь би “За наад юмаа далд хий. Дахиж гаргаж ирвэл хатуу ярина шүү” гэсэн. Гэтэл дараагийн очсон аймгуудад нэг нь ч архи гаргаж ирсэнгүй. Нөхдүүд хоорондоо утсаар холбогдож л дээ. Ер нь бид энэ хороос ойрын үед салах ёстой” гэв.

Эдгээр хариултаас илүү зүйлийг хүсч байсан хүмүүс ч энд олон байв. Тэд үг хэлэх ээлжээ хүлээн, Ерөнхийлөгчид асуулт тавих микрофонд ойрхон суух гэж хичээж байв. Хүүгээ цэр­гийн албанд алдчихсан, охидоо хороол­госон атал гэмт хэрэгтнүүд хуулиар хамгаалагдчихсан, ялгаварлан гадуурхагдсан, эд хөрөнгөө булаалгасан гэх учир зовлонгоо “аавдаа ховлох” боломжийг тэд алдахыг хүссэнгүй. Үг хэлэх иргэдийн дотор Малайзад бусдын гарт амь насаа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу байсан бөгөөд тэрээр Ерөнхийлөгчид хандан “Би хүний эрхийг хайгаад олохгүй байна. Үүнийг эрээд таван жил болж байна. Таван жилийн өмнө намайг Малайзад охиноо алдсан гэдгийг олон хүн мэдэж байгаа байх. Энэ хугацаанд хүний эрхийн байгууллагын хаалгыг олон удаа сахи­лаа. Гэвч хэн ч надад тусалсангүй. Тэр ч бүү хэл Монголын талаас бидний өмгөөлөх ёстой албан хаагчид эсрэг талд маань үйлчилж, мөнгө цохиж байгааг шударга ёс гэх үү. Би үүний төлөө дуугарах болно. Бүр илүү чанга дуугарах болно” гэж байв.

Ийнхүү өөрийн биеэр санал, асуул­таа 60 гаруй хүн тавьж амжсан бөгөөд “Ерөнхийлөгчөө та цоглог шүү” гэх магтаалаас эхлээд цалин тэтгэвэртэй, гэр орон сууцтай болгооч гэх хүсэлт, гэмт хэрэгтнүүдийг шийтгээд өгөөч гэх нэхэл, тэр ч бүү хэл Үндсэн хууль, олон улсын харилцааны асуудлыг ч хөндөөд авав.

Энэ удаагийн уулзалтад иргэдээс гадна УИХ-ын гишүүн Лу.Болд, Л.Ган­төмөр, Батж.Батбаяр нарын гишүүд оролцсон бөгөөд танхимаас гарч буй зарим саналыг тэмдэглэж авч байгаа нь харагдав. УИХ-ын гишүүдээс Ц.Шинэ­баяр микрофоны ард дугаарлан зогсох иргэдийн дунд байсан бөгөөд энэ удаад жирийн иргэний хувиар байр сууриа хэлэхийг хүссэн гэнэ. Тэрбээр “Ашигт малтмалын хуулийг УИХ, Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна. Энэ хуулийг баталснаас хойш хуулийг биелүүлэх нэг ч ажил хийсэнгүй. УИХ-ын 57-р тогтоолыг хэрэгжүүлж чадахгүй байгаад хэн хариуцлага хүлээх вэ. Хамгийн гол нь хэнд ч, хэзээ ч хариуцлага тооцохгүй байна. Засгийн газар гурван жил болоход хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Шударга байх нь чухал юм бол ажил дээр хэрэгжүүлэх ёстой.  Та ч гэсэн долдугаар сарын 1-ний талаар яагаад ярихаа больчихов. Та ч гэсэн мэдүүлэг өгөх ёстой биш үү. Ардчилал байхгүй болсны жишээ хүний эвлэлдэн нэгдэх, сонголт хийх эрх зөрчигдөж байгаагаас харагдаж байна. Манай намыг өнөөдрийг хүртэл бүртгэхгүй байна” гэв.

Ерөнхийлөгч эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсгэхээр ажил­лаж байгаа цаашид ч ингэж ажиллана гэж амлаад хүнийг шүүдэг биш гэм бурууг шүүдэг тогтолцоотой болгохын төлөө явж буйгаа хэлэв. 

Сүхбаатарын талбайд жагсч буй жагсаал хөдөлгөөнүүдийн шаардлагын талаар олон талаас нь харж үзэж буйгаа хэлсэн бөгөөд “Бид өмнө нь засаг төрийнхний эсрэг талбайдаа цуглан үзэл бодлоо илэрхийлж байсан. Гэхдээ цуглахдаа талбайгаа өөрсдөө хамгаалж, хогоо шүүрддэг, зохион байгуулалттай тодорхой цагт эхлээд, ёс журамтай тардаг байсан. Гэтэл одоо ийм байхаа болиод байна. Төр жагсагчдын шаард­лагыг ялгаж, салгаж сонсох хэрэгтэй. Шаардаж буй зүйлст үнэхээр нэн тулгамдаад буй асуудал ч байдаг. Зарим үед төр засгийг тараач гэж ч хэлмээр санагддаг. Гэвч энэ үед нэг л зүйл хүлээс болдог. Тэр нь ард түмний нийтлэг эрх ашиг. Эдгээр хүмүүсийг тараахаас илүүтэй дараа нь бүрэлдэх бүрэлдэхүүнийг бодолцох ёстой. Хам­гийн гол нь шударга шаардлага тавьсан бүхэн шударга байдаггүй” хэмээн багахан шүүмжлэл хавчуулан хариулав.

Иргэдийн асуултын нэлээд хувь Ерөнхийлөгч биш хотын удирд­ла­гууд руу чиглэж байсан бөгөөд Ерөнхий­лөгчийн хариулт ч тэдгээр удирдлагуудад даалгавар, чиглэл болж байв. Үүнд, Газрын албаны хүнд суртлыг багасгах, цэцэрлэг сургуульд хүүхдээ оруулахад төлдөг албан бус хураамжийг арилгах, утааг багасгах зэрэг байв. Ерөнхийлөгч “хотын даргаа, утаатай өвөл тэмцдэггүй юм. Утаатай зун тэмцдэг юм. Гишүүд ээ, тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг одоо л шийдэх хэрэгтэй. Сайд аа, би энэ зун долдугаар сард ажлыг нь эхлүүл гэдэг үүрэг өгсөн. Эхлэхгүй л байна. Утааны асуудал дээр хариуцлагын асуудал чухал. Албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуулийн төсөлд тусгаад өгсөн чинь УИХ хасаад баталчихаж байгаа юм. Утаа арилахгүй байгаа бол албан тушаалтнуудын хариуцлагын асуудал. Утааг арилгахад шаардлагатай мөнгийг УИХ баталж өгөх хэрэгтэй” гэв. Ерөнхийлөгч иргэдийн тавьж буй эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох газарт нь асуудал тавихаа амласнаар “шударга ёс, хариуцлага нэхсэн” энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

 Энэ уулзалтаас харагдсан хамгийн гол дүр зураг бол Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд иргэд сонгог­чид тийм ч сэтгэл хангалуун бус байгаа явдал байв. Мөн парламентад сөрөг хүчин байхгүй нь иргэдэд эрх баригчдын өмнө хүч мөхөсдсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг бололтой. Энэ нөхцөлд түүний үүрэг оролцоо үнэхээр ач холбогдолтойг Ерөнхийлөгч маань мэдэрч, иргэддээ ард түмэндээ халуун дулаан итгэл бэлэглэв. Дараагийн уулзалт жилийн дараа болно.

 
Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж